Д.Загджав: Тэвчээрт хязгаар бий

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Д.Загджав: Тэвчээрт хязгаар бий

Д.Загджав: Тэвчээрт хязгаар бий

Шатахуун түгээх станцууд А-92 бензин зарахгүй, хязгаарлалттай зарж эхэлсэн. ОУВС-тай хамтарсан хөтөлбөрийн хүрээнд шатахууны онцгой албан татвар нэмэгдэх асуудал ч яригдаж байгаа. Шатахууны үнэ нэмэгдэх эсэхийг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн үнийн зөвлөл шийдвэрлэдэг. Энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, үнийн зөвлөлийн дарга Д.Загджавтай ярилцлаа.


-Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч ажиллаж байгаа хөтөлбөрийн хүрээнд шатахууны онцгой албан татварыг нэмэхээр болсон. Шатахууны онцгой албан татвар нэмэх асуудлыг хоёр ч удаа хойшлуулсан. Шинэ оны дараа татвар нэмэгдэнэ гэх яриа ч олны дунд гарсан байна. Онцгой албан татвар нэмэгдэх үү?

-Монгол Улс эдийн засагт нааштай үр дүн харагдаж эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хэлснээр Монгол Улсыг өвчтэй хүнтэй зүйрлэвэл сэхээнд байгаа, сэхээнээс нь гаргахын тулд эрчимтэй ажиллах шаардлагатай. Энэ үүднээс Засгийн газар ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2017 оны долдугаар сарын 1, аравдугаар сарын 1-нээс тус бүр хуучин бууруулсан шатахууны онцгой албан татварыг сэргээх шийдвэр гарсан. Тухайлбал, 2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар нэг тонн автобензин 400 орчим мянга, дизель түлш 520 мянган төгрөгийн татвартай байсныг 2016 Засгийн газар байгуулагдсаны дараа онцгой албан татварыг бууруулсан. Автобензин 260 мянга, дизель түлш 280 мянган төгрөг хүртэл бууруулсан. 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд мөн автобензины татварыг 160, дизель түлш 180 мянган төгрөг болгож бууруулсан. 2017 оны нэгдүгээр сард автобензиныг 50 мянга, дизель түлшийг 70 мянган төгрөг болгож бууруулсан байсан. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд энэ үе шаттайгаар буруулсан хэмжээг үе шаттай сэргээнэ гэж заасан. Онцгой албан татвар нэмэх гэж байгаа асуудал огт байхгүй. Өмнө нь бууруулснаа үе шаттайгаар сэргээнэ гэдэг асуудал л яригдаж буй ОУВС-ийн зүгээс 2017 оны долдугаар сарын 1, аравдугаар сарын 1-ээс тус тус шатахууны онцгой албан татварыг бууруулсан хэмжээгээр нь сэргээх санал гаргасан.

-Оны өмнө үнийн зөвлөл хуралдах байсан ч ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хойшилсон. Үнийн зөвлөл татварын асуудлыг ярилцсан юм уу?

-Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн хамтарсан зөвлөл гэж бий. Энэ зөвлөлөөр татвар сэргээх асуудлыг хэд хэлэлцсэн. Тухайлбал, 2017 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх байсан татварын анхны шатлалыг нэмэх хугацааг хойшлуулах саналыг зөвлөл гаргасан. Мөн аравдугаар сарын 1-ээс татвар нэмэх асуудлыг хойшлуулах саналыг тус тус Засгийн газарт хүргүүлж асуудлыг шийдвэрлүүлсэн. Үнийн зөвлөл хоёр ч удаа хуралдаж, дэлхийн зах зээлд хүрч, үнийн бодлогод нөлөөлөх арга хэмжээ авах боломжтой гэж үзэж, компаниудад болон холбогдох газруудад нь зөвлөмж хүргүүлсэн. Ер нь бол дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүн хямд байсан үед үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зохицуулах буюу хямд үнээр валют худалдах, тодорхой зээл олгох зохицуулалт үе үеийн Засгийн газар хийж ирсэн. Бидний хувьд дэлхийн зах зээл дээрх үнэд хүрч ажиллах санал гаргасан. Тухайлбал, олон улсын зах зээлд газрын тос дервотивын зах зээлд оролцдог эрхтэй компаниудтай хамтын хэлэлцээр байгуулж, Монголын зах зээлд дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлэх боломжтой байсан. Манай ихэнх нефть импортлогч компаниуд ОХУ-ын Роснефть компанитай, БНХАУ-ын зарим компанитай хамтарч ажилладаг. Голлох нефть импортлогчдын үнэд нөлөөлөхгүй байх боломжийг судалж, тодорхой шийдвэр гаргасан. Жишээлбэл, Автобензин нэг тонн нь 400 ам.доллар байж байгаад, гэнэт 500 ам.доллар болсон тохиолдолд бид олон улсын буюу дервотивын компанид 500 ам.доллараар худалдаална. Харин Монголын аж ахуй нэгжүүд 400 ам.доллараар худалдаж авах боломжийг бий болгохыг зорьсон. Бидний хувьд олон улсын глобал компаниудтай ярьж, хэлэлцсэний дүнд тодорхой компаниудад хамтарч ажиллах зөвлөмжийг хүргүүлсэн

-Яам болон холбогдох албаныхан шатахууны нөөц буураагүй, үнэ өсөөгүй гэдэг тайлбар өгч байгаа ч бодит амьдрал дээр А-92 шатахууны хязгаарлалттай зарах, нөөц бага байгаа, зарим газар огт зарахгүй байгаад байна л даа?

-Монгол Улсад шатахуун импортлогч 80 гаруй аж ахуй нэгж байдаг. Улсын хэмжээнд 38 хоногийн нөөцтэй байгаа. Тэгэхээр шатахууны үнэ өсөөгүй, буураагүй. Роснефть компанийн харьяа Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр өнгөрсөн зун засварын ажил хийсэн. Гэхдээ одоогоор үйлдвэр хэвийн шатандаа орж, тогтворжсон. Нийлүүлэлт хэвийн байгаа. Тиймээс нөөц буурах, гадаад нөхцөл байхгүй. Компаниудын дотоод зохион байгуулалт, менежменттэй холбоотойгоор хомсдол үүсч байгаа байх.

-Төр нэмэхгүй, нөөц байгаа гээд байдаг нөгөө талдаа аж ахуй нэгжүүд нь нөөц байхгүй учраас хязгаарлаж байна, үнэ нэмэх байх гэдэг зүйл яриад байна. Тэгэхээр хэн нь үнэн яриад байна вэ?

-Нефтийн бүтээгдэхүүний импортлогч компаниуд дотроос зарим нь хамтарсан зөвлөлт бусдыгаа төлөөлж оролцдог. Бид бол хамтаараа шийдвэр гаргадаг. Ер нь бол нефтийн бүтээгдэхүүний салбарыг яаравчлан хувьчилсан гэж би хардаг. Гэхдээ төр өөрөө аж ахуй нэгжүүд, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллаж, ярилцаад явж байгаа гэж бодож байгаа. Үнийн зөвлөл сая оны өмнө хуралдах байсан ч ирц хүрээгүй учраас хуралдаж чадсангүй. Удахгүй хуралдаж, асуудлаа ярих байх.

-Үнийн зөвлөлд хэн нь давуу эрхтэй юм бэ. Үнийн зөвлөлөөр шийдвэр нь гарсан байхад зарим нэг нь “том” толгойлоод хязгаарлалт хийгээд, үнэ нэмээд байна вэ?

-Уламжлал ёсоор төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, шатахууны импортлогч, худалддаг компаниудын төлөөлөл оролцож иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлдөг хүмүүс хамтарч ярилцаж, зөвлөмж гаргаж түүнийгээ Засгийн газар болон холбогдох байгууллагад хүргүүлдэг. Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох албаныхны хэлж буйгаар үнэ бол нэмэгдээгүй гэсэн мэдээлэл надад ирсэн.

-Шатахууны 38 хоногийн нөөцтэй учраас хомсдол үүсэх боломжгүй гэж та хэллээ. Тэгэхээр зохиомлоор хомсдол үүсгэж байна гэж ойлгож болох уу. Бас ийм тохиолдолд хариуцлагын асуудал яригддаг уу?

-Энэ асуудлыг Үнийн зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцэнэ.

-Импортлогч компаниуд өнгөрсөн гурван сарын хугацаанд ашиггүй ажиллаж ирсэн. Цаашид энэ байдлаар үргэлжилбэл сөхөрч мэднэ гэдэг тайлбарыг хэлээд байгаа?

-Бид импортлогч компаниудын эрх ашгийг байнга бодож, ойлгож ирсэн. Аль аль нь хүлээцтэй хандах байх.

-ОХУ-д шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн мэдээлэл гарсан. Тэгэхээр Монгол Улс энэ давалгаанд өртөж, ойрын үед үнэ нэмэгдчих вий гэсэн болгоомжлол байна?

-Өнгөрсөн долдугаар сарын үед хилийн үнэ 46-50 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бол одоо 66 орчим ам.доллартай байна. Үүнээс сэргийлж аж ахуй нэгжүүдэд үнэ тогтворжуулах гэрээ хий гэх мэтээр бүх л бололцоог нь нээж өгсөн. Үнэ нэмэгдүүлэхгүй байх талаар тал талаасаа хичээж ажиллах ёстой. Бараа бүтээгдэхүүний үнэ өсвөл ард түмний амьдрал, улс орны эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Тиймээс туйлын болгоомжтой, ухамсартай хандах ёстой. Үнэ нэмэгдэх асуудлыг үнийн бодлогын зөвлөл шийдвэрлэнэ.

-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөд бидний үнэ дагаж өсч, бид түүнд зохицуулсан бодлого хэрэгжүүлсээр ирлээ. Цаашид нефть боловсруулах үйлдвэр барих, дотоодоос нөөцөө хангах талаар ямар бодлогын арга хэмжээ авах ёстой юм бол?

-Бид жилд нэг сая гаруй тонн нефтийн бүтээгдэхүүний хэрэглээтэй улс. Энэ нь бид өөрөө өөрсдийгөө дотоодын нөөцөөс хангаад явах боломжтой. 1990 оноос хойш манай нефтийн орд газраас сая сая барелл газрын тосны бүтээгдэхүүн урд хөршид гаргаж байна. Тухайн үед бүтээгдэхүүн хуваах гэрээ хийх эрх зүйн зохицуулалт байгаагүй, одоо ч байхгүй, тийм туршлага ч байгаагүй. Тийм үед энэ гэрээг байгуулсан байгаа юм. Үүнийг засч сайжруулж, боловсронгүй болгох, эрх зүйн орчингоо бүрдүүлэх шаардлага бидэнд байгаа. Манай хоёр хөрш, тухайлбал ОХУ 1990 оны эхээр, БНХАУ 1990 оны дундуур бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай хуулиа баталсан байдаг. Өнөөдөр бид хэрэгтэй, хэрэггүй, амьдрал дээр хэрэгждэггүй маш олон хууль баталдаг. Гэтэл хамгийн хэрэгтэй Бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай хуулиа батлаагүй л явна. Монгол Улсын Засгийн газраас боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд байгуулах зорилт тавин ажилллаж байна. Энэ зорилтын хүрээнд Энэтхэгийн Засгийн газраас авах хөнгөлөлттэй зээлийг нефть боловруулах үйлдвэр байгуулахад зориулах, энэ чиглэлэээр төслийн ажлын нэгж байгуулагдаж тодорхой ажлууд ч хийгдэж байгаа. Үүний үр дүнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж бий. Импортлоно гэж худлаа яриад ч яахав дээ. Монгол Улс дэлхийн нийт байгалийн баялгийн 70 гаруй хувийг эзэмшдэг агуу том хоёр хөршийн дунд оршдог. Ийм баян хоёр хөрштэй байж ийм ядуу байгаа нь бидний өөрсдийн буруу.

-Та бүхэн бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай хууль гаргах талаар санаачлага гарган ажиллаж байна уу?

-Манай Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар ажиллаж байгаа нь бидэнд байгаа давуу тал. Сайд маань санаачлагатай сайн ажиллаж, зарим журмын нөхөд нь дэмжиж УИХ-д Уул, уурхайн лобби бүлэг байгуулж чадсан байгаа. Энд л хуулийн төслийн асуудлыг тавьдаг юм уу гэж бодож байна.

-Таныг саяхан Засгийн газрын хуралдааны үер “Оюу-толгойн” үйл ажиллагааг зогсоох ёстой гэдэг зүйлийг хэлсэн гэсэн. Яагаад ингэж хэлэх болов?

-“Оюутолгой”-оос олж байгаа ашиг ард түмэнд харагдахгүй, улс орны эдийн засагт өгч буй нөлөөлөл нь мэдрэгдэхгүй байна. Өнгөрсөн богинхон хугацаанд гурван сая тонн зэсийн баяжмал гаргасан байна. Цэвэр зэс гэхэд 600 мянган тонн гаргасан байгаа юм. Энэ нь 1,2 тэрбум ам.доллар олсон гэсэн үг. Энэ бүхнээс Монголд наалдаж байгаа зүйл нэг ч алга. Саяхан “Рио Тинто” компани “Оюутолгой”-д түшиглэж, манай улсын нэрийг ашиглаж 5.4 тэрбум ам.доллар босгосон. Үүнээс нэг тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд оруулаад, үлдсэн 4.4 тэрбум ам.долларыг Монголоос бусад хувьцаа эзэмшигчиддээ бүгдэд нь тарааж өгсөн байгаа юм. Монгол Улсын 34 хувийн хувьцаа эзэмшигчдийн зээл, хүү нийлээд хоёр тэрбум орчим ам.доллар болно. Яагаад тэд энэ хоёр тэрбум ам.долларыг өгч болоогүй юм бэ. Энэ бол “Оюутолгой”-г цаашид ажиллуулж болохгүй гэх хамгийн том шалтгаан байсан. Гэтэл энэ талаар монголчууд юу ч мэдээгүй. Энэ бол үнэхээр харамсмаар зүйл. Тиймээс Засгийн газрын хуралдааны үеэр “Оюутолгой”-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэдэг үгийг хэлсэн. Тэснэ, тэснэ гэхэд тэвчээрт хязгаар байгаа. Миний болон ард түмний тэсвэр алдарч байгаа шүү.

-Та Засгийн газрыг төлөөлж байгаа хүн. Тэгэхээр ялангуяа “Оюутолгой”-н асуудал дээр ямар байр суурь илэрхийлсэн бэ, Засгийн газар. Цаашид ямар байр суурь баримтлах вэ?

-Бид цөмийн зэвсэг бүхий, НҮБ-ын байнгын гишүүн, хоёр том гүрний дунд байж гуравдагч этгээдэд баялгаа алдсан гэж бодохоор харамсмаар. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоож, түүний дараа ашигтай ажиллах боломжийг бий болгох ёстой. Дэлхийн хамгийн том зэсийн орд Индонез улсад бий. Энэ ордын хувьцааны 50 гаруй хувийг АНУ, 20 гаруй хувийг Рио Тинто компани эзэмшдэг. Гэтэл Индонез улсын зүгээс 20 гаруй хувийг эзэмшигч Рио Тинто компаниас татгалзаж эхэлсэн. Бид энэ туршлагыг судлах ёстой. Олон орны хувьд газар зүйн байршил, геополитик, хөгжил дэвшил хүч чадлаасаа хамаарч, олон үндэстэн дамнасан томоохон компаниудыг давраах тал байдаг. Харин Монгол Улсын хувьд хаана байгаа, хэн билээ, хэний үр сад билээ гэдгээ бодож хэний ч өмнө толгой гудайхгүйгээр хөрш орнуудтайгаа харилцаа, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлага байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж