Он солигдох мөчид олон улсын төр, засгийн тэргүүнүүд ард түмэндээ хандан мэндчилгээ хүргэдэг уламжлалтай. Мэндчилгээ хэдхэн минут үргэлжлэх боловч агуулга нь тухайн улсын өнгөрсөн оны амжилт, ирэх оны зорилтыг багтаасан байдгаараа онцлогтой.
Хятад
Хятадын дарга Си Жинпин ард түмэндээ хандаж мэндчилэхдээ 2020 он гэхэд ядуурлыг бууруулах зорилтоо танилцуулжээ. Тэрбээр эдийн засгийн өсөлт, Коммунист намын зорилтыг биелүүлэхийн төлөө иргэн бүрд, тэр дундаа алслагдсан хөдөө нутгийн ядуус хичээн зүтгэх ёстойг онцолжээ.
Гол нюанс – Олон улсын харилцаа
Их гүрний хувиар Хятад улс нь дэлхийн энхийг тогтоогч, глобал хөгжилд хувь нэмрээ оруулж, олон улсын хэв журмыг сахиулахын төлөө дуугарах ёстой хэмээн Си Жинпин мэдэгдээд байна. Үүний тулд Хятадын ард иргэд хүн төрөлхтөний агуу энх тайван, их хөгжил цэцэглэлийн ирээдүйн төлөө даян дэлхийн зон олонтой нэгдэх болно гэв.
ОХУ
Ерөнхийлөгч Владимир Путин шинэ жилийн мэндчилгээндээ гэр бүлийн хайр энэрэл, хувь хүний өсч дэмжих нь чухал гэдгийг онцолжээ. Түүний баярын мэндчилгээ 11 цагийн бүсэд хуваагдсан ОХУ-ын нутаг дэвсгэрт он солигдохоос хэдэн минутын өмнө телевизээр ард түмэнд хүрсэн байна. ОХУ нь ирэх онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах бөгөөд Владимир Путин дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.
Гол нюанс – Уучлал энэрэл, өөрчлөлт
Тэрбээр хүн бүрийг ууч сэтгэлээр нэгнээ өршөөж, халуун дулаан тэврэлт, анхаарал халамжаа битгий харамлаасай гэж хүсчээ. Владимир Путин хүн бүрийн сайн сайхан, иргэн бүр эрүүл, хүүхэд бүр аз жаргалтай өсч торнихын төлөө өөрчлөлтийг эхлүүлэхийг уриалав.
Энэтхэг
Ерөнхий сайд Нарендра Моди улс орныхоо хөгжлийг улам ахиулахаа баярын мэндчилгээндээ дайжээ. Тэрбээр 21 нэгдүгээр зуунд төрсөн иргэд энэ онд анх удаа сонгууль өгөхийг сануулаад ирэх наймдугаар сард болох парламентын сонгуульд дүүрэг бүрээс 18-25 насны нэг хүнд суудал гаргах саналыг тавьжээ.
Гол нюанс – Залуусыг дэмжих, парламентын сонгууль
Залуучууд та нарын сонголт шинэ Энэтхэг орныг бүтээнэ. Саналаа өгөх нь ардчиллын хамгийн том хүч бөгөөд олон сая хүний амьдралыг өөрчлөх боломж гэдгийг Нарендра Моди сануулжээ.
Япон
Ерөнхий сайд Шинзо Абэ төрөлт багасаж, хүн амын насжилт нэмэгдэж байгааг улсын хямрал болсныг шинэ жилийн баярын мэндчилгээндээ сануулжээ. Тэрбээр ирэх онд хүүхэдтэй болохыг хүссэн гэр бүлийг илүү олон эх үүсвэрээр дэмжиж, эдийн засгийн эрүүл өсөлтийг бий болгохоо амласан байна.
Гол нюанс – Төрөлтийг дэмжих
Бид хүүхдийн ирээдүйд зоригтойгоор хөрөнгө оруулна хэмээн Шинзо Абе мэдэгджээ. Мөн тэрбээр нийгмийн халамжийн үйлчилгээг шинэчилж, дарамтыг арилгахаа амласан байна.
хойд солонгос
Удирдагч Ким Жон Ун шинэ жилийн мэндчилгээгээр дамжуулан АНУ-ыг сүрдүүлээд амжжээ. Тэрбээр цөмийн пуужин хөөргөх товчлуур ширээн дээр нь байгааг сануулсан ч Өмнөд Солонгосыг хойгийн энх тайвныг хадгалахын төлөө яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд уриалжээ.
Гол нюанс – Цөмийн хүчин чадал
Хойд Солонгосын удирдагч тус улсын цөмийн хүчин чадал АНУ-ыг газрын хөрснөөс арчиж чадахыг сануулж, заналхийллийг бодит байдал болгохгүй байхыг анхааруулжээ.
Өмнөд Солонгос
Ерөнхийлөгч Мун Жэ Ин хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллахаа шинэ жилийн мэндчилгээндээ ард түмэндээ амлажээ. Тэрбээр өнгөрсөн жил үйлдвэрчний эвлэлүүдийн цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, ажлын цагийг багасгах, гэрээт ажилчид үндсэн ажилчдын адил цалин авах зэрэг хатуу шаардлагад “дарамтлуулсан” юм. Үүний зэрэгцээ Хойд Солонгосоос зогсолтгүй ирэх баллистик пуужин, цөмийн туршилтын түгшүүр дунд Мун Жэ Ин хүндхэн жилийг үджээ.
Гол нюанс – Хөдөлмөрийн харилцаа
Тэрбээр ирэх онд нийгмийн ялгаатай давхаргуудтай яриа хэлэлцээ хийж, үйлдвэрчний эвлэлүүдтэй зөвшилцөхөд анхаарч ажиллах гэнэ.
Их Британи
Ерөнхий сайд Тереза Мэй Их Британи Европын холбооноос салсны дараах худалдаа наймааны харилцааг шинэ жилийн мэндчилгээндээ онцолжээ. Түүнчлэн дотоодын асуудлууд болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, ажлын байран дээрх хүчирхийлэл, дарамт зэргийг үгүй хийхэд анхаарахаа мэдэгдсэн байна.
Гол нюанс – Европын холбооноос гарах яриа хэлэлцээ
Бүх нийтийн санал асуулгаас харвал ард иргэд биднийг Европын холбооноос салах үйл явцыг сайнаар бүтээгээсэй гэж хүссэнийг харж байна хэмээн Тереза Мэй мэдэгджээ. Тэрбээр Их Британи хувийн амбицаа хөөх цаг ирснийг онцолсон юм.
Герман
Германы түр орлон гүйцэтгэх канцлер Ангела Меркель улс төрийн хуваагдал үүссэнийг хүлээн зөвшөөрчээ. Түүний нам арваннэгдүгээр сарын парламентын сонгуульд 12,6 хувийн санал авснаар дангаар засгийн газар байгуулах боломжгүй болсон юм.
Гол нюанс – Өр зөөлөн байдал, эв нэгдэл
Ангела Меркель ард түмэндээ хандан хэлсэн шинэ жилийн баярын мэндчилгээндээ бусдыг энэрэх, нэгнээ гэсэн халуун сэтгэл, нийтлэг байдалдаа анхаарлаа хандуулахыг уриалсан байна.
Кипр
Киприйн ерөнхийлөгч Никос Анастасиадис өнгөрсөн 2017 онд эдийн засгийн үзүүлэлт сайжирснаар иргэдэд татварын буцаан олголтыг өгч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхэд анхаарах боломжтой болсныг онцолжээ. Ирэх онд тэрбээр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарахаа мэдэгджээ.
Кипр улс энэ 2018 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд Европын холбоонд эрчим хүчний төлөвлөгөөгөө боловсруулан өргөн барих ёстой ч өгөөгүй аж.
Гол нюанс – Туркийн цэргийн бэлэн байдал
Киприйн ерөнхийлөгч өнгөрсөн жилүүдэд системтэй, шаргуу ажилласны хүчээр бид булаан эзэрхийллийг эцэслэж, улсаа нэгтгэхэд зорилтод улам ойртон ирснийг мэдэгджээ. “Ард иргэдийнхээ хүсэл зорилгод нийцсэн бүрэн хараат, орчин үеийн Европын улсыг байгуулахад бидний зорилго оршино” хэмээн Никос Анастасиадис мэдэгдсэн байна.
Дани
Данийн хатан II Маргерет ард иргэдээ авьяас, мэдлэгээ төрөлжүүлж, хүн бүр ямар ч утга авцалдаагүй зүйлийг ч туршиж үзэхийг хүсчээ. Ингэснээр иргэдийн төсөөлөх урч чадвар нэмэгдэж, тэдний урам зоригийг бадраана гэж үзсэн байна.
Гол нюанс – Цагаачлалын давуу талууд
Ажиллах хүчний дутагдал асуудал байхаа больсон гэдгийг тэрбээр онцолжээ. Маргерет хатан хэлэхдээ “Данийн хөгжлийг олон салбарт барьж байхын тулд бидэнд харь орноос ирсэн урам зориг, шинэ санаа хэрэгтэй” хэмээжээ.
Франц
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ард иргэддээ хандан эв нэгдлээ сэргээж, хэт үндсэрхэг үзлээс болгоомжтой байхыг уриалжээ. Тэрбээр терроризмын эсрэг тууштай үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ угсаа гарал, шашин шүтлэг, улс төрийн итгэл үнэмшлээсээ болж амь нас нь заналхийлэлд өртөж, эх орноосоо дүрвэсэн хэнийг ч хүлээн авна гэж мэдэгдэв.
Гол нюанс – Эрх тэгш байдал
Цөөн хэдэн хүн л амжилтад хүрэхийн бол амжилтын үнэ цэнэ нь юунд байх вэ?
Гүрж
Ерөнхий сайд Георгий Квирикашвили Оросын хувьсгалын дараа тусгаар тогтносны 100 жилийн ойг тохиолдуулан зэвсэгт хүчнийхэнд халуун баяр хүргэжээ. Тэрбээр Гүржийн энх тайван, тогтвортой байдлын төлөө ажиллахаа амласан байна.
Гол нюанс – Олон улсын цэргийн ажиллагаанд оролцох