"Оюутолгойгоос “Эрдэнэт”-ийн адил татвар ав”

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

"Оюутолгойгоос “Эрдэнэт”-ийн адил татвар ав”

"Оюутолгойгоос “Эрдэнэт”-ийн адил татвар ав”

“Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл өнөөдөр /2017.01.03/ Засгийн газраас хувь хүний орлогын албан татвар болон тэтгэврийн нас нэмэгдүүлэх хууль батлан хэрэгжүүлж байгаа нь уурхайчдын амьдралд дарамт учруулж байгаа талаар мэдээлэл хийлээ.


“Уул уурхайн компаниудаас адил татвар авах хэрэгтэй”

Энэ үеэр тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Засгийн газраас төсвийн алдагдлыг иргэдээс татвар авах маягаар нөхөх нь буруу. Татвар нэмэгдүүлэхгүйгээр төсвийн алдагдлыг нөхөх бүрэн боломж байгаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “Оюутолгой” компани тогтмол таван хувиар, алтны уурхайнууд тогтмол 2.5 хувиар, “Эрдэнэт” үйлдвэр компани 16-18 хувиар төлж байна. Тиймээс уул уурхайн чиглэлийн компаниудын татварыг адилтган тэнцүүлэхээр “Эрдэнэт” үйлдвэрээс авч буй хэмжээний рояалтын татварыг “Оюутолгой” компани, алтны уурхайнуудаас авснаар төсөвт хоёр дахин их мөнгийг төвлөрүүлэх боломжтой” гэдгийг хэлж байлаа.

"Эрдэнэт" үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөр

“Цалингаасаа 65-100 мянган төгрөгийн татвар төлнө”

“Хууль тогтоомжийн тухай хуульд хууль санаачлагч нь хамаарал бүхий этгээдүүдээс саналыг нь авах ёстой байдаг. Гэтэл өнөөдөр уул уурхайн салбарынхнаас ямар ч санал аваагүй учраас бид хувь хүний орлогын албан татварын талаар мэдээлэлгүй байсан. Бидний зүгээс Орхон аймгаас сонгогдсон гурван УИХ-ын гишүүндээ хандана. Хэрвээ ажлын тав хоногт багтан хариу өгөхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандах болно.

Улсын хэмжээнд уул уурхайн салбарт нийт 64 мянган ажилчид ажиллаж байна. Одоогоор уул уурхайн салбарынхан эсэргүүцлийн гарын үсгээ цуглуулж, эсэргүүцэлд нэгдэж байгаа. Манай үйлдвэрт гэхэд нийт 6 мянган ажилчинтай. Хувь хүний орлогын албан татварыг хэрэгжүүлснээр  дундаж цалин болох хоёр сая орчим төгрөгөөс ойролцоогоор 65-100 гаруй мянган татварыг авахаар болчихоод байна” гэдгийг тус үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөр ярилаа.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж