Ерөнхий сайдын зарласан ”хямдрал” хаачив

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын зарласан ”хямдрал” хаачив

Хаана байна, тэр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, зур­гаан хувийн хүүтэй зээл чинь. Мон­гол Улсын Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхээр амалснаас хойш цөөн­гүй хугацаа үджээ. Гэр хорооллыг барилгажуулж, бага дунд орлоготой иргэдийг байртай болгоно хэмээн амалсан эрх баригчдын амлалтыг иргэд өнөө ч харж, хүлээж суугаа. Уг нь авхаалжтай, ажилтай засаг төртэй байсан бол аль хэдийн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж айлууд нь эхнээсээ  байрандаа ороод эхэлчихсэн байх байлаа. Даанч залхуу­гийн гадаа түлшгүй, залгидгын гэр хоолгүй гэгчээр дээрх хөтөлбөр хөрөн­гөгүй Хөгжлийн банкнаас болоод  өнөөдөр байтугай маргааш хэрэгжих эсэх нь тун бүрхэг. Засгийн газраас төлөвлөснөөр бол “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 75 мянган байшин Улаанбаатарт, 25 мянган нь байшин хөдөө сүндэр­лүүлж, нийслэлийн Баянголын ам, Яар­маг, Буянт-Ухаа, Сүхбаатар дүүр­гийн долдугаар хороолол, 14 дүгээр хороолол, Ирээдүй хороолол, МҮОНРТ орчмын хорооллыг шил толь нь гялалзсан сууц болгоно гэж байсан. Гэвч өнөөдөр хэзээ Хөгжлийн банк нь хөрөнгөтэй болж, хэдийд хөтөлбөр хэрэгжихийг хэлээд өгөх эрх мэдэлтэн ч алга. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг хүртэл байгуулсан. Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Т.Пүрэвдоржоор ахлуулсан яамны ажлын хэсэг, дэд бүтцийн асуудлаар Эрдэс баялаг эрчим хүчний яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсгийнхэн өнөөдөр эврээ буганд өгөөд хүлээж суудаг тэмээний өргөлөөр Шаргал ордныг ширтэн суугаа гэсэн. Асуудлыг нь шийдэх шийдэх ёстой УИХ-ын гишүүд тараад наадамдаад явчихсан Намрыг сар найм биш болохоор ямар ч байсан энэ жилдээ энэхүү хө­төл­бөрт найдаад хэрэггүй нь дэг. Хө­төл­­бөрийг хэрэгжүүлэхийн тулд Хөгж­лийн банкаар дамжуулан 447 тэрбум төгрөгийн бонд гаргахаар шийд­вэрлэсэн ч нөгөө нөхрийнх нь халаасанд нэг төгрөг байхгүй байгаа сурагтай. Өмнөд Солонгос улсаас өчнөөн өндөр үнэтэй баг авчирсан ч ажил нь тун урагш муутай байгаа бололтой.

Мартаагүй бол Ерөнхий сайд маань “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд зургаан хувийн хүүгийн хямдрал зарлаж, байртай болохын төлөө хуруу хумсаа хуйхлан байгаа иргэдэд ихээхэн горьдлого төрүүлсэн. Харамсалтай нь, зарласан “sale” нь хаана явааг Засгийн газар өөрөө ч хэлж чадахгүй байна. Тэдэнд зургаан хувийн хүүгийн хямдрал, бага дунд орлоготой иргэдэд зориулан барих байр хэрэггүй юм болов уу. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөөс болж өнөөдөр байрны үнэ өч төчнөөн сая төгрөгөөр нэмэгдчихээд байгаа. Үүний хариуцлагыг тэгвэл хөтөлбөр хэрэгжүүлэхээр амалсан Засгийн газар хүлээх үү, хөрөнгөгүй Хөгжлийн банк үүрэх үү. Асуудлыг нь шийдэхгүй хойргошоод байгаа УИХ шийдэх үү?

Эл янзаараа бол  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, зургаан х­увийн хүүтэй зээл энэ жил битгий хэл ирэх жил хэрэгжиж чадахгүй дэг.  Энэ хөтөлбөр өдгөө байрны үнийг хөөрөгдөх барилгынханд гоё шалтгаан болоод байгаа. Үүний эсрэг хэн ч юу ч хийхгүй, хэлж чадахгүй байгаа нь хүлцэнгүй монголчуудын хөөрхийлөлтэй байдлын нэг гэлтэй. Хэргээ болохоороо ард түмний нэ­рийг бариад жагсдаг хэд яагаад иргэ­дийн өмнөөс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг эрх баригчдаас шаар­дахгүй байна вэ. Эсвэл Ажилчин ангийн өмнөөс амаа ангайх ёстой Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч ноён С.Ганбаатарт”100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, зургаан хувийн хүүтэй зээл  чухал биш гэж үү. Зургаан жилийн дараа хэрэгжиж дуусах хугацаатай “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зуурдаар таалал төгсчихөөгүй л байгаасай даа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бол эрхбаригчдын ирэх оны сонгуульд иргэдээс авах очков их л өсөх байлаа, уг нь. Гэхдээ ма­най улстөрчид Сонгуулийн хуулиар талцаж, найр наадмын хөлд дарагдсаар явтал хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байна. Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатарын амалсан ирэх онд байрны үнэ хоёр дахин буурна гэсэн амлалт худлаа болж таарах нь. Бага, дунд орлоготой иргэдийг байржуулах хөтөлбөрт баяртай гэж хэлэх харамсмаар л санаг­даад байх юм даа. Бүү багал­зуур­даач эрхэм гишүүд ээ?

Ж.НЯМСҮРЭН

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж