Шар өвчний халдвар 8-12 дугаар сард ихэсдэг

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Шар өвчний халдвар 8-12 дугаар сард ихэсдэг

Манай улсад вируст гепатит өвчнийг 1952 оноос албан ёсоор бүртгэж, 1962 онд өвчлөлийн оргил үед хүрч 10 мянган хүний 331 хүн өртөж байсан бол 1991 оноос эхлэн шинэ төрсөн хүүхэд бүрийг В вируст гепатит буюу шар өвчнөөс  сэргийлэх вакцинаар дархлаажуулж, хамралтыг 98 хувьд хүргэсэн байна. Аюулгүй тарилгын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд В вируст гепатитийн өвчлөл дархлаажуулахаас өмнөх үеийн өвчлөлөөс 3,4 дахин буурч вируст гепатитийн өвчлөл сүүлийн 10-н жилийн хугацаанд 10 мянган хүн амд 32.2 промил хүртэл буурсан үзүүлэлт байдаг байна.  2005-2011 онд өвчлөл өндөр байгаа Улаанбаатар хот болон зарим аймгийн 49 мянга 303 хүүхдүүдийг гепатит А-ын вакцинаар дархлаажуулсан байна. 2011 онд 89 мянган хүн тун вакцин тарихаар бэлтгэл ажлыг хангаж байна. Сүүлийн үед шар өвчин нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс халдварт шар өвчний талаар ХӨСҮТ-ийн олон нийттэй харилцах албаны дарга Ч.Уртнасангаас тодрууллаа.

-Сүүлийн үед шар өвчнөөр өвчлөх нь нэмэгдсэн. Зарим газарт буурахгүй байна гэсэн?

-Сүүлийн жилүүдэд  энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциын хийлгэдэг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүртэл тодорхой арга хэмжээ авч вакцинд хамрагдах хүмүүсийн тоог нэмж байгаа. Хэдийгээр ийм арга хэмжээ авч, зохих амжилтанд хүрсэн  ч сүүлийн жилүүдэд жил бүр дунджаар найман мянга гаруй хүн гепатитаар өвчилж байгаагийн дотор 87 хувь нь А вируст гепатит, 9 хувь нь В вируст гепатит, 1.7 хувь нь С вируст гепатит, нийт халдварт өвчний дотор 21.9 хувийг гепатит өвчин эзэлж байгаа юм. А вируст гепатитээр өвчлөгсдийн зонхилох хувийг ес  хүртэлх насны хүүхэд, ялангуяа 2-4 насны хүүхдийн өвчлөл 70 гаруй хувийг эзэлж байна.

-Хот суурин газар их дэлгэрч байна гэлээ. Өвчлөлийн шалтгаан нь юу байна вэ?

-Өвчлөл жил бүрийн 8-12 сард, хот, төв суурин газарт, хүүхдийн байгууллагад зонхилж ихсэж байгаа нь тогтоогдсон. Манай судлаачдын хийсэн судалгаагаар гепатит өвчин тууштай буурахгүй байгаа нь хот, суурин газрын хүн амын хэт их төвлөрөл, хүүхдийн байгууллагуудын нягтрал их, ундны болон ахуйн зориулалтын цэвэр усны чанар, хүрэлцээ муу, хөрс, орчны бохирдолт их газар. Мөн хүнсний аюулгүй байдалд тавих хяналт сул, хүмүүсийн эрүүл аж төрөх зан үйлийн түвшин доогуур зэрэг олон хүчин зүйлтэй холбоотойг тогтоогдсон байна. Энэ оны эхний 6 сарын байдлаар гепатитын нийт таван мянга 451 тохиолдол бүртгэгдсэний 90 хувь  нь хепатитын А вирүс буюу шар өвчний халдвар эзлэж байгаа юм. Өвчлөл Баянхонгор, Өвөрхангай зэрэг ихэнх аймгууд, Улаанбаатар хотод өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн байгаа.

-Иргэд вакцин хийлгэхээс гадна яаж сэргийлэх вэ?

-Энэ жил бороо хур элбэг, ургац арвин, жимс, ногоо, самар сайн ургаж өнөтэй сайхан жил болж, нийтээр олон баяр наадам хийсэн. Энэ бүгдийг аюулгүй байх талаас нь анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээг албаныхан ч иргэд ч бас авах хэрэгтэй.  Иргэд өөрсдөө сэргийлэхгүй байх нь  халдварт өвчин, гэдэсний замын халдварт өвчин, А вируст гепатит өвчний тухайд энэ жил өвчлөл ихсэхэд нөлөөлөх нэг шалтгаан хүчин зүйл болж магадгүй.

-Иргэдэд хандаж зөвлөгөө өгөөч?

-А вирусыг ялгаруулж байгаа шартай болон шаргүй хэлбэрийн өвчтөнг эрт үед нь илрүүлж, эмнэлэгт, боломжтой бол гэрт нь тусгаарлаж эмчлэх. Илүү өвчлөмтгий 10 хүртлэх насны хүүхдүүдийг А хепатитын вакцинаар дархлаажуулах. Гепатитын А вирусаар хөрс, ус, хүнс, орчны эд зүйлсийг бохирдуулахгүйн тулд ил задгай бие засахгүй байх, хүнсийг бохирдлоос хамгаалах, гараа угаах нөхцөл бүрдүүлж, хүн бүр гараа угааж хэвших,  буцлаагүй ус уухгүй байх, бохирдсон эд зүйлсийг буцалгах, ууранд жигнэх, хими цэвэрлэгээ хийх, ариутгах бодис, уусмалаар халдваргүйжүүлэх хэрэгтэй. Мөн төв суурин газар, хүүхэд, хүнс, ус хангамжийн үйлчилгээний байгууллагад ариун цэврийн байдлыг сайжруулж, 8-12 сарын өвчлөлийн улиралд илүү их анхаарах шаардлагатай.

Ш.ЧИМЭГ

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж