2017 оны хамгийн ашигтай валютаар Мозамбикийн метикал шалгарчээ. Метикалын ханш өнгөрсөн онд ам.доллартай харьцуулахад 21 хувиар өссөн үзүүлэлт ажиглагдсан гэж Bloomberg мэдээлж байна.
Шинжээчдийн тэмдэглэж буйгаар, дэлхийн санхүүгийн зах зээлээс хамгийн их ашиг орлого олсон хүмүүс нь мэдээж, криптовалют эзэмшигчид гэв. Учир нь, биткоин 2017 онд 1500 хувийн өсөлт үзүүлсэн ажээ. Гэсэн ч криптовалютад хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэдгийг шинжээчид тэмдэглэж байна.
Өнгөрсөн онд дэлхийн валютын зах зээлийг Мозамбикийн метикалын ханш 21 хувийн өсөлт үзүүлснээр тэргүүлсэн бол түүний араас Чехийн крона болон Польший Злот 18 хувийн өсөлт үзүүлснээр удаах байранд оржээ. Харин хөрөнгө оруулахад хамгийн ашиггүй валютаар узбекийн сум тодорсон байна. Сум валютын ханш өнгөрсөн онд 60 хувийн уналттай байв.
Үүнээс гадна, түүхий эд хөрөнгийн эздийн хувьд хамгийн ашигтай хөрөнгө оруулалтаар палладий шалгарчээ. Түүний ханш 54 хувиар өссөн гэнэ. Харин зэс, хөнгөн цагааны ханш 29 хувиар өссөн аж. Байгалийн хий оны төгсгөлд 27.5 хувиар буурсан үзүүлэлт ажиглагдсан байна.
Үнэт цаасны хувьд хамгийн өсөлттэй нь Грекийн төрийн бонд 60 хувь, Белизийн төрийн бонд 38.7 хувь болон Аргентины төрийн бонд 30 хувиар тус тус өссөн үзүүлэлт ажиглагдсан байна. Харин ашиг багатай үнэт цаасаар Венесуэлийн төрийн бонд тодорчээ. Тус улсын төрийн бонд 55 хувь хүртэл ханш нь буурчээ.
Украины UX 80 хувийн өсөлт үзүүлж, хувьцааны индексүүдийн дунд хамгийн ашиг орлоготойгоор тодорчээ. Тэгвэл Казахстаны хувьцааны индекс 65 хувиар, Монгол Улсын хувьцааны индекс 63 хувиар тус тус өсч, удаах байранд оров. Харин Пакистаны хувьцааны индекс 22 хувиар буурсан байна.
А.АНИР