Трамп: Миний цөмийн товчлуур илүү том

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Трамп: Миний цөмийн товчлуур илүү том

Трамп: Миний цөмийн товчлуур илүү том

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны шинэ оны заагт АНУ-д хаягласан заналхийллийн хариуд Доналд Трамп ч мөчөөгөө өгсөнгүй.

“Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ширээн дээр нь цөмийн товчлуурын байнгын бэлэн байдаг гэсэн байна билээ.  Надад ч бас цөмийн товчлуур бий. Гэхдээ түүнийхээс илүү том, бас илүү хүчирхэг товчлуур бий гэдгийг үгүйрч хоосрон, хүнсний хомсдолд нэрвэгдсэн Хойд Солонгосын дэглэмийн хэн нэгэн нь түүнд уламжилж өгсү. Бас миний товчлуур ажилладаг юм шүү!” хэмээн Трамп жиргэжээ.

Ким Жон Ун шинэ жилийн илгээлтдээ “АНУ-ын эх газарт цохилт өгч чадах хэмжээний хүчин чадалтай цөмийн зэвсэг манайд бий. Цөмийн зэвсгийн товчлуур ширээн дээр минь байна. Үргэлж бэлэн. Энэ бол заналхийлэл, сүрдүүлэг биш, бодит байдал гэдгийг тэд сайтар ойлгож, эмээж явах хэрэгтэй” гэсэн юм.

Улмаар Ким АНУ-ын эсрэг үг, өгүүлбэрээ түр завсарлаж, Өмнөд Солонгостой харилцаагаа эерүүлж, Пёнчаны өвлийн олимпод тамирчдаа илгээх асуудлаар өмнөдтэй яриа, хэлэлцээ хийхэд бэлэн буйгаа илэрхийлсэн билээ.

АНУ-ын төрийн тэргүүний хувьд БНСУ-тай харилцаагаа зөөлрүүлэх гэсэн Кимийн хандлага “сайн мэдээ байж магадгүй, эсвэл үгүй ч байж болно” гээд, Хойд Солонгост ирж буй дарамт шахалт, хориг арга хэмжээтэй холбоотой гэж тайлбарлажээ.

Түүнчлэн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөхдөө, “Хойд Солонгосын асуудлаарх АНУ-ын баримтлах бодлого өөрчлөгдөөгүй, АНУ цаашид ч Хойд Солонгосыг дэлхий нийтийн аюул заналхийлэл гэж үзсэн хэвээр байх болно” гэж мэдэгдсэн юм.

Трамп Хойд Солонгосын асуудлаар твиттертээ нэг бус удаа жиргэж, үзэл бодлоо илэрхийлж байв. Тэрбээр “Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хойд Солонгостой хэлэлцээ хийх гэж оролдох нь цагийн гарз” хэмээж, Ким Жон Уныг “пуужинтай бацаан” гэж хүртэл цоллож байсан юм. Доналд Трампыг “зөнөсөн өвгөн” хэмээсэн Хойд Солонгосын мэдэгдлийн хариуд тэрбээр “Ким Жон Ун яагаад намайг “хөгшин” гэж доромжлов. Би түүнийг хэзээ ч “намхан, тарган” гэж дуудаж байгаагүй. Яая гэх вэ, би түүнтэй нөхөрлөх гэж ихэд хичээж байгаа. Хэзээ нэг өдөр биеллээ олох ч юм билүү” хэмээн егөөдсөн жиргээ бичиж байсан юм.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж