Ажилгүйдэл, ядуурлаас амиа хорлолт ихэссэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Ажилгүйдэл, ядуурлаас амиа хорлолт ихэссэн үү?

Ажилгүйдэл, ядуурлаас амиа хорлолт ихэссэн үү?

Монголын нийгэмд чимээгүй тархсан амиа хорлолтын шалтгааны талаар бид энэ удаа өгүүлж байна.

Улсын хэмжээнд 2012-2016 оны хооронд 2055 хүн буюу жилд дунджаар 411 хүн амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ. Хүйсийн харьцааны хувьд нийт тохиолдлын 1729 нь эрэгтэй, 326 нь эмэгтэй байна. Үүнээс үзвэл эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их байна. Тэр тусмаа 29 хүртэлх насныхан дунд амиа хорлолт жил бүр өсөх хандлагатай байгаа аж

Эмч, сэтгэл зүйчдийн тайлбарласнаар амиа хорлолт нь 15-34 насны залуучуудын нас баралтын гол шалтгаан болж байна гэдгийг ярилаа. 

МОНГОЛ УЛС АМИА ХОРЛОЛТООР ДЭЛХИЙД ГУРАВДУГААРТ БИЧИГДЭЖ БАЙНА

АШУҮИС-ийн багш, СЭМҮТ-ийн эмч докторант Р.Энхтүвшинтэй амиа хорлолтын шалтгааны талаар цөөн хором ярилцлаа. 

-Сүүлийн жилүүдэд амиа хорлолт нэмэгдэх хандлагатай болсон талаар танай судалгаанд дурджээ? 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас гаргасан нас баралтын индексийн жагсаалтад амиа хорлолт 12-т эрэмбэлэгдсэн. Монгол улсад хийгдсэн судалгаагаар нас баралтын шалтгааны зургадугаарт амиа хорлолт эрэмбэлэгдсэн байгаа юм. Эрдэмтдийн судалснаар дэлхий нийтэд амиа хорлолтод 15-34 насны залуучууд ихэвчлэн өртдөг гэж дүгнэжээ. Харин манай улсад идэр залуу насны залуучуудын нас баралтын номер нэг шалтгаан нь амиа хорлолт болчихсон гэхэд хилсдэхгүй.

2017 онд ДЭМБ-аас амиа егүүтгэлээр дэлхийд тэргүүлэгч орныг нэрлэсэн. Тус үзүүлэлтээр Монгол улс гуравдугаарт бичигдсэн байгаа юм. Энэ судалгааг хүн амд ногдох тоонд суурилан гаргасан бөгөөд сүүлийн 10-аад жилд амиа хорлолтоор Япон, Беларус, Латви улс дэлхийд тэргүүлдэг байсан. Гэтэл Монгол улс гуравдугаарт бичигдэх болсон нь тун харамсалтай. Манай улс шиг цөөхөн хүн амтай бүс нутагт амиа хорлолт үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэдгийг судалгаанаас харж болно. Мөн шинжлэх ухааны нэршилд амиа хорлолтыг егүүтгэл гэж ярьдаг. 

-Амиа хорлолт ихсэх болсон нь юутай холбоотой вэ. Нөлөөлөх хүчин зүйлсийн талаар тайлбарлаж өгөхгүй юу? 

-Орчин цагт амиа хорлолтыг нийгмийн гаж үзэгдэл гэж нэрлэдэг боллоо. Зарим эрдэмтдийн судалснаар амиа хорлолт нь ядуурал, эдийн засгийн нөхцөлтэй шууд хамааралтай. Жишээлбэл, ажилгүйдэл нэг хувиар нэмэгдэхэд амиа хорлолтын тоо 4.5 хувиар нэмэгддэг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядуурлын улмаас амиа хорлолт нэмэгддэг байгаа юм. Шалтгааны хувьд янз бүр байдаг л даа. Жишээлбэл, хувь хүний үнэт зүйл алдагдахаар амиа хорлох бодол төрж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, амьдралын үнэт зүйлүүд алдагдаж эхлэхээр хүмүүсийн дунд сэтгэл гутралын шинж тэмдэг илрэн, эцэст нь амиа хорлох шийдэлд хүрдэг. Яг үнэндээ амиа хорлох сэдэлтэй хүмүүсийн тулгамдсан асуудлыг манай улсад цогц бодлогын хүрээнд шийдэж чадахгүй байна. 

-Залуучуудад зориулсан сэтгэл зүйн төв хэрэгтэй гэж та хэллээ? 

-Тийм шүү. Залуучуудад зориулсан бодлогын алхмуудыг хийх ёстой. Дүүргийн эмнэлэгт сэтгэцийн зөвлөгөө өгөх төвүүд байдаг шүү дээ. Гэхдээ мэргэжилтнүүд нь улсын хэмжээнд хаана ч хүрдэггүй. Хамгийн зөв шийдэл нь сургууль, цэцэрлэгт сэтгэл зүйчийн орон тоо зайлшгүй байх ёстой.

Өнгөрсөн оноос эхлэн АШУҮИС-д “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”- ийг байгуулсан. Манай төв оюутнуудад үнэ төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг гэдгээрээ онцлогтой. 2016 онд нээгдсэнээс хойш 230 оюутан үйлчлүүлсэн. Ихэнхдээ гэр бүлийн зөрчил, сэтгэл гутрал, мэргэжил сонголт, сэтгэл түгшил, дасан зохицохуйн хямрал, найз нөхөд, донтолт зэрэг тулгамдсан асуудлуудаар хандсан. Сүүлд гэхэд амиа хорлохоор шийдсэн найман залууг бид аварсан. Ер нь сэтгэл зүйн хямралд орсон өсвөр үеийнхэн найзаасаа тусламж, зөвлөгөө авдаг. Гэхдээ эдгээр хүмүүст гарах гарцыг зааж өгөх мэргэжлийн сэтгэл зүйч байх ёстой.

Хоёр дах шийдэл бол амиа хорлох оролдлого хийж буй сэтгэлийн хямралтай хүмүүст утсаар зөвлөгөө өгөх дуудлагын төв хэрэгтэй байгаа юм. Гэхдээ энэ бол зөвхөн яригдаж буй асуудал. Биднээс шалтгаалахгүй хөрөнгө санхүүгийн хувьд дутмаг байна.

-Хэрвээ сэтгэл гутралд орсон бол хэрхэн даван туулах вэ? 

-Манай судалгааны баг жилд 560 орчим хүн амиа хорлолтоор нас барж байна гэдгийг олж мэдсэн. Хэрэв та сэтгэл гутралд өртсөн бол ойр дотнын хүмүүстэйгээ уулзаж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх хэрэгтэй. Хүн өөрөө сэтгэлийн амьтан учраас бие биеэ сэтгэлээр дэмжих нь туйлын чухал. ДЭМБ-ын судалгаанаас харахад жилд нэг сая орчим хүн амиа хорлолтоос болж нас бардаг. Энэ нь 40 секунд тутамд нэг хүн амиа хорлодог гэсэн ерөнхий тоог гаргаж болно. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байна. 

Өнгөрсөн жил “Амиа хорлолтын цахим контентын чиг хандлага” гэсэн судалгааг АШУҮИС-аас хийжээ. Уг судалгааны дүнгээс үзэхэд мэдээллийн сайтууд агуулгын хувьд амиа хорлолтыг буруутгасан мэдээлэл ихэвчлэн бичдэг ч дээрх мэдээллийг уншсан иргэдийн 33 хувь нь амиа хорлох сэдэл төрүүлэхүйц мэдээлэл нийтэлж байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд амиа хорлолтын талаарх мэдээллийг хүргэхдээ болгоомжтой нийтэлж түүнд хяналт тавихыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Бид энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо. 

Этүгэн их сургуулийн оюутан Х.Лхагвасүрэн

Сэтгэл зүйчид хандаж үзээгүй. Сэтгэлээр унасан үедээ найзтайгаа ярилцахыг хичээдэг. Амиа хорлолт гэдэг бол тухайн хүний ухамсрын асуудал. Өөрийнхөө амьдралыг богино мэтээр дүгнэж байгаад харамсаж байна. Амиа хорлолт гэдэг ухаантай хүний үйлдэл биш. Мэдээж гэр бүл, мэргэжил гээд л шалтгаалах зүйл байдаг байх л даа. Миний хувьд энэ асуудлын талаар бодож үзэж байгаагүй.

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Баяржаргал

Өсвөр насны хүүхдүүд амиа хорлож байгаа нь амьдралын хэцүү нөхцөл шалтгаанаас үүдэлтэй гэж бодож байна. Эцэг, эх нь хүүхдийнхээ сэтгэл зүйд чухал нөлөө үзүүлж үлгэр дууриал болох хэрэгтэй. Ер нь бол үр хүүхдүүддээ анхаарал маш сайн тавьж байх ёстой. Мэдээж Монголчууд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш амьдрал хэцүү болсон. Хүмүүс амьдралаа зөв авч явахын тулд ажил их хийгээд хүүхдүүддээ хойрго ханддаг болчихсон. Тийм учраас ямар нэгэн байдлаар хүүхдүүддээ анхаарал тавих л хэрэгтэй дээ.

Дан ганц эцэг эх гэлтгүй багш нар, нийгмийн ажилтнууд хүүхдүүдэд анхаарал хүүхдүүдтэй тулж ажиллах хэрэгтэй. Үүн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөв мэдээлэл түгээгээд эдгээр хүүхдүүдийн сэтгэл зүйг анхаарч тусламж үзүүлэх нь чухал санагддаг. 

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж