2017 онд “дэлхийн тайз”-наас буусан 8 эрхэм

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

2017 онд “дэлхийн тайз”-наас буусан 8 эрхэм

2017 онд “дэлхийн тайз”-наас буусан 8 эрхэм

Дэлхий дахины хувьд 2017 он өөрчлөлтийн, бас хямралын жил байлаа.

Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр томилогдож, Зимбабве улсыг 37 жил удирдсан Роберт Мугабе огцров.

Улс төрөөс ангид салбарт, Британийн хунтайж Филип 65 жилийн дараа эрүүл мэндийн шалтгаанаар албан ёсны арга хэмжээнд оролцохоос татгалзаж, бизнесийн хүрээлэлд дэлхийд зартай Uber компанийн захирал Травис Каланик албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм.


БАРАК ОБАМА /АНУ-ын ерөнхийлөгч/ – 2017 оны нэгдүгээр сар

Их гүрний удирдагчаар найман жил тасралтгүй ажилласан Барак Обама 2017 оны нэгдүгээр сарын 20-нд албан ажлаа хүлээлгэн өгсөн юм. Залгамжлагчдаа хаягласан захидалдаа Обама “Бид хэдий ялгаатай боловч гайхалтай хувь төөргөөр ивээгдсэн хүмүүс. Хүн бүрт ийм аз тохиохгүй. Улс орныхоо гэр бүл, хүүхэд бүрт сайн сайхан, амжилт өөд өгсөх шатыг босгохын тулд бид үүрэгт ажлаа хэрхэн гүйцэтгэхээс хамаарна” хэмээн бичсэн байв.


ПАК ГЫН ХЭ /БНСУ-ын ерөнхийлөгч/ – 2017 оны тавдугаар сар

Өмнөд Солонгосын шүүх ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах тухай Үндэсний ассамблейн шийдвэрийг 2017 оны гуравдугаар сард баталсан юм. Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын тойрог үүсгэн, өөрөө гар бие оролцож байсан гэх шалтгаанаар түүнийг огцруулсан билээ.

Түүний залгамжлагч Мүн Жэ-Ин тавдугаар сарын 9-нд сонгуульд ялалт байгуулсан юм.


ФРАНСУА ОЛЛАНД /Францын ерөнхийлөгч/ – 2017 оны тавдугаар сар

Францын төрийн тэргүүнээр таван жил ажилласан Франсуа Олланд 2017 оны тавдугаар сард албан үүргээ залгамжлагчдаа хүлээлгэн өгч, Франц улс 39 настай цэл залуу ерөнхийлөгчтэй болсон билээ.

Өмнө нь банкираар ажиллаж байсан Эммануэль Макрон сонгуульд Марин Ле Пенийг ялснаар Элисейн ордонд заларсан юм.


ЖЕЙМС КОМИ /Холбооны мөрдөх товчооны дарга/ – 2017 оны тавдугаар сар

ОХУ өнгөрсөн жил АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх дуулианыг мөрдөх явцад АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 2017 оны тавдугаар сард Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Коби албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Холбооны мөрдөх товчооны үе үеийн удирдлагууд олон нийтэд төдийлөн алдаршдаггүй. Харин Комигийн хувьд 2016 оны сонгуульд голлох үүрэгтэй оролцож, Трамптай ээдрээтэй харилцаатай байснаараа танигдсан юм. Олон нийтийн өмнө ерөнхийлөгчийг нэг бус удаа хурцаар шүүмжлэн, зэмлэж байв.


ТРАВИС КАЛАНИК /Uber компанийн гүйцэтгэх захирал/ – 2017 оны зургадугаар сар

Дэлхийд зартай Uber компанийн гүйцэтгэх захирал Травис Каланик хөрөнгө оруулагч нарын шахалтаар 2017 оны зургадугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Тэр улстөрч биш, улс гүрний удирдагч биш боловч Uber-ыг дэлхийн тавцанд хүргэж чадсанаараа алдаршсан билээ.

Компанийн уур амьсгал, арьс өнгөөр ялгаварлах байдал, бэлгийн дарамт, доромжлол гээд байгууллагын дотоод хямрал ил болж, цахим орчинд газар авснаар Uber-ын захирал албан тушаалаа хүлээлгэн өгөхөөс аргагүйд хүрсэн юм.

Каланикийн ажлыг Дара Хосровшахи гэх Иран гаралтай эр хүлээн авсан.


ЭНДА КЕННИ /Ирландын ерөнхий сайд/ – 2017 оны зургадугаар сар

Ирландын ерөнхий сайд Энда Кенни 2017 оны тавдугаар сард эрх баригч Фине Гел намын даргын албан тушаалаас огцорч буйгаа мэдэгдсэн юм. Түүний залгамжлагчаар тодорсон Лео Варадкар нь тус улсын түүхэн дэх хамгийн залуу бөгөөд анхны ижил хүйстэн ерөнхий сайд юм.


ХУНТАЙЖ ФИЛИП /Британийн хунтайж/ – 2017 оны наймдугаар сар

Британийн хунтайж Филип эрүүл мэндийн шалтгаанаар олон нийтийн арга хэмжээнээс татгалзаж, цаашид хаан угсааны албан ёсны арга хэмжээнд заавал оролцох шаардлагагүй болов.

Өдгөө 96 настай эрхэм хунтайж 1952 оноос хойш 65 жилийн хугацаанд дан ганцаараа 22219 арга хэмжээнд оролцож, ганцаараа гадаад улс оронд нийт 637 айлчлал хийжээ.


РОБЕРТ МУГАБЕ /Зимбабвегийн ерөнхийлөгч/ – 2017 оны арваннэгдүгээр сар

Африкийн Зимбабве орныг 37 жил тасралтгүй удирдсан Роберт Мугабе 2017 оны арваннэгдүгээр сард цэргийн хүчээр албан тушаалаасаа огцров. Өмнө нь түүний бие хамгаалагчаар ажиллаж байсан, басхүү дэд ерөнхийлөгчийн алба хашиж амжсан Эммерсон Мнангагва тус улсын ерөнхийлөгч болсон юм.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж