Согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулж байна

Согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулж байна

Монгол Улсад согтуурлын хэмжээг тодорхойлох хэмжих хэрэгслийн нэгж дамжуулалтын тогтолцоог бүрдүүлэх, баталгаатай амьсгалын анализерийн эталон бий болгохоор Стандартчилал, хэмжил зүйн газраас чиг үүргийн дагуу зорилго тавьж ажилласан юм. Энэ ажлын үр дүнд эхний ээлжид согтуурлын түвшин тогтоох хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах зориулалт бүхий ХБНГУ-ын Draeger Safety Diagnostics компанийн ALCOTEST CU34 and MARK IIA эталон төхөөрөмжийг 2013 оны эцсээр захиалан авсан бөгөөд уг эталон төхөөрөмж нь тодорхой концентрацитай эталон уусмал, бусад дагалдах төхөөрөмжөөс бүрдэж байна. Согтуурлын түвшин тогтоох хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах зориулалт бүхий ALCOTEST CU34 and MARK IIA эталоныг ажиллагаанд оруулж ажилласнаар улсын хэмжээнд эрх зүйн хүрээнд ашиглаж байгаа, загварыг баталж, улсын бүртгэлд бүртгэсэн, согтуурлын түвшин тогтоох хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлээд байна. 

Монгол Улсын хууль хяналт, хүчний байгууллагууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, түүнд холбогдсон, жолоо барьсан, зам тээврийн осол гаргасан этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудад үндэслэн захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна. Статистик мэдээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь жил бүр өсөн нэмэгдэж байна. Сүүлийн 5 жилийн дунджаар жилд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26159 зөрчил илрүүлж байсан бол 2012-2013 онд 63000 гаруй зөрчил илрүүлж байсан тоо баримт байдаг.

Замын цагдаагийн газар нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхэд байнга хяналт тавин ажиллаж, согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг илрүүлэн согтуурлын хэмжээг тогтоосноор улс, нийгэм, иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, эд хөрөнгөд учирч болох хор хохирлоос урьдчилан сэргийлж, таслан зогсоох үүргийг гүйцэтгэдэг бөгөөд энэ ажиллагаанд нь согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгсэл зайлшгүй шаардлагатай байдаг. 

Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ-д үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэсэн эсэхийн түвшинг тогтоогч хэмжих хэрэгслийг ашиглаж байгаа боловч тэдгээрийн зарим нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тодорхойлох зориулалт бүхий тандалтын, нөгөө хэсэг нь нь эрх зүйн дүгнэлт гаргахад ашигладаг хэмжих хэрэгслүүд байдаг бөгөөд эталон тоног төхөөрөмжгүйн улмаас шалгалт тохируулга, баталгаажуулалтад хамрагдаагүй байсан юм. Энэ талаар шаталсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр шинээр согтуурлын түвшин тогтоох хэмжих хэрэгслийг анх удаа Стандартчилал хэмжил зүйн газар шалгаж баталгаажуулж эхлээд байна.

Эх сурвалж: НМХГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж