Тэргүүн зэрэглэлийн устгал

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Тэргүүн зэрэглэлийн устгал

Брайан, Жеймс, Марк нар Улаан экскадрилийн “далайн хавнуудаас” 20-иод хүнийг сонгон шалгаруулж дөрөвдүгээр сарын 10-нд  Хойд Каро­линагийн шигүү ойгоор хүрээ­лэгдсэн туршилтын талбайд хүрэл­цэн ирэхийг тушаав. Тэнд бие бү­рэлдэхүүн нь (DEVGRU нь нийтдээ дөрвөн эскадрилиас бүрэлдэх бөгөөд нийт 300 орчим хүнтэй) дасгал сур­гуулилалт хийх ёстой байлаа. Дэс­лэгч коммандеруудын нэг нь удирд­лагад дуудахаас өмнө Жеймс, Марк хоёроос бусад “хавнуудын” хэн нь ч бин Ладены байшингийн талаар тагнуулчдын мэдээ байгаа гэж сэжиг­лээ ч үгүй байв. Тасалгаанд орсон дайчин дотор нь АНУ-ын Армийн JSOC-ийн төв штабын хошууч гене­рал, Брайан, Жеймс, Марк ба ТТГ-ын шинжээчидтэй тулгарав. Зүгээр нэг сургуулилалтын яриа энд  байгаагүй нь ойлгомжтой болов. Дэслэгч-коммандерийг ажиллагааны детальтай шуурхай танилцуулсны дараа туршилтын талбайд цогцол­борын загварыг босгосон байлаа. Түү­ний төлөвлөлтийн елемент нь хана ба өргөст торон хашаагаар заагд­сан байлаа. Дараагийн тав хоногийн турш баг дасгал сургуулилалт хийв.

Дөрөвдүгээр сарын 18-нд DEVGRU отрядыг Невадад авчран дайчид дахин нэг долоо хоногийн турш сургуулилалт хийлээ. Сургуу­лийг  Абботтабадын орчинг санагдуу­лахаар Засгийн газрын томоохон тур­шилтын талбарт хийжээ. Тур­шил­тын талбайд байсан хуучин бай­гуу­ламжууд нь бин Ладены гэрийг орлосон юм. Желалабадаас  Абботтабад хүрэх замаа тогтоосны дараа багууд нар жаргасны дараа орой бүр сургуулилалт хийж эхлэв. Маркийн хамт 12 дайчин эхний нис­дэг тэрэгт, үлдсэн 11 дайчин нь Ах­мед, Каирын хамт хоёр дахь нисдэг тэрэгт сууж, шөнийн харанхуйд “да­лайн хавнуудыг” тусгайлан бэлт­гэсэн байгууламж дээр тросоор буул­гаж байлаа. Десант буулгах ажил­лагаанд багийн бүх гишүүд орол­цоогүй. Ахмед өмнө нь бичиг цаасны ажилтай байсан учир тросоор бууж байсангүй, гэвч тэрээр сургуулилтын явцад суралцсан юм.

Бүслэн хаах төлөвлөгөөг төгс бэлтгэсэн байв. Эхний нисдэг тэрэг нь байран дээр тогтонгууд түүнээс 12 дайчин хоёр тросоор шууд бууна. Хоёр дахь машинаас цогцолборын зүүн хойд хэсэгт дөрвөн дайчин, Ахмад, Каир хоёрын хамт бууж байр­ны хэмжээгээр байр эзэлж байв. Дараа нь нисдэг тэрэг байрны дээрээс үлдсэн зургаан “хав” болон Жеймсийг буулгана. Байдал ямар нэгэн хэмжээгээр тайван байлаа. Ахмад чимээ шуугианаар гарч ирсэн хөршүүдийг нь саатуулах үүрэгтэй байсан ба тусламж хэрэгтэй бол үлдсэн зургаан дайчин туслах ёстой байлаа. Дараа нь бин Ладеныг олох ажил сунжирвал  Каирыг байранд оруулан нууц хаалга үүд, давхар ханыг хайлган олуулах ёстой байсан юм. “Ажиллагаа ээдрээтэй биш бай­лаа. Маклинд байгаа юм шиг” гэж дайчин надад ярихдаа Маклин гэх Нью-Йоркийн тансагдуу дагуул хотыг жишээ болгосон юм.

Дөрөвдүгээр сарын 21-ний шөнө туршилтын талбайд бүтэн онгоц дүүрэн зочид хүрэлцэн ирэв. Туршилтын талбайн нэгэн ангарт Штабын дарга нарын нэгд­сэн хорооны дарга адмирал Майк Маллен, Олсон, Макрейвен ба ТТГ-ын хэсэг ажилтнууд цугларсан байв. Брайан, Жеймс, Марк бо­лон нисгэгчид цугларсан олонд “Неп­туны (Далайн бурхан) жад” гэсэн нэртэй ажиллагааныхаа төлөвлөгөөг танилцуулав. Үүнд гол үүргийг  JSOC гүйцэтгэж байсан ч түүнийг ТТГ-ын нууц ажиллагаа хэмээн үзэж байлаа. ТТГ-ын нууц агуулга нь шаардлагатай бол Цагаан ордны оролцоог хайцаалан дарах ёстой байсан юм. Саяхан дээр хэлэгдэж байсан Терроризмын эсрэг төвийн ажилтан тэмдэглэхдээ “Нэвтрэлт амжилтгүй болсон бол бүгд сэжиг төрүүлэлгүй холдох ёстой байсан” гэв. Илтгэлийг сонссон зочид асуу­дал тавьж эхэллээ. Хэрэв цогцол­борыг цугларсан олон бүслэн авбал яах вэ? “Тэнгисийн хавууд” энгийн хүмүүсийг буудахад бэлэн үү? Сома­лийн Могадишо хотод “Хар хар­цаганы” уналт” ажиллагааг 1993 онд явуу­лахад эр зориг гаргасныхаа төлөө Мөнгөн одоор шагнагдсан Ол­соны сэтгэлийн түгшүүр онцгой байв. Хэрэв Пакистанд Америкийн нисдэг тэрэг сөнөөгдвөл улс төрийн сүйрэл болно гэж тэрээр санаа зовж байж байв. Асуулт тавьж ойрол­цоогоор цаг орчим хариулт эхлэн ха­риулт аваад дээд тушаалын офи­це­рүүд, шинжээчид Вашингтон орохоор нисэв. Хоёр хоногийн дараа дай­чид Виржиниагийн “Дэм-Нек” гэх өөрс­дийн баазад буцаж ирсэн байлаа.

Дөрөвдүгээр сарын 26-ны шөнө “Дэм-Нек”-ээс хэдэн км-ийн зайтай Тэнгисийн цэргийн “Ошеана” гэх нисэх баазад тусгай албаныхан цэр­гийн тээврийн  Boeing C-17 Globemaster онгоцонд суулаа. Герман дахь тэдний “Рамштайн” нисэх баазад буун шатахуунаар дахин цэнэглэсний дараа тэд агаарт хөөрч Кабулаас хойд хэсэгт байдаг Баграмын нисэх буудалд буулаа. “Далайн хавууд” тэнд шөнийг өнгөрөөгөөд лхагва гаригт Жалалабадын зүг хөдлөв.

Тэр өдөр Вашингтонд Панетта ТТГ-ын удирдагч, шинжээч 20 га­руй хүнийг цуглуулан бэлтгэлийн төгсгөлийн зөвлөгөөнийг хийлгэжээ. Панетта уулзалтад оролцогч бүгдээс бин Ладен тэр байранд орогнож бай­гаад итгэлтэй эсэхийг асуусан байв. Террорын эсрэг төвийн ажилт­ны хэлснээр итгэх хувь нь 40-90 заримдаа 95 хувь хүрч байсан ба шууд биш мэдээллээр бүх дүгнэлт хийгдсэн байна”.

Панетта шинжээчдийн эргэлзээг тооцоолсон ч түүнийхээр бол бин Ладены тухай мэдээлэл нь түүнийг Тора-Борагаас зугтсанаас хойших хам­гийн үнэн зөв нь байлаа. Пү­рэв гаригийн оройхон Панетта ба Үн­дэсний аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтнууд ерөнхийлөгчтэй уулзсан байна. Дараагийн хэдэн шөнө нь Абботтабадад саргүй байх учир ажиллагааг явуулахад хамгийн тохиромжтой байв. Дашрамд хэ­лэхэд сарны хэмнэл нь сарын да­раа төгсөхөөр байсан юм. ТТГ-ын бэлтгэсэн дүгнэлтийг үнэлэхэд Үн­дэс­ний терроризмын эсрэг төвийн мэргэжилтнүүдийг урьсан байв. Тэд­ний  санаа бодлоор дүгнэлтийн үндэслэл нь 40-60 хувийн хооронд хэлбэлзэж байсан юм. Бин Ладеныг тэнд орогнож байгаа гэсэн илүү баттай мэдээ автал ажиллагааг хойш­луулах нь зүйтэй гэж Төвийн захирал Майкл Лайтер санал гар­га­сан байв. Үндэсний аюулгүй байд­лын зөвлөхийн орлогч Бен Роудс  саяхан тэмдэглэхдээ ажиллагааг хойшлуулах нь “бүхнийг баллахаар”  мэдээлэл алдагдах эрсдлийг дагуулж байсан гэж хэлсэн юм. Оройн долоон цагийн үед Обама уулзалтыг хааж, нойр авсныхаа дараа шийдвэрээ гаргана гэлээ.

Дараагийн өглөө нь ерөнхийлөгч Зазрийн зургийн өрөөнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том Донилон, түүний орлогч Денис Макдон ба Бреннан нартай уулзлаа. Ажиллагаа явуулах шийдвэрийг тэрээр сонсгоод өдрийг нь өөрөө товлохыг Макрейвенд санал болгожээ. Ажиллагааг баасан гаригт явуулахад оройтохоор байсан ч  бямба гаригт тэнгэр ихээхэн үүлтэй байв. Бямба гаригийн орой Обаматай утсаар ярихдаа ажиллагааг ням гаригийн шөнө явуулна гэдгээ Макрейвен хэлжээ. “Танд болон танай дайчдад амжилт хүсье. Тэдэнд миний хувийн талархлыг дамжуулаад намайг ажиллагааг маш анхааралтай харах болно гэдгийг хэлээрэй” гэж Обама түүнд хэлсэн байна.

Тавдугаар сарын 1-ний ням гаригийн өглөө Цагаан ордны ажилтнууд өмнө төлөвлөсөн бүх уулзалтуудыг хойшлуулаад Costco-д ахиухан сэндвичийг захиалсан байв. Тэд Шуурхай байдлын танхимд командын цэгийг тоногложээ. Обамагийн ахлах зөвлөхүүд 11 цагаас эхлэн цугларч эхлэв. Энэ цагаар Цагаан ордныг Панетта байсан ТТГ ба Макрейвены очсон Афганистантай  видео бага хурлын дэглэмээр холбож өгсөн байна (мөн өөр хоёр командын цэгийг нэгийг нь Пентагонд нөгөөг нь Исламабад дахь АНУ-ын Элчин сайдын яаманд байгуулсан байлаа).

Хөрш жижиг тасалгаанд JSOC-ийн даргын туслах, бригадын генерал Маршалл Уэбб лакдсан ширээний эцэст суугаад ноутбукээ нээн чаттай хэдэн цонх нээгээд Цагаан ордныг бусад командын төвүүдтэй холбожээ. Уэбб ганцаараа бодит цагаар Абботтабад дээгүүр 4,5 км-ийн өндөрт эргэлдэх RQ 170 гэх нисгэгчгүй онгоцны камерын зургийг авч байсан юм. Уг аппаратад ямар ч зэвсэг байгаагүй. Аль болохоор нууц дэглэмээ барихын тулд нэмэлт сөнөөгч ба бөмбөгдөгч онгоцнуудыг ажиллагааг явуулагчид ашиглахгүйгээр шийдсэн байлаа. “Тэр нь ч зөв болсон” гэж тусгайн дайчин тайлбарлав. “Далайн хавнууд” зөвхөн өөрсдөдөө л найдах байжээ.

“Эндрюс”  баазад гольфийн есөн нүхээр дамжин тоглоод Обама өдрийн хоёр цагийн үед Цагаан ордонд буцан ирэв. Цаг хагасын дараа хоёр Black Hawk Жалалабадаас нисэв. Дөрвөн цагийн үед  Панетта тэд Абботтабадад ойртож байгааг зарлав. Обама бослоо. “Би үүнийг харах ёстой” гэж тэрээр хэлээд коридороор алхлан Уэббын өрөөнд ороод хажууд нь суулаа. Ерөнхийлөгчийг дагаад тасалгаанд дэд ерөнхийлөгч Жозеф Байден, Батлан хамгаалахын сайд Гейтс, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ба суудал нь хүрэлцэхээр бусад нь орж ирэв. Шингэн талст жижиг дэлгэцнээ цогцолборын дээр тогтсон эхний нисдэг тэрэгний хар цагаан зураг гарч ирлээ. Яг энэ үеэр нисгэгчид нь хүндрэлтэй учрав.

Нисдэг тэргийг хажуу тийш нь агаарын урсгал авч явахад нисгэгч нь  гол сэнсний удирдлагын жолоогоо татав. Өндөр хашаа ба халуун агаарын улмаар сэнснийх нь үүсгэсэн бага даралтын бүсэд Black Hawk унаж эхэлжээ. Энэ агаарын урсгалын аюултай үзэгдлийг ”хуйн цагираг” гэж нэрлэдэг гэнэ. Хойд Каролинад энэ аюулыг тооцоогүй байлаа. Сургуулилалтын үеэр хашааг орлож байсан торон хана агаарыг чөлөөтэй урсгаж байсан учир тэр аюулыг тооцсонгүй. Тусгай ажиллагааны асар их туршлагатай цэргийн нисгэгч асан байдлыг ингэж тайлбарлав.  “Энэ их хүндхэн эд байгаа юм. Надтай тохиолдож байсан. Аврагдах ганц арга бол жолоодлогыг өөрөөсөө түлхэн машиныг унаж байгаа нүхнээс нь гаргах явдал юм. Гэхдээ үүний тулд багагүй өндөр хэрэгтэй. Хэрэв хуйн цагирагт 600 метрийн өндөрт орсон бол байдлыг тогтворжуулахад хангалтай цаг бий. Хэрэв өндөр нь 15 метр бол машин газар мөргөн унана” гэж тэрээр ярив.

Десант буулгахыг болиулаад нис­гэгч нисдэг тэргээ буулгахаар анхаар­лаа төвлөрүүлэв. Нисдэг тэргийг ха­шааны баруун хэсгийн малын хорогт чиглүүлсэн байв. Нисдэг хажуу тийш нь авч явахад дайчид чангаар барилцан бэлтгэлтэй байсан юм. Нисдэг тэргийг хажуугаар нь унагахгүйн тулд нисэгчид  хамрыг нь доош чиглэн хамаг цохилт ирэхээр тооцсон. Нисдэг тэрэг сүүлнийхээ сэнсээр хашааг шүргэн нисдэг унав. Үхэр, туулай тахианууд бутран гүйлдлээ. Нисдэг тэрэг 45 градусаар сүүлээ өргөн зогссоны дараа тэд аюулын дохиог явуулжээ.

Хоёр дахь нисдэг тэрэгнээс ослыг харж байсан Жеймс ба бусад дайчид энэ үеэр цогцолборын зүүн хойд хэсэг дээр тогтсон байв. Эхний машинд сум туссан уу эсвэл ямар нэгэн эвдрэл учирсан уу гэдгийг сайн ойлгоогүй  хоёр дахь нисгэгч дээврийн дээрх маневрааас татгалзан хашаанд нь шууд бууллаа.

Америкчууд байшингийн гадаа үлдсэн байв. Марк түүний отряд унасан нисдэг тэргээ бүрэн орхиогүй байлаа. Тэр үеэр Жеймс отрядынхаа хамт цогцолборын нөгөө хэсэгт байв. Минутын өмнө хүрэх газраа очсон тэд анхны төлөвлөгөөнөөс ийнхүү хазайсан байна.

“Хайш яйш хэрэг явдал өрнөх болон анхны радио дохио ирэх хоёрын хоорондын цагийг мөнхийн  гэнэ” хэмээн дайчин хэлсэн юм. Вашингтонд дээд удирдлага  зураглалыг харж, цэргийнхний мэдэгдлийг догдлон хүлээж байлаа. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх тэр эгшинг “киноны оргил  үетай нь” харьцуулсан юм.

Хэдэн минутын дараа эхний нисдэг тэрэгний дайчид учир явдлаа олоод ажиллагааг үргэлжлүүлнэ гэсэн байв. Сүүлийн есөн жилд тэд янз бүрийн байдалд зөндөө орж байсан учир тэднийг ийм  зүйл айлгахгүй. Хожим хэвлэлийн мэдээлэлд уг ажиллагааг “Бүргэдийн хумс”, “Хар харцаганы уналт” ажиллагаа шиг л ээдрээтэй байсан хэмээн бичсэн билээ. Батлан хамгаалах яамны өндөр тушаалтан ярьснаар “ээдрээтэй гэхээр зүйл алга. Энэ нь шөнө бүр хийдэг хоёр мянга орчим нислэг шиг л ердийн нэг ажиллагаа” ажээ.  Оройн нислэгийг тэрээр назоны өвсийг хадахтай зүйрлэв. Тэрбээр тэр өдөр тавдугаар сарын 1-нд Афганистанд байгаа тусгай албаны дайчид 12 ажиллагаа явуулан 15-20 хүнийг устгасан буюу барьсан гэж хэлэв. “Ихэнх ажиллагаа нэг л янзаар явагдана. Харин энэ арай өөрөөр хийгдсэн юм” хэмээн тэрээр нэмэн хэлэв.

Үргэлжлэл бий.

"Тэргүүн зэрэглэлийн устгал 2"- ыг ЭНД дарж үзнэ үү.

"Тэргүүн зэрэглэлийн устгал 1"- ыг ЭНД дарж үзнэ үү.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж