Хойд Солонгос шууд холбооны шугамыг нээнэ гэж мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос шууд холбооны шугамыг нээнэ гэж мэдэгдлээ

Хойд Солонгос шууд холбооны шугамыг нээнэ гэж мэдэгдлээ

Хоёр Солонгосын хоорондох дээд түвшний яриа, хэлэлцээг нэгдүгээр сарын 9-нд товлох тухай БНСУ-ын саналд БНАСАУ-ын зүгээс хариу өгөөгүй байна.

Өмнөд Солонгосын Нэгдлийн сайд Чо Мён-Гён өчигдөр /2017.01.02/ мэдэгдэл хийж, Хойд Солонгосын тамирчдыг Пёнчаны өвлийн наадамд оролцуулах болон хоёр Солонгосын харилцааг эерүүлэх асуудлаар дээд түвшний яриа, хэлэлцээг нэгдүгээр сарын 9-нд хоёр улсын хилийг заагт орших Панмунжом тосгонд зохион байгуулах санал тавьж буйг мэдэгдсэн юм. Үүний өмнө Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ жилийн мэндчилгээндээ тамирчид, төлөөлөгчдөө Пёнчаны олимпод илгээнэ, энэ асуудлаар БНСУ-тай яриа, хэлэлцээ хийх боломжтой гэж мэдэгдсэн билээ.

Солонгосын хойгийн цэрэггүй бүс болох Панмунжом тосгонд суурилуулсан шууд холбоогоор дамжин Өмнөд Солонгосын албаны хүмүүс Умардын талтай холбогдох оролдлого хийсэн ч одоог хүртэл ямар нэг хариу өгөөгүй гэж БНСУ-ын Нэгдлийн яамнаас мэдэгдсэн байна.

Хоёр Солонгосыг холбооны гол хэрэгсэл байсан шууд холбоо болон цэргийн холбооны шугамыг Хойд Солонгосын тал 2016 оны хоёрдугаар сард тасалсан юм. Сөүл хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг зогсоосны хариуд Пхеньян дээрх арга хэмжээг авсан билээ.

Одоогоор Панмунжом тосгон дахь шууд холбоо ажиллагаагүй хэвээр байгаа ч Хойд Солонгосын талаас шугамыг сэргээнэ гэж өнөөдөр /2017.01.03/ мэдэгдсэн байна.

Хоёр Солонгосын асуудал эрхэлсэн Хойд Солонгосын агентлагийн тэргүүн хилийн зурваст орших шууд холбооны шугамыг орон нутгийн цагаар өнөөдөр 15.30 цагт нээнэ гэж мэдэгджээ.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж