Хоёр Солонгосын хилийн зурвас дахь шууд холбооны шугамыг Хойд Солонгосын тал өнөөдөр /2017.01.03/ 15.30 цагт нээлээ.
БНСУ-ын талаас Хойд Солонгосын тамирчдыг Пёнчаны өвлийн наадамд оролцуулах асуудлаарх дээд түвшний яриа, хэлэлцээг нэгдүгээр сарын 9-нд товлох хүсэлт тавьсны дараа ийнхүү Умардын зүгээс шууд холбоог дахин ажиллуулж эхэлсэн нь энэ юм.
Хойд Солонгосын төлөөлөгч 15.30 цагт шугам нээгдмэгц холбогдож, талууд товчхон яриа хийсэн тухай БНСУ-ын Нэгдлийн яамнаас мэдэгдсэн байна. Талууд шууд холбооны шугам болон факсын төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгажээ. Утсаар холбогдсон товч ярианы талаар албаны хүмүүс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Солонгосын хойгийн цэрэггүй бүс болох Панмунжом тосгонд суурилуулсан шууд холбоо болон цэргийн холбооны шугамыг Хойд Солонгосын тал 2016 оны хоёрдугаар сард тасалсан юм. Пак Гын Хэгийн захиргааны үед Сөүл хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг зогсоосны хариуд Пхеньян дээрх арга хэмжээг авсан билээ.
С.ЦЭЛМЭГ