Амиа хорлосон хүний видео бичлэгийг түгээсэн блоггер уучлал хүсэв

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Амиа хорлосон хүний видео бичлэгийг түгээсэн блоггер уучлал хүсэв

Амиа хорлосон хүний видео бичлэгийг түгээсэн блоггер уучлал хүсэв

АНУ-ын блоггер Логан Паул гэх залуу эр модноос дүүжилж амиа егүүтгэсэн хүний цогцсыг бичлэг хийж, интернэт орчинд түгээснийхээ хариуд шүүмжлэлийн бай болсон юм. Тэрбээр Японы “амиа хорлох цэг” хэмээгддэг ой модонд хийсэн бичлэгээ цахим сүлжээнд байршуулсан байжээ.

Твиттерт олон сая дагагчтай, мөн YouTube суваг нь олон тооны хандагчтай Паул болсон явдлын дараа твиттерээр дамжуулан хэрэглэгч, олон нийтээс уучлал гуйсан байна.

Шүүмжлэл дагуулсан ёс бус видеог устгасан боловч видеоны зарим хэсэг, дүрс одоо ч цахим орчинд байсаар байна. Интернэт хэрэглэгчдийг хамгийн ихээр бухимдуулж, эгдүүцүүлсэн зүйл нь Паул өөрөө цогцсыг шоолж, тохуурхах маяг гаргасан юм.

Паул өнгөрсөн ням гаригт  /2017.12.31/ найзуудтайгаа хамт Японы Фүжи уулын ойролцоох Аокигахара ойд явган аялал хийж байжээ. Тэр хэсэг газарт амиа хорлох тохиолдол цөөнгүй гардгийг Паул урьдаас мэдэж байсан ч модны мөчрөөс дүүжилж амиа хорлосон цогцсыг хараад гайхаж, цочирдож байгаа нь бичлэгт гардаг.

Хожим твиттерт уучлал хүсэхдээ тэрбээр тэрхүү бичлэгийг хийх болсон зорилго нь хандалт татах биш, харин амиа хорлолтын хор уршгийг таниулж, түүнээс сэргийлэх, өөр бусдын амийг аврах зорилготой байсан гэж тайлбарласан юм.

Япон амиа хорлолтын түвшнээр дэлхийд нэлээд дээгүүрт бичигддэг. Тус улсын засгийн газраас өгсөн мэдээллээр жилд 21 мянга гаруй амиа хорлолт бүртгэгддэг байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж