Улаан асрын зүүд (10-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (10-р бүлэг)

Улаан асрын зүүд (10-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬь ГАО Э


Аравдугаар бүлэг 

БЭЛБЭСЭН ЭХНЭР АШИГТ ШУНАХАЙРАН ИЧГҮҮРИЙГ ХҮЛЦЭЖ, МЭРГЭН ОТОЧ ӨВЧНИЙГ ТОДОЛЖ ҮНДСИЙГ НЬ НОТЛОВ

Өгүүлэх нь: хүн олон хүч ихийн хажуугаар, Жя Рүй бас буруугаа мэд гэж шахаж аргадаж байж Жинь Рунийг Чинь Жунд мөргүүлсэнд Бао Юй сая л юм хэлэхээ болив. Хичээл тарсны дараа Жинь Рун ганцаараа харьж явахдаа бодлогошрох тусмаа уурлаж: “Чинь Жун бол Жя Фүрэний хүр дүү төдий л юм. Жя овогтын гэрийн хүүхэд, ач нар ч биш, мөн л надтай адилхан, сургуульд дагалдан сурч байгаа хүн. Тэр харин Бао Юйтэй найз болсондоо эрдэж, хэнийг ч тоохгүй болжээ. За тэр яахав. Бүтэлтэй хэрэг үйлдсэн бол бас яахав гэхсэн. Бао Юй тэр хоёр авиргүй аашилж, бусдыг сохор мэт хараагүй гэж байна. Тэр бусдыг өдөөж байхыг би харсан шүү дээ. Ерөөсөө хэрэг үүссэн ч би юунаас айх юм бэ” гэж үглэн дүлэгнэнэ. Эх нь хүүгийнхээ ийн үглэж байгааг сонсоод:

-За хүү минь, бас ямар хэрэг хийчхэв. Би чамайгаа авга эгчид арай гэж хэлж, эгч маань бас баруун хашааны Лянь Эр найнайгийн өмнө арга тасартлаа гуйж байгаад ном бичиг үзэх энэ сургуулийг сая л олж өгсөн юм шүү дээ. Хүний сайныг түшихгүй бол бидэнд гэрийн багш залах чадал байна уу. Тэр ч байтугай тэдний сургуульд цай хоол бэлэн бий. Энэ хоёр жил чи тэнд сууж бичиг үзсэнээр, гэрийнхээ хоол ундны зардлыг бага биш хэмнэсэн. Чи сайхан хувцсанд дуртай болохоор чиний хэмнэсэн зоосыг түүнд зориулсан. Дахиад хэлье, чи тэнд бичиг ном үзээгүй бол чи тэр Шюэ лао ег олж чадах уу. Тэр чинь биднийг нэг жил дал наян лан мөнгөөр тэжээсэн юм шүү. Одоо чи, элдэв юм болоод энэ сургуулиас гарвал, дахиад ийм газар олно гэдэг тэнгэрт гарахаас ч хэцүү байх. Чи харин номхон байсан нь дээр шүү гэсэнд Жинь Рун уураа аюулхайдаа дарж байгаад унтав. Маргааш нь хэвийн янзаар сургуульд очсоныг үл өгүүлэн өгүүлэх нь: түүний авга эгчийг Жя овогтын гол хэсэг болох “Юй” үсгийн далд нэр хэрэглэсэн нэг үеийн Жя Хуан гэгчид өгсөн бөлгөө. Ганц тэр угсааны хүмүүс хэрхэн цөм Нин, Рун хоёр хүрээний мэт элбэг дэлгэр байж чадах вэ. Үүнийг нарийвчлан дурдаад яахав. Энэ Жя Хуан эр эм хоёр бол нимгэн хөрөнгөө сахиж амьдардаг тул үргэлж Нин, Рун хоёр ордонд очиж амар мэндийг нь эрэн Фөн Же болон Ёу хатныг билбүүрддэг. Тийнхүү Фөн Же, Ёу хатан хоёр ч тэднийг үргэлж дэмжин тусалдаг тул сая энэ мэт ундрахаар тийш зүглэхээр шийдэв. Өнөөдөр тунгалаг сайхан өдөр тул гэрт онцын хийх юмгүй учир нэгэн эмгэний хамт тэргэнд суугаад гэртээ харьж бэргэн хийгээд ач хөвгүүнээ үзэхээр очив. Энэ тэрийг ярилцах зуураа Жинь Рунгийн эх өчигдөр Жя овогтын сургуульд гарсан хэргийг эхнээс нь адгийг нь хүртэл нэгд нэгэнгүйгээр хадам, охин дүүдээ ярив. Энэ Хуан Да найнай сонсонгуут хилэн нь бадарч:

-Тэр муу Чинь Жун Жя овогтны ураг садан гэхэд, Рун Эр мөн Жя овогтны ураг садан биш үү? Яасан сүрхий аашилдаг юм бэ. Тэр ч байтугай, үйлдсэн нь ямар нэр нүүртэй хэрэг вэ. Бао Юй ч гэсэндээ, түүнийг дэмжиж энэ мэтэд хүргэх хэрэггүй л байж. Би түүнийг Жэн Да найнайд хэлэхээр Зүүн хүрээ явнаа. Дараа нь Чинь Зүнгийн эгчид хэлж, түүгээр энэний учрыг ялгуулна гэсэнд Жинь Рунгийн эх сонсоод ихэд бачимдан: “Энэ цөм миний ам түргэнээс болжээ. Та тэдэнд хэлэх байтугай тэдний хэний нь зөв, хэнийх нь бурууг ярих хэрэггүй. Хэрэв уршиг татахад хүрвэл, Жинь Рун тэнд яаж тогтож чадах вэ. Тогтож чадахгүй бол бид гэртээ багш залж чадахгүйгээр барахгүй бас түүнд үлэмж зардал сүйтгэл болно” гэж хэлэв. Хуан Да найнай:

-Хаанаас төдий чинээ хэнийг хамаарах вэ, намайг хэлсний дараа юу болохыг үз гээд бэргэнийхээ ятгахыг ч сонсолгүй, нэг эмгэнийг дуудаж тэрэг юүгээ авчруулаад суунгуутаа Нин Гуофүгийнхээд хөдлөв. Тэнд очоод зүүн талын зовхис хаалгаар ороод, тэрэгнээсээ буунгуут дотогш орж Ёу хатантай уулзав. Юуны нь уур хилэн байх вэ, даруу хичээнгүйгээр амар эрэн мэндлээд баахан юм хамж шимж ярилцсаныхаа дараа “Рун Да найнай яагаад үзэгдэхгүй байна” гэж асуув. Ёу хатан: “Энэ хэдэн өдөр тэр яасныг мэдэхгүй, сарын тэмдэг нь хоёр сар илүү ирсэнгүй. Эмчид үзүүлбэл, жирэмслээгүй гэж байна. Урьд хоёр өдөр, үдээс хойш хөдлөх дургүй болно, хөдлөх бүү хэл үг хэлэх ч дургүй болно. Тэнхээ нь ч муудлаа. Би түүнд: “Чи ёсыг бодож, өглөө үдэш уулзах гэж ирэх хэрэггүй. Биеэ сувил. Ураг садны хүн ирвэл, би байна. Ахас ихэс чамайг буруутгах гэвэл, би чиний төлөө хэлнэ” гэсэн. Жинь Рунд би бас “Чи түүнийг битгий зүдрүүл, битгий уурлуул. Түүнийг хэдэн өдөр тайван байлгаж сувилбал сайн болно. Тэр юу идэхээ идэг. Манайхаас аваачиж өг. Хэрэв тэр ийм, тийм болоход хүрвэл, чи дахиж ийм өнгө зүстэй, ийм зан аальтай сайн авгайг өдрөөр дэн бариад ч олохгүй” гэсээн. Түүний ухаан санаа, зан авирыг аль нэгэн ураг садан, ахас захас нь бахархахгүй гэж үү. Энэ хоёр өдөр миний дотор маш бухимдуу байна. Харин тэр өглөө, дүү нь уулзахаар ирээд, бяцхан хүүхэд юм мэдэхгүй болохоор, эгчийнхээ бие муу байгааг хараад, энэ учрыг түүнд хэлэхгүй байвал зохих байтал, тэр нь зуун хувь хилс байсан ч гэсэн дуугүй байхгүй. Огт хэлэхгүй байх ёстой юмыг… Өчигдөр сургуульд хэрүүл гарсан гэнэ. Хэн нэгэн дагалдан сурагчийг дарласан гэнэ гээд л. Бас элдэв эсийн муухай үг хэлж байсныг цөмийг эгчдээ хэлжээ. Авга бэргэн нь чи мэдсэн үү. Тэр бэр хэдийгээр хүн харахад юм яриад инээж байх боловч дотроо бол нарийн юм бодно. Ямар л үг сонсвол тав гурван өдрөөр бодолхийлэн сэтгэнэ. Түүний энэ өвчин “Хэтэрхий сэтгэмтгийгээсээ” болжээ. Тэр өдөр дүү нь хэн нэгнийг дарласныг сонсготол түүнд хорсож уурласан байна. Яагаад гэвэл, тэр үнэг туулайн сүлбээтэнгүүд үнэн худлыг хутгалдуулж элдвээр өдөөн хатгадгийг мэдээд хорсжээ. Үүний хажуугаар дүү нь сэтгэл тавин хичээж, сайныг сурахгүй хэрүүл цуугиан дэгдээсэнд уурласан байна. Энэ мэтээс болоод тэр өглөөний хоолоо ч идсэнгүй. Би мөнөөхөн, түүний дэргэд очиж ятгаж хэлээд… бас дүүд нь, хэдэн үг сургаж хэлээд дүүг нь тэртээх хүрээнд Бао Юйг эрж оч гэж хэлсэн. Би өөрөө үзэж байгаад түүнд дундуур аяга цагаан үүрийн шөл уулгаад ирсэн. Авга бэргэн нь Та бодож үз. Миний дотор бачимдахгүй яаж байхав. Тэр ч байтугай сайн эмч бас алга. Түүний өвчнийг бодохоор миний зүрхийг зүүгээр шивэх мэт болж байна. Сайн эмч хаана байгааг та мэдэх үү гэж асуув.

Жя овогт түүний үгийг сонсоод, бэргэний гэрт байхад Чинь авхайтай ёс хэлэлцэх гэж бодож байсан уур хилэн нь хэдийнээ тивийн тэртээ хаягджээ. Харин Ёу хатан сайн эмч сурагласныг бодоод: “Ойрд сайн эмчийн тухай ярихыг сонссонгүй. Харин Да найнайгийн өвчнийг сонсоход жирэмсэн болсон байж болзошгүй. Бэргэн та битгий тэвдэж засуулаарай. Хэрэв буруу засчихвал амар биш юм болно шүү” гэсэнд Ёу хатан: “Тиймээ, харин тийм” гэж зөвшив.

Тэднийг ийнхүү ярилцаж суутал Жя Жэнь гаднаас орж ирээд зочныг хармагцаа “Энэ Хуан Да найнай мөн үү” гэж Ёу хатнаас асуув. Мөнөөх авгай босож түүний амрыг эрэв. Жя Жэнь: “Чи дүү бэрд хоол өг” гэж Ёу хатанд хэлээд өрөө рүүгээ оров. Жя овогт эднийд ирэхдээ, уг нь Чинь авхайн ач хөвгүүнийг Чинь Жун дарласан учрыг хэлэх гэж ирсэн ажээ. Одоо Чинь авхайн өвдсөнийг сонсоод айж юм дурссангүй. Тэр байтугай Жя Жэнь Ёу хатан хоёр маш сайхан зочилсон тул уур нь баяр болон хувираад, энэ тэрийг жаахан ярьж байгаад гэртээ харив.

Гэнэтийн зочныг явсны дараа Жя Жэнь ирж суугаад

-Тэр ирээд юу ярьж байх юм бэ гэж асуусанд Ёу хатан,

-Юу ч ярьсан юмгүй. Харин анх орж ирэхдээ, их ууртай юм шиг санагдсан юм. Ярьж хөөрч байгаад бэрийн биеийн байдлыг хэлсэн чинь аажимдаа уур нь намдлаа. Чи бас түүнд хоол өгч дайл гэсэн нь ч нөлөөлсөн биз. За тэгээд бэрийн өвчнийг дуулаад удаан суухад эвгүй болсон байх. Тэгсгээд л явлаа. Харин бэрийн биеийг сайн эмчид үзүүл. Ингээд байж болохгүй хүндэрнэ шүү гэж зөвлөв. Одоо манайд ирж үзэж байгаа эмч нар бүтэхгүй нь ээ. Цөмөөрөө л хүний хэлэхийг чагнаж байгаад үзсэн ном бичгийнхээ санааг нэмээд давтаж хэлэх төдий л юм. Зарим нэг нь судас бариад л бусадтайгаа зөвлөж байгаад нэгнийхээ саналд нийлж эм өгөх л юм. Тэр нь уугаад, уугаад тус болохгүй байна. Өдөрт хэдэн ч удаа хувцас сольж, босож сууж эмчид үзүүллээ гээд тус болсон юм алга гэж ярив. Жя Жэнь

-Энэ хүүхэд бас ч мунхаг юмаа. Юунд дахин дахин тайлж өмсөж байна. Хэрэв даарч жихүүцээд өвчин давхацвал хэцүү болно шүү. Бидэнд бэрийн бие нь хэрэгтэй. Нэг өдөр хэчнээн шинэ хувцас өмссөн ч хамаагүй. Би чамд хэлье гэж хэлж байна. Саяхан Фөн Зыин намайг үзэхээр ирж миний дотор тааруухныг мэдээд надаас асуусанд, бэрийн бие хариугүй, сайн эмч олж үзүүлээгүй учраас жирэмсэлсэн юм уу, өвчилсөн юм уу гэдгийг тодотгож чадахгүй байна. Тийм болохоор өвчин нь аюултай, аюулгүйг нь мэдэхгүй учраас сэтгэл тайвангүй байна гэж би түүнд хэллээ. Тэгэхэд эмч “Түүнийг бага байхад дааж сурч байсан нэг эмч багш байна. Овог нь Жан нэр Ёу Шы гэнэ. Эрдэм сурлагаар маш гүн, ялангуяа эмнэлгийн ёсонд нэвтрээд хүний амьдрах, үхэхийг төсөөлнө гэнэ. Энэ жил хөвгүүндээ зэрэг хэргэм буулгахаар1 нийслэлд ирээд одоо түүний гэрт суудаг гэнэ. Түүгээр л үзүүлье. Бэрийн өвчин түүний гараар эдгэрч магадгүй. Би нэгэнт хүн зарж, нэрийн бичгээ бариулан явуулж түүнийг залууллаа. Өнөөдөр оройтоод ирэхгүй байж мэднэ. Маргааш лав ирнэ. Фөн Зыин ч хариад миний өмнөөс гуйя гэсэн. Эрхэтгүй залаад ирэх байлгүй. Жан эмчийг залан үзүүлж байж л мэдье гэв. Ёу хатан энэ яриаг сонсоод баярлачихав.

-Нөгөөдөр даяагийн насны баяр болно. Яавал зохих вэ? гэж хатныг асуусанд

-Би саяхан түүнтэй уулзаж амгаланг нь айлтгаад, манайд морилон очиж бүх гэр хотлоорын ёслолыг тайлан соёрх гэсэнд тэрбээр “Би нам сэлүүн газарт дасжээ. Танай тэр үймээн шуугиант газар очих дургүй. Та нар лав миний төрсөн өдрийн ой гэж намайг аваачиж олныг өмнө мөргөл үйлдүүлэх гэж байгаа байх. Тийм бол миний тайлбар бичсэн “Буян хураах номыг”2 хуулан дармалдаж аваад уншвал, би тэнд очиж олныг мөргүүлснээс зуун хувь давна. Хэрэв маргааш нөгөөдөр танайхан гэр хотлоороо цуглах юм бол чи тэднийг сайтар дайлах хэрэгтэй. Надад бэлэг сэлт хүргэх гэх хэрэггүй. Нөгөөдөр чи ч ирэх явдалгүй. Хэрэв чи сэтгэл түвдэхгүй байгаа бол одоо мөргөөд явагтүн. Харин чи олон хүн дагуулж ирж намайг үймүүлэх гэвэл би хүлээхгүй” гэж байна лээ. Би ч очиж чадахгүй. Харин Лай Шөнийг дуудан ирүүлж хоёр өдрийн найрын юмыг бэлтгүүлье гэж хэлэв.

Ёу хатан, Жя Рун ийг дуудав. Тэгээд түүнд “Хуучны ёсоор хоёр өдрийн найр хуримын юмыг бэлтгэ” гэж Лай Шэнд тушаагтун. Элбэг дэлбэг бэлтгэ. Чи өөрөө баруун ордонд очиж Лао Тайтай, их Тайтай, бага Тайтай, Лянь авга эхээ цугаарыг ир гэж зал. Эцэг чинь, өнөөдөр нэг сайн эмчийн сураг дуулаад түүнийг залжээ. Маргааш ирнэ. Чи түүний энэ хэдэн өдрийн биеийн байдлыг эмчид нарийн тодорхой хэлж өг” гэж хэлэв. Жян Рун, хэлсэн болгоныг нь хүлээн аваад гарч одов.

Энэ зуур эмч залахаар явсан зарцтай учрав. Тэрбээр, “Боол би, Фөн Даяа эмчийн гэрт очиж ноёнтны нэрийн бичгийг заллаа. Тэр эмч ингэж хэлж байна. Өнөөдрийн турш хүмүүстэй уулзаж ирсэн учир ядраад байна. Одоо ордонд очвол судас барьж чадахгүй. Ядаж нэг шөнө амраад маргааш очъё” гэснээ бас миний эмнэлгийн эрдэм мөхөс. Энэ хэцүү найдварыг дагахгүй байвал зохино. Ганцхүү Фөн Зиин хийгээд ордны ноён ийнхүү хэлсэн тул очихгүй бол бас болохгүй. Чи урьдаар буцаж хариад миний өмнөөс ихэст мэдүүлтүгэй. Ноёны нэрийн бичээсийг аймшиггүй хүлээн авч үнэхээр чадахгүй гээд надаар буцаан илгээв. Агь та, боол миний өмнөөс мэдүүлэх болов уу” гэсэнд Жя Рун буцаж ороод Жя Жэнь, Ёу хатанд зарцын үгийг дамжуулаад эргэж гараад Лай Шэнд найр хуримын юм бэлтгэхийг тушаав. Цаадах нь ч ёсчлон базаая гэснийг үл өгүүлэн өгүүлэх нь: маргааш нь үдийн алдад хаалганы хүн дотогш орж “Залсан Зан эмч ирэв” гэж мэдэгдэв. Жя Жэнь түүнийг их танхимд залж суулгаад цай барьсны дараа “Өчигдөр Фөн лаоегийн сэнхрүүлснээр, эрхэм эмч та бол эгэл биш эрдэм мэдлэгтэй бөгөөд ялангуяа эмнэлгийн ухаанд гүн нэвтэрснийг мэдэж дорой хүн би тэсгэлгүй биширнэм” гэж хэлэв. Зан эмч,

-Доорд би, болхи бүдүүлэг, эрдэм мэдлэг мөхөс бөлгөө. Эрхэм таны доодсыг хүндэтгэдгийг өчигдөр Лю Даеэгээс сонсож мэдсэн бөгөөд та бас дуудуулсан тул аймшиггүй зөрчиж эс чадав. Үнэнхүү мэдлэг огтхон ч байхгүй тул хувьдаа ичингүйрнэ гэв.

Тэгээд эмч, Жя Рунгийн хамт дотор өрөөнд орж Чинь авхайг хараад: “Энэ эрхэм хатан мөн үү” гэсэнд цаадах нь: “Мөн мөн. Эмч та суутугай. Би урьдаар доорд эхнэрийн өвчний байдлыг хэлсний дараа та судсыг барьж үзнэ үү” гэсэнд эмч “Өчүүхэн дүүгийн нь санаа бол урьдаар судсыг барьж, дараагаар нь өвчний үндсийг сонсмоор байна. Эрхэм ордонд би анх удаа ирж байна. Угаасаа би бол юм мэдэхгүй л дээ. Гагцхүү Фөн лаое өчүүхэн намайг очиж үз гэсэн тулд л би аргагүй ирсэн юмаа. Одоо судас баръя. Тэгээд өчүүхэн дүүгийн нь хэлэх таарах, эс таарахыг үзээрэй. Надад хэдэн өдрийн өвчний байдлыг сонсговол зүгээр. Эцэст нь, бүгдээрээ зөвлөлдөж байгаад жорыг үйлдэе. Хэрэглэж болох эсэхийг Лао е тогтооно гэж хэлэв. Жя Рун,

-Та бол мэргэн хүн байна. Гагцхүү энд учрах минь оройтсон нь харамсалтай. Та одоо судсаа үзээ. Засахад ямар болохыг мэдвэл, эцэг эхийн сэтгэлийг амаржуулж болно гэсэнд, зарц нар Чинь авхайг түшиж, ханцуйг шууж гарыг гаргав. Эмч эхлээд баруун гарын судсыг дарж, амьсгалаа түгжин судасны цохилтыг тоолон удтал нарийвчлан үзээд дараа нь зүүн гарыг сольж мөн л аажуухан үзэв. Тэгээд эмч “Одоо бид гаднах өрөөнд очицгооё” гэв. Тэднийг гаднах өрөөнд ороход нэг эмгэн цай барив. Жя Рун “Цай зооглотугай” гэв. Тэгээд цай ууж дууссаны дараа “Эмч таны судас барьж үзсэнээр, энэ өвчин эдгэрэх үү, эдгэрэхгүй юү” гэсэнд эмч

