"Нүүлгэх ажлыг эсэргүүцэж, өөрийгөө шатаана гэсэн"

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

"Нүүлгэх ажлыг эсэргүүцэж, өөрийгөө шатаана гэсэн"

"Нүүлгэх ажлыг эсэргүүцэж, өөрийгөө шатаана гэсэн"

Нийслэлийн Баянгол дүүрэг Төмөр замын хажууд байрлах “1000 машины зогсоол” захыг нүүлгэх шийдвэр гарсан. Энэ газрыг  өнөөдөр /2018.01.03/ 08:00 цагаас эхлэн  албадан чөлөөлж эхэлжээ.  Манай сурвалжлах багийг үдээс өмнө очиход 100 гаруй цагдаагийн албан хаагчид 20 гаруй ачигч машинууд байсан юм. Харин  цөөн тооны хэдхэн машин үлдэж талбайн ихэнх хэсэг цайрч харагдаж байлаа. Албадан чөлөөлж байгааг эсэргүүцэж, машинаа ачуулахгүй гээд дотроос нь гарч ирэхгүй сууж байсан хүн ч харагдсан юм.

Энэхүү талбайд 300 орчим худалдаачид үйл ажиллагаа эрхэлж,  авто машинаа худалдан борлуулдаг байжээ. Худалдаа эрхлэгчид талбайн түрээсийг улирлаар нь төлдөг байсан ба   машины нэг өдрийн түрээс  2200 төгрөгөөр тооцон төлдөг. Худалдаа эрхлэгч нэг хүн дор хаяж 5-6 машины түрээс төлдөг байжээ. Тус захад нийт 700 гаруй авто машиныг худалдан борлуулахаар байршуулсан байсан ч өнөөдрөөс газрыг чөлөөллөө.  

Газар чөлөөлөлтийг албадан хийх үед цагдаа, худалдаачид нарын дунд маргаан болсон. Тухайн үед юу болж өнгөрсөн талаар бид талуудын байр суурийг сонслоо. 

Бид нар ядаж хавар болтол хойшлуулаад өгөөч гэж гуйсан

Худалдаа эрхлэгч Б.Баттөр-Та өглөө хэдэн цагт энд ирсэн бэ ?

-Ачилтын машин ирээд танай машиныг чинь ачих гэж байна гэж  утсаар найз маань залгаж хэлсэн. Би 8:40 минутын үед  энд ирэхэд цагдаа нар, ачилтын машинууд ирсэн байсан. Авто захын гаднах талбайн хашааг энд тэнд нь онгойлгоод ороод ирсэн харагдсан. Тэгж байтал юу, юугүй бужигнаад л явсан. 

-Хэзээнээс эхэлж  энд  худалдаа эрхлэх болов?

-Би 2011 оноос эхэлж энд зогссон. 2011 оноос хойш  өөрийнхөө  ажилтай ойрхон гээд гэр, хүүхдийн сургууль,  цэцэрлэг гэхчлэн  бүх газрыг төмөр зам хавиар төвлөрүүлсэн байсан. Энэ газраас нүүгээд  22-ын товчооны урд байрлах  авто худалдааны цогцолбор луу нүүнэ гэхээр болохгүй зүйл байхгүй л дээ. Гэхдээ хүүхдээ сургууль, цэцэрлэгт  зөөнө гэх мэтчилэн амьдрал ахуйгаа зохицуулна  гэхээр бас хэцүү юм даа. 

-Энэ зогсоолыг тохижуулахад худалдаа эрхлэгчид  өөрсдөөсөө мөнгө гаргасан гэж байсан. Та хэдэн төгрөг гаргасан бэ?

-Нэг машины зогсоолыг 300 мянган төгрөг гаргаж цементэлсэн.  Би долоо машины зогсоол тохижуулсан гэхээр  хоёр сая гаруй төгрөг гаргасан.

-Авто захаас гаргасан машинуудаа  хаана аваачиж байгаа вэ ?

-Одоохондоо гэрийнхээ гадаа аваачаад түр тавьж байна. Нэг шийдэлд хүрэх л байх  даа.

-Цаашид авто худалдааны цогцолборт машинаа  зарах боломжтой юу ?

-Уг нь хоёр жилийн өмнө авто худалдааны төвийг хотоос гаргана гэсэн шийдвэр гарч байсан. Хамгийн гол нь бид нар яагаад дургүйцэж энд үлдсэн бэ гэхээр нэг машины цементэн зогсоолыг дөрвөн сая  төгрөгөөр зарна гэсэн.  Бид нар мэдээж ганц машин тавихгүй шүү дээ. Дор хаяж тав зургаан машин тавина. Үүнд л бид нар дургүйцсэн

-Авто худалдааны цогцолборт  машинаа тавья гэвэл  одоогоор үнэ ханш нь  дөрвөн сая төгрөг хэвээрээ байгаа юу ?

-Одоо бол больсон юм шиг байна лээ. 2000 төгрөгөөр түрээслээд зогсоно гэж манай найз ярьж байсан. Хотоос гараад ажиллана гэхээр амьдралын хэв маяг бүгд өөрчлөгдөх нь дээ.  Хамгийн гол нь цэвэрлэх байгууламжийн үнэр  ихтэй, бас  их хүйтэн байдаг. Бид нар уг нь ядаж хавар болтол хойшлуулаад өгөөч гэж  гуйсан, харамсалтай нь хүлээж аваагүй.

"Даяар Хас" компани дээр нэг ч газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй

Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун

Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун ‘Галт тэрэгний төв буудал буюу вокзалын баруун талд байрлах энэхүү талбайд  “Даяар Хас”  компани газрын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж иргэдийн машин тэргийг тавьж, худалдан борлуулах ажиллагаа эрхэлдэг байсан. Бид “Даяар Хас” компанид удаа дараалан  шаардлага хүргүүлсэн. Энэхүү компанид бусдын эзэмшил ашиглах газар дээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа дөрөв, таван жил худалдаа  эрхэлсэн гэх асуудал үүсэж  байгаа юм. “Даяар Хас”  компани дээр нэг ч газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй шүү дээ. Энэ талбайг Төмөр  замын нэр дээр эзэмших эрх нь байдаг юм’ гэв.

Энэ талбайд төмөр замын шинэ вокзал барина

Хуулийн зөвлөх О.Баясгалан “Энэхүү  талбайг  албадан чөлөөлөх  шийдвэр хуулийн хүрээнд хүчин төгөлдөр байна. Бид –“Даяар Хас” компанийн захирал О.Мөнх-Эрдэнэд удаа дараалан мэдэгдэл хүргүүлсэн. Энд үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд ч мэдээлэл өгсөн. Ингээд үр дүнд хүрэхгүй байсан учир нийслэлийн засаг даргын зүгээс албадан чөлөөлөх  захирамж гарсан. Одоогийн байдлаар иргэд  худалдааны төвийг чөлөөлж, авто машинуудаа авч явж байна.  Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө 300  мянган хүн амд тохируулан хот төлөвлөлт буюу төмөр замын вокзалыг барьсан байдаг. Одоо Улаанбаатар хот 1.3 сая хүнтэй.  Үнэндээ вокзал ачааллаа дийлэхгүй байна шүү дээ. Вокзалыг шинэчлэн барихгүй бол иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах хэмжээний вокзал хангалтгүй байна. Энэхүү талбайд төмөр замын шинэ вокзал барихаар барилгын зураг төсөл хүртэл гарсан байгаа. Бид нарын үйл ажиллагааг саатуулж, сунжирсаар өдийг хүрлээ.

-Зарим нэг жолооч нарын зүгээс зүүн талд залгаа байгаа цэнхэр хашааг буулгахгүй байна гэдэг гомдлыг хэлж байна шүү дээ ?

-Бид Нийслэлийн засаг даргын зүгээс олгосон захирамжид заасан газар дээрээ бүрэн эрхтэй байгаа. Зүүн талд залгаа байгаа цэнхэр хашааг яагаад буулгахгүй байгааг зураг төсөл гаргасан барилгын компанийн мэдэх асуудал байна даа гэсэн юм.

Төмөр замын цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах газрын дарга Б.Гүнчин-Иш “Өглөөнөөс эхлэн машинаа аваад гарах гэж байгаа иргэдэд саад учруулан, гарахыг нь хориглож машин хааж тавьсан тохиолдол гарсан.

Мөн ‘Даяар Хас’ компанийн захирал О.Мөнх-Эрдэнэ өөрийгөө шатаана хэмээн албадан чөлөөлөх үйл ажиллагаанд саад болсон. Үүнээс бусдаар бол асуудал гарсангүй. Иргэд төрийн шийдвэрийг хүндэтгээд өөрсдөө машинаа аваад гарч байна” гэж байлаа.

Уг талбайд худалдаа эрхлэгчдийг авто машинуудаа өнөөдрийн 18:00 цаг хүртэл шилжүүлэн зөөвөрлөх хугацаа өгчээ. Хэрвээ заасан хугацаанаас хойш зогсоолд автомашин үлдсэн тохиолдолд тусгай зориулалтын машинуудаар зөөж талбайг чөлөөлнө гэдгийг иргэд аж ахуйн нэгжид мэдэгдээд байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж