Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр агаарын бохирдлыг авч хэлэлцэх юм байна. Энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Айлууд гэрээ дулаалах нь нэг номерын асуудал болсон. Нэг айлыг дулаалахад нийтдээ зургаан сая төгрөг болж байгаа. Энэ хэмжээний мөнгө гаргаад гэрээ дулаалах айл өрх цөөхөн шүү дээ. Ер нь хонины нэхийгээр туурга, дээвэр өгөхөд 6 сая төгрөг болно. Энэ хэмжээний мөнгө гаргаад дулаалах айл цөөхөн. Дулаалгын компаниуд хонины нэхийгээр туурга, дээвэр хийсэн байна. Монгол гэрийг хонины нэхийгээр дулаалах бүрэн боломжтой гэдэг нь харагдсан. Засгийн газраас яндангийн тоог цөөлөх, бусад эрчим хүч, техник технологийг ашиглаж, гэр хорооллын дулаалгыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Утаагаар улс төр хийж байгаа нь үнэн. Утаанаас салъя гэвэл айл өрх, аж ахуйн нэгж төр засаг гээд бүгд дор дороо арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Өнгөрсөн хугацаанд утааг бууруулахад нийтдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Гэхдээ бүгдийг үр ашиггүй зарцуулсан гэвэл буруу. Алдаж, оносон юм байгаа байх. Утаа гаргадаг яндангийн тоо жил ирэх тусам өсч байгааг та бүгд мэднэ. Улаанбаатар хот утаанаас салах бүх л боломжийг бүгд ашиглах хэрэгтэй. Тавдугаар цахилгаан станцыг шинээр барихаас илүү, гурав, дөрөвдүгээр цахилгаан станцыг өргөжүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байгаа” гэсэн бол Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Агаарын бохирдлыг бууруулах ямар шийдэл байгаа талаар хотоос Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд үндсийг судлах хэрэгтэй. Өнгөрсөн онд энэ талаар үүрэг даалгаврыг Шинжлэх ухааны академид өгсөн. Шинжлэх ухааны академиас дулаалгын аргаар агаарын бохирдлыг бууруулах арга байгааг танилцуулсан. Мөн захиргааны аргыг хэрэглэнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд янданг орон сууцаар солих ажлыг өргөжүүлнэ. Өнгөрсөн жил таван тэрбум, энэ жил бас ийм хэмжээний мөнгө зарцуулна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар иргэд юу хийх вэ, төр засаг юу хийх вэ гэдгийг шийднэ” гэв.
Б.БАТ
Холбоотой мэдээ