Тайванийн Дээд шүүхээс шүдний эмч эрийг өөрийг нь өгсөн хүмүүжүүлж, мэргэжил эзэмшихэд нь санхүүгийн туслалцаа үзүүлсэн тул ээждээ нэг сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг үүрэгджээ.
Тэрбээр 1997 онд 20 настайдаа ээжтэйгээ гэрээ байгуулж, хоёул гарын үсэг зурж, баталгаажуулжээ. Гэрээнд хүү сургуулиа амжилттай дүүргэж, ажил төрөлтэй болсон цагтаа сар бүр орлогынхоо 60 хувийг ээждээ эргүүлэн төлөхөөр тусгасан байна.
Гэвч сүүлийн хэдэн жил хүү нь нөхөн төлбөр төлөхөөс татгалзах болсон тул ээж нь шүүхэд гомдол гаргажээ. Хүү нь шүүх танхимд хүүхдээ өсгөж, хүмүүжүүлснийхээ төлөө нөхөн төлбөр шаардах нь утгагүй хэрэг гэж мэдүүлсэн ч шүүх гэрээг хүчин төгөлдөр хэмээн үзэж, шийдвэрээ гаргасан байна. Улмаар хүү нь ээждээ өнгөрсөн хугацааны нөхөн төлбөрийг хүүгийн хамт барагдуулах ёстой болжээ.
Луо овогт эмэгтэй хоёр хүүтэй. Нөхрөөсөө салсны дараа өөрөө уйгагүй хөдөлмөрлөж, хоёр хүүгээ өсгөсөн гэнэ. Тэрбээр шүүх танхимд мэдүүлэг өгөхдөө хоёр хүүгээ хүний зэрэгт хүргэх гэж ихээхэн цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулсан, эцэстээ өтөлсөн хойно асарч, тэтгэхээс цааргалах вий гэж эмээсэндээ гэрээ байгуулсан гэжээ.
Луо эмэгтэй хоёр хүүтэйгээ хоёулантай нь гэрээ байгуулсан аж. Хожим ууган хүү нь ээжтэйгээ тохиролцож, гэрээнд тусгасан хувь хэмжээгээ багасгажээ. Харин бага хүү нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, сар бүр ээждээ нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан байна.
С.ЦЭЛМЭГ