-Эрхэм хатны судсыг үзвэл, зүүн гарын цоны судас тунаж долгисно. Зүүн гарын ганы судас тунаж живжээ. Баруун гарын цоны судас нарийн бөгөөд хүчингүй. Баруун гарын ганы судас сул болоод тамир доор. Зүүн цоны судас тунаж долгисох нь зүрхний тамир доройтоод гал бадарсан болой. Зүүн ганы судас тунаж живсэн нь элгэнд хий боогдоод цус дутжээ. Баруун цоны судас нарийн бөгөөд хүчингүй нь, уушигны уур буурчээ. Баруун ганы судас сул бөгөөд тамир доор нь, дэлүүний шороо, элэгний модонд эзлэгджээ. Зүрхний тамир доройтоод гал бадарвал сарын тэмдэг тэгшгүй болж нойр алдана. Элэгний цус дутагдаж, хий боогдвол сүвээгээр хатгуулж, сарын тэмдэг хугацаанаас хэтрэн дотор халуурна. Уушигны уур буурвал толгой эргэж нүд эрээлжлэн барс туулай цагт3 лав хүйтэн хөлс гарч завиар хөвөх мэт санагдана. Дэлүүний шороо элэгний модонд эзлэгдвэл эрхгүй идээ ундаанд дурлахгүй, бие алжаан дөрвөн мөч хүчгүй болно. Миний судас барьснаас үзвэл, өвчний байдал ийм байна. Үүнийг жирэмсэлсэн судас гэвэл дорой би харин аймшиггүйгээр дагахгүй гэж хэлэв. Хажууд нь сууж байсан нэгэн шадар зарц эмгэн: “Тийм байлгүй яахав. Эмчийн хэлж байгаа нь үнэхээр сахиулсаны үг мэт тул харин бид юугаа ярих вэ. Манай гэрт хэд хэдэн эмч ирж үзэж байгаа. Энэ мэт оночтой хэлсэн хүнгүй. Зарим нь жирэмсэн гэнэ. Зарим нь өвчин гэнэ. Энэ нь хамаагүй гэнэ. Тэр нь өвлийн хүйтнээр хэцүү гэнэ. Ер нь оночтой үг үгүй дээ. Одоо ноёнтноос хүсэх нь, тодорхой зааварлаж хэлнэ үү” гэв.

-Да найнайгийн энэ өвчнийг тэр олон хүн гуай нар удаашруулжээ. Хэрэв анх удаа сарын хэрийн хугацаанд эмнэн зассан бол тэр үед илаарших байжээ. Одоо өвчнийг саатуулж, нэгэнт энэ хэрд хүргүүлсэн тул энэ зовлон зайлшгүй болжээ. Миний бодлоор, энэ өвчнийг засахад гурван хувийн бололцоо бий. Миний эмийг ууж үзтүгэй. Хэрэв унтаж чадвал бас хоёр хувийн итгэл нэмэгдэнэ. Судаснаас үзвэл, да найнай бол сэтгэл санаа чанга хатуу цэцэн сэргэлэн хэтэрсэн хүн. Цэцэн сэргэлэн хэтэрвэл санаанд үл түвдэх хэрэг үргэлж гарна. Санаанд үл түвдэх хэрэг үргэлж гарвал эргэлзэн бодолхийлэх нь хэтэрхий болно. Энэ өвчин даруй зовоон сэтгэсээр дэлүү гэмтэж, элэгний мод хэдэнтээ бадран сарын тэмдэг тийнхүү хугацаандаа ирэхгүй болжээ. Да найнайгийн түрүүчийн сарын тэмдэг ирсэн өдрийг асуугтун. Лавтайяа үргэлж хугацаанаас урьтаж биш, эрхбиш хугацаанаас хойшилж байсан байх. Тийм бишүү… гэсэнд мөнөөх эмгэн,

-Яг тийм. Ер урьтаж байгаагүй. Хоёр гурван өдөр хойшлох юм уу заримдаа арван өдөр ч хойшилно. Дандаа хойшилж байсан гэв. Эмч сонсоод: “Мөн байна. Энэ нь даруй өвчний үндэс болжээ. Түрүүнд зүрхийг нь тэжээн хий дарах эм уулгасан бол юутай ч ийм хэмжээнд хүрэхгүй. Одоо нэгэнт хий дэгдэж, халуун хөөрсөн байдал илт мэдэгдэж байна. Миний эмийг ууж үз дээ” гээд жор бичээд Жя Рун д өгөв. Тэр жорд бичсэн нь, “Хийг дарж, тамирыг тэжээн, дэлүүг сэлбэж, элгийг тайвшруулагч тан эм, орхоодой хоёр цэн, чонын халтар хоёр цэнг сайтар хуурах, нарсны шим гурван цэн, хуруувчин цэцэг дөрвөн цэн, дэнгүүний иш хоёр цэн, цагаан цээнэ хоёр цэн, хар дэнгүүн нэгэн цэн, таван фун, хунжин гурван цэн, лааган хоёр цэн, цуунд болгосон шар сайр найман фун, найги цагаан хоёр цэн хуурах, жинхэнэ цавуу хоёр цэнг галд хуурах, яан хэү цэн хагасыг архинд болгож, хуурсан чихэр өвс найман фүн… эдгээрийг Лян зы үр долоо, улаан чавга хоёроор даруулж уугтүн гэжээ.

Энэ жорыг Жя Рун үзээд “Үнэхээр мэргэн байна” гээд, эмчээс “Энэ өвчин аминд аюултай юу, аюулгүй юү” гэж асуув. Эмч инээгээд: “Лао е чи ухаантай хүн байна. Өвчин энэ хэмжээнд хүрсэн нь нэг хоёр өдрийн явдал биш шүү. Энэ эмийг уусны дараа эмчийн талыг үзнэ. Өчүүхэн миний үзэж байгаагаар бол энэ өвөлдөө ажрахгүй. Хаврын хугас өнгөрсний хойно бүрэн эдгэж болно” гэсэнд Жя Рун, хашир хэрсүү хүн болохоор цааш нь нарийвчилж шалгаасангүй.

Эмчийг үдэж явуулсны дараа Жя Рун эмийн жор, өвчин үзсэн тэмдэглэл зэргийг Жя Жэньд үзүүлж хэлсэн үгийг нь Ёу хатан тэд нарт хэлэв. Ёу хатан: “Бусад эмч нар ерөөсөө нэвт тодорхой хэлдэггүй байж. Бодвол эм хэрэглэх нь сайн байхаа” гэв. Жя Жэнь: “Тэр угаасаа хүн мэхэлж, гэдсээ тэжээх эмч биш. Фөн Зыин бидэнтэй сайн байдаг учраас хичээн чармайж байж энэ хүнийг залж ирүүллээ. Ийм хүнтэй уулзсан болохоор бэрийн өвчин эдгэж магадгүй. Түүний жорд орхойдоо хэрэглэнэ гэж байна лээ. Уржигдар худалдаж авсан тэр нэг жин сайн орхоодой бий. Түүнийг хэрэглээрэй” гэсэнд Жя Рун зөвшөөрөөд хүн явуулж эмийг нь авчруулан чануулж Чинь авхайд уулгав. Энэ эмийг уугаад Чин авхайн өвчин ямар болсныг мэдье гэвэл дараагийн бүлэгт үзтүгэй!

Тайлбар:

  1. Хан улсаас хойших “Засгийн газар” илээр ноён зэрэг худалдах болж зоос мөнгөний их, багаар ноёны зэргийг тогтоодог байжээ. Ингэж мөнгөөр зэрэг авахыг “Зэрэг хэргэм буулгах” гэдэг байжээ.

  2. “Буян хураах ном” Вэнь Чин эзний зохиосон ном. Хуучны хорио цээрийг хураангуйлсан бичиг.

  3. Барс туулай цаг-Хуучны цаг мөчийг арван хоёр жилээр тоолдог. Үдшийн арван нэгэн цагаас шөнийн нэг цагийн хоорондох цагийг хулгана цаг гэж тоолдог. Барс туулай цаг нь өглөөний гурван цагаас долоон цагийн хоорондох цагийг хэлнэ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж