Хурдан мориноос унаж бэртэн насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох, хар нялхаараа амь насаа алдах эрсдлүүд жил бүр хүүхдэд нь тохиолдож байдаг хэрсүү нь дэндсэн улс үндэстэн дэлхий дээр тун цөөн үлджээ. Багачуудаараа морь унуулж хүлэг морьдынхоо шандсыг сорин зугаацагчид нь та бид билээ.
Уралдаанч хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдал 100 хувь эрсдэлд байдаг бөгөөд 20 орчим хувь нь боловсролын үйлчилгээнээс гадуур буюу бичиг үсэг тайлагдаагүй, эцэг эхээсээ хол, айлд хөлсөөр морь унаж байна. 2008 оноос стандартын хувцас хэрэгслийг уралдаанч хүүхдүүдэд заавал өмсгөх шаардлага тавьж, 2011 онд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2011 стандарт”-ыг баталж, мөрдүүлж эхлэв. Гэвч…
Зөвхөн 2017 оны баримтыг авч үзье. Үндэсний хэмжээнд 2017 онд нийт 394 удаагийн хурдан морины уралдаан зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 31.361 хүүхэд морь унаж оролцлоо. Уралдааны үед 629 хүүхэд мориноос унаж, 159 хүүхэд хүнд болон хөнгөн бэртэл гэмтэл авч, гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсны гадна хоёр хүүхэд амь насаа алджээ. Нэг хүүхэд хэд хэдэн уралдаанд оролцдог ба зөвхөн өвөл, хаврын улиралд бус цаг улирлын аль ч нөхцөлд хүүхэд мориноос унаж бэртэх, гэмтэх, амь насаа алдах зэрэг бэрхшээлтэй тулгарсаар. Гэтэл үүнийг монголчууд багаасаа үүгээр хатууждаг гэж ярих нэг ч байдаг бололтой.
2017 оны гуравдугаар сарын 5-24-нд Засгийн газрын тогтоолтой 3, аймаг, сумын Засаг даргын захирамжтай 8, захирамжгүй 29 уралдаан тус тус зохион байгуулагдсан. Бүс, аймаг, сумын хурдан морины уралдаанд 3-4 насны 6430 морь уралдаж, 2742 хүүхэд морь унаж оролцжээ. Уралдааны явцад 176 хүүхэд мориноос унаж, 27 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэсэн оноштой эмчлүүлж, байнгын хяналтад байна. Аймаг, орон нутгаас нэгтгэсэн мэдээлэлд нууцаар зохион байгуулагддаг бооцоот уралдаан, сум, багийн овооны тахилга, ургийн баяр, цайллагуудын үед зохион байгуулагдсан захирамжгүй уралдааны үед хүүхэд унаж бэртэх, амь насаа алдах, хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол гарсаар байна. Нэгэн гунигт жишээ. Ховд аймгийн Дөргөн суманд 2017 оны гуравдугаар сарын 13-нд захирамж, зөвшөөрөлгүй зохион байгуулагдсан тахилгын уралдаанд соёолон насны морь унаж байсан 11 настай хүү дутуу буулгасан гарааны төхөөрөмж дээр унаж, гавлын яс хугарч, тархи бяцарсан оноштой баруун бүсийн оношилогооны төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан билээ.
Өвөл, хаврын улиралд зохион байгуулагдаж байгаа уралдааны үед хүүхэд мориноос унаж бэртэхээс гадна хөл, гар, нүүр, нүдний бүрхүүл нь хөлдөх, нуруунд нь суулт өгч, өсөлт нь зогсох зэрэг эрсдэлтэй болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон байдаг. Хахир өвөл, хавраар хүүхдүүдийнхээ нүдний бүрхүүлийг хөлдтөл давхиулаад томчууд бид жарган цэнгэх гэж үү? Уг нь Монгол Улсад хүүхдийг хамгаалахтай холбоотой хуулиуд хангалттай батлагджээ.
Тухайлбал,
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “төр нь хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэгтэй”, 16 дугаар зүйлд иргэн”…аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй”, “Гэр бүл, эх, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална” хэмээн заасан.
Мөн Эрүүгийн тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүүхдээр аюултай ажил, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Зөрчлийн тухай хуулийн 6.20-д “Хүүхдийг эрхийг зөрчих” гэсэн зүйл оруулж хуульчилсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.5-д заасныг үндэслэн Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны А/36 тоот тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажлуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталж, тус жагсаалтын 3.10 дахь хэсэгт “…Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд 16-аас доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.6-д “Бага насны хүүхдийн осол, гэмтлээс сэргийлэх, эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлж, хүүхдийн осол, эндэгдлийн түвшинг 2 дахин бууруулна” гэсэн зорилтыг тусгажээ.
Гэвч эдгээр хууль морин уралдааны үед зөрчигдсөөр ирсэн нь үнэн. “Уралдаанч хүүхдүүд” гэх хэрсүү нэртэй бяцхан иргэд маань эрсэдсээр байх уу?
Б.БААТАР