Монгол бадарчин Амай буюу Жамбалсүрэнгийн Золбаяр бөөрний архаг дутагдалд орж, улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлж байсан билээ. Тэрбээр нэгдүгээр сарын 1-ний өдөр эмчилгээгээ зогсоож, хөдөө очсон байна. Учир нь, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа оны өмнөхөн Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийхдээ “Манай яамны газар, хэлтсийн дарга нар 155 сая төгрөгөөр таван боть ном авч, бэлэг тараая гэсэн. Төсөв хаагдах гээд байна үлдэгдэл мөнгийг зарцуулья гэж байна. Би нүүр лүү нь албан бичгийг нь шидсэн” гэж хэлснийг өөрийнх нь “Монгол бадарчин” цуврал таван боть ном хэмээн ойлгож эмчилгээгээ зогсоожээ.
Харин сошиал нийгэмд үүсээд байсан энэхүү асуудалд Ц.Цогзолмаа сайд тайлбар хийж, Амайгийн аавтай өчигдөр уулзаж, үнэн мэдээллийг хүргэснээ дуулгасан байна. Тэрбээр энэ талаар “Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаярын аав доктор Цэен-Норовын Жамбалсүрэн гуайтай биечлэн уулзаж, телевизээр ярьсан таван боть ном нь Амайгийн ном биш болохыг тодруулан тайлбарлаж, бодит мэдээллийг өглөө” хэмээн өөрийн цахим хуудастаа өнөөдөр мэдээлсэн.
Амай Даваа гаригт /2018.01.01/ эмчилгээгээ зогсоож, хөдөө очсон бөгөөд өчигдөр энэхүү мэдээллийг сонсож, сайдаас уучлалт гуйхаар болсон байна. Тэрбээр “Би өнөөдөр өөрөөсөө биш сайдаас уучлалт гуйхаар болсноо ойлголоо. Сошиалын мэдээлэлд хэтэрхий автаж, ийм байдал гаргасандаа сэтгэл өвдөж байна. Сайд Ц.Цогзолмаа аавтай минь өчигдөр уулзаж, болсон явдлын талаар хэлсэн байна.
Би эмчилгээгээ зогсоож, хоёр хоног их зүйл бодлоо. Хөдөө ирсэн ч гэлээ энэ хугацаанд их зүйл бодогдож, өнөөдөр өмнө нь тараад байсан мэдээлэл худал болохыг ойлголоо. Би маргааш хот ороод аппаратандаа орно. Сүүлийн хэдэн сар эрүүл мэндийн байдлаас болж маш их хэцүү байдалтай байлаа. Үнэндээ монгол үндэсний түүхэнд гарах дараагийн үед үлдэх тийм зүйлийг хийгээд ирэхэд төр засгаас дэмжлэг туслалцаа байгаагүйд их харамсаж байсан. Гомдол, уур бухимдал байснаас сошиалын худал мэдээлэлд хэт автаж, болчимгүй зүйл хийлээ. Надад маш том сургамж боллоо. Цаашид сошиалаар тарж буй мэдээлэлд хэт автахгүй байж, үнэн зөв мэдээлэл авч байх болно. Төрийн сайдын нэр хүнд болон гэр бүлээс уучлалт гуйж, түүний нэр хүндэд халдсандаа харамсаад барахгүй байна. Тиймээс сайдаас уучлалт хүсэж, өөрийн алдаагаа засах болно.
Би өөрөө монголд сошиал гэх зүйлийн эхлэлийг тавьж байсан хүний нэг нь би. Гэтэл сошиалаас болж хэн ч алдаа гаргадаг болохыг харлаа. Тиймээс бүгдээрээ сошиалыг зөв талаас нь ашиглаж, бие биенээ муугаар хэлэхгүй зөв соёлтой байцгаая гэж хэллээ. Өнөөдөр нар мандах үеэр өөрийнхөө бурууг яаж хэлэх билээ гэж их бодлоо. Намайг буруу зүйл хийсэн та бүхнээсээ уучлалт гуйж байна. Бүгдээрээ бие биенээ хайрлацгаая. Би маргааш эмчилгээгээ хийлгэх болно. ‘ гэсэн байна.