У.Хүрэлсүх: Утаагаар улс төр хийгээд байна

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Утаагаар улс төр хийгээд байна

У.Хүрэлсүх: Утаагаар улс төр хийгээд байна

Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2018.01.03/ Төрийн ордонд хуралдлаа.

Ингэхдээ өргөтгөсөн хуралдаан хийж, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх гэрийн дулаалга, утаа бага гаргадаг нүүрс, цахилгаанаар халдаг халаалтын систем үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Ажлын хэсгийн зүгээс утааны асуудал хэлэлцэхээс илүү ямар нэг шийдэл гаргах хэрэгтэй гэдгийг онцолж байсан юм. Утааг бууруулахын тулд эдийн засагт хүндрэл учруулахгүйгээр утааг бууруулах гарц хайх шаардлагатай гэлээ. Энэ үеэр халаалт, дулаалга, утаа бага гаргадаг нүүрс зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэнг Төрийн ордонд үзэсгэлэн гаргаж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар танилцсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

-Агаарын бохирдлын талаар олон жил ярьж байна. Үүнээс гарах хамгийн зөв гарц юу байх вэ?

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг хэлэлцэнэ. Хуралдаанаар бүх сайд нар утааны эсрэг хийж, хэрэгжүүлж болох ажлуудыг ярилцана.

Өнөөдрийн үзэсгэлэнд 50 гаруй компани 45 аж ахуй нэгж ирж оролцож шийдлээ танилцуулж байна. Бидэнд хүндрэл бэрхшээлтэй ганц асуудал бол утааны асуудал. Хөрөнгө санхүүгийн асуудлаа бас шийдвэрлэх ёстой. Гол нь айлууд гэр, орноо дулаалах асуудалд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Ингэж чадвал гал бага түлнэ. Гэхдээ дунджаар дулаалгад шаардлагатай 5-6 сая төгрөгийг мэдээж иргэд тэр бүр гаргах боломжгүй. Иргэдийн зүгээс олон шийдэл санаа гаргаж байна. Тухайлбал, хонины нэхийгээр гэрээ дулаалах аргыг бас танилцууллаа. Мөн түүхий нүүрс шатаахгүй байх тал дээр анхаарах. Засгийн газрын хуралдаанаар утааны асуудалд хэрхэх вэ гэдгээ ярилцах болно. Утааны эсрэг ажлуудад Нийслэлийн засаг дарга мөн ирж оролцлоо.

-Ажлын хэсгийн хуралдаан дээр 200 орчим тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч үр дүн бага байгааг шүүмжилсэн. Утаа улс төрчдийн гол сэдэв болсон. Хариуцлагын асуудлыг ярих ёстой гэдгийг ч бас хөндөж байна?

-Утаагаар улс төр хийгээд байна. Утааны асуудлыг төр засаг нь анхаарах нь чухал. Айл өрх, аж ахуй нэгж, төр засгийн түвшинд аль аль талдаа анхаарцгаая. Бүх ажил буруудсан гэж хэлж болохгүй байх. Алдаж, оносон ажил байгаа гэж бодож байна. Утааг тодорхой хэмжээнд багасгахын төлөө энэ мөнгөнөөс зарцуулагдсан гэж ойлгож байгаа. Гэхдээ жил бүр утаа гаргадаг яндангийн тоо нэмэгдэж байгаа нь үнэн. Улаанбаатараа утаанаас салгах ажилд бүгдээрээ л хичээж ажиллацгаая.

-Шинжлэх ухааны академиас халаалтаар дулааныг шийдэхээр бол V Дулааны цахилгаан станцыг барих шаардлагатай, одоогийн нөөцөөр гэр хорооллын бүх айлыг цахилгаанаар хангах хүчин чадал нь хүрэхгүй гэж байгаа. Тэгэхээр V цахилгаан станцын асуудлыг шийдэх шийдэх үү?

Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар шинэ цахилгаан станц барихаас илүүтэй одоогийн III болон IV цахилгаан станцыг өргөтгөх нь ач холбогдолтой гэж үзээд байгаа.

Нийслэлийн засаг дарга С.Батболд

-Агаарын бохирдолтой тэмцэх нэг шийдэл бол иргэдийг орон сууцжуулах.Тэгэхээр нийслэлийн зүгээс энэ хүрээнд ямар ажлуудыг хийх вэ. Ялангуяа байрны урьдчилгаагаа төлөөд орон сууцанд орох боломжтой иргэд цөөн байна шүү дээ?

Засгийн газрын хуралдаан дээр агаарын бохирдолтой тэмцэхийн тулд ямар арга замууд байна вэ гэдгийг танилцуулж, мэдээлэл хийнэ. Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачдын гаргасан саналууд дунд хамгийн гол нь гэр орноо иргэд сайн дулаалах, дараа нь ямар халаалтын хэрэгсэл сонгох вэ, түлшний асуудал, цахилгааны арга хэмжээ гэсэн дөрвөн аргыг хэлсэн. Нийслэлээс хэрэгжүүлж буй ажлын тухайд бол бодитойгоор яндангийн тоог бууруулах асуудлыг л яриад байгаа. Нийслэлд газар чөлөөлж 5000 орчим айлыг орон сууцанд оруулсан байна. 5000 айлын 1008 айл нь яндангаа хураалгаад орон сууцанд орсон байгаа юм. Тэгэхээр сүүлийн жилүүдэд газар чөлөөлж орон сууцанд оруулах ажлыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй. Айл газрынхаа оронд орон сууцанд ороод, яндангаа хураалгаад 30 хувийн урьдчилгаагаа өгөөд орон сууцанд ордог байх ёстой. Энэ ажлыг үргэлжлүүлэх тухай яригдаж байгаа.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг нарийн ярина. Бүсчлээд хийгдэх ажлуудаа ярих нь зүйтэй юм. 2020 он гэхэд ёсоороо утааг 80-85 хувиар бууруулах ямар боломжууд байгааг хэлэлцэх болно. УИХ-аас мөн ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Зохион байгуулалтыг сайжруулаад нэг гарт зангидаж чадвал илүү үр дүнтэй болно гэж харж байгаа.

-Энэ онд 10 тэрбум төгрөгийг орон сууцны урьдчилгаанд санд байршуулна гэж байсан шүү дээ?

-Нийслэлээс энэ онд 10 тэрбум төгрөгийг орон сууцны урьдчилгааны санхүүжилт болоод түрээсийн орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 70 сая ам.долларын санхүүжилтийн асуудал мөн шаардлагатай байгаа. Үүнийг БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх боломжийг судалж байна.

УИХ-ын дарга М.Энхболд

-Агаарын бохирдлыг бууруулах гол гарц нь юу вэ?

-Утааны асуудал бидний анхаарлыг хамгийн их татсан асуудал болж байна. Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутгийн төв газруудад утааны асуудал сүүлийн жилүүдэд анхаарал татаж байна. Гаргасан шийдвэр, зарцуулсан хөрөнгө асар их байгаа боловч тодорхой үр дүн мэдэгдэхгүй, утааны хэмжээ багасахгүй, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн хэвээрээ байгаад иргэд бухимдаж байна. Үүн дээр УИХ, Засгийн газар тодорхой шийдлүүд гаргаж ажиллах ёстой.

Өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аас Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдлаа. Маргаашнаас эхлээд 6-7 хоногийн хугацаанд ажлын хэсгийн гишүүд гэр хорооллын айл өрх, үйлчилгээний байгууллагуудаар орж ажиллахаар болж байна. Ер нь утааны асуудлыг шийдвэрлэхэд хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах. Орон сууцжуулах ажлаа эрчимжүүлэхийн зэрэгцээ түүнээс өмнө ямар арга хэмжээ авах вэ гэдэг тодорхой нэг шийдэл дээр тогтмоор байгаа юм.

Засгийн газар, хотын удирдлага гарч ирээд яригдаж байсан зүйлийг өөрчлөөд дахин нэг шинэ зүйл эхлүүлээд байсан учраас үр дүн гарсангүй. Сүүлийн 10-аад жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. УИХ-ын ажлын хэсэг өмнө нь гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг дүгнэнэ.

Хоёрдугаарт, Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Тэр чиглэлийн дагуу Засгийн газар судалгаа хийж олон шийдлийн аль нь илүү үр дүнтэй, төсөв мөнгөний хэмнэлттэй болохыг тодорхойлж, тогтох нь чухал байна. Гэхдээ урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдтэйгээ харшлахгүй байх хувилбарыг сонгох хэрэгтэй. Ер нь нийтээрээ хөдөлж байж, хууль эрх зүйн орчноо шинэчилж байж энэ бүхний ард гарах ёстой гэж бодож байгаа.

-Хууль эрх зүйн орчныг яаж шинэчлэх юм бэ?

-Утааг бий болгож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй. Гэхдээ хариуцлага ярихаасаа өмнө асуудлаа шийдэх боломж бололцоог нь төр засгаас хангаж өгөх ёстой. Тухайлбал, ажлын хэсгээс гаргаж байгаа саналаар бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, тэдгээрийг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх санал орж ирсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахыг хүлээхгүйгээр татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Маргааш хоёр Байнгын хороо хамтарч хуралдаад энэ асуудлыг хэлэлцэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж