Төмөр замчид тэмцэхээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Төмөр замчид тэмцэхээ мэдэгдлээ

Төмөр замчид тэмцэхээ мэдэгдлээ

Монголын төмөр замчдын үйлдвэрчин эвлэлийн хорооноос өнөөдөр /2018.01.03/ татвар, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

“Бид өнгөрөгч арванхоёрдугаар сард Монголын үйлдвэрчний холбооны төлөөлөлтэй, байнгын хорооны даргатай, дараагаар нь Ерөнхий сайдтай яг энэ асуудлаар уулзаж, бичиг хүргүүлж байсан. Гэвч өнөөдөр энэ асуудал ямар ч үр дүнд хүрсэнгүй. Тийм учраас бид дараа дараагийн тэмцлийн арга хэлбэрт шилжиж, эсэргүүцлээ зарлахаа мэдэгдэж байна” гэдгийг хурлын эхэнд Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа хэллээ.

Мөн энэ үеэр “Бид ширээний ард сууж байгаад хувь хүний орлогын албан татварыг төлөх гэж байгаа юм биш. Төмөр замчид өнөөдөр өдөр, шөнөгүй хэвийн бус нөхцөлд хөдөлмөрлөдөг. Төмөр замд нийт 15 мянган ажилчин ажилладаг. Ажилчдынх нь тал хувь нь буюу 7071 хүн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг. Эдгээр хүмүүсийн 30 хувь нь эмэгтэйчүүд” байдаг гэдгийг тус холбооны төлөөллүүд хэлж байв.

“400 гаруй ажилчин хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилладаг”

Улаанбаатар зүтгүүрийн депогийн үйлдвэрчний хорооны дарга Б.Наранхүү

Төмөр замчдын ажиллах нөхцөлийг сайжруулаагүй байж хөдөлмөрийнх нь хөлс, тэтгэврийнх нь насыг нэмж байгааг эсэргүүцэж байна. Жишээлбэл, төрөөс 2014 онд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэж, манай 400 гаруй ажилчин хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилладаг гэдгийг тогтоосон. Энэ бүхнийг сонссон ч сонсоогүй юм шиг байсан атлаа тэтгэврийн насыг уртасгаж, цалингаас нь татвар авах нь зөв үү. Ажилчид маань өнөөдөр амьдралаа, эрүүл мэндээ золиослон байж илүү цагаар хөдөлмөрлөсний хөлсөө авдаг. Гэтэл тэр цалингаас нь татвар авах нь зөв шийдвэр мөн үү. Яагаад өөр гарц хайж болохгүй байна вэ” гэж Улаанбаатар зүтгүүрийн депогийн үйлдвэрчний хорооны дарга Б.Наранхүү бухимдангуй ярилаа.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж