Б.Галбадрах: Лицензэд 30 хувийн татвар ногдуулна

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

Б.Галбадрах: Лицензэд 30 хувийн татвар ногдуулна

Б.Галбадрах: Лицензэд 30 хувийн татвар ногдуулна

Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар долоон төрлийн татвар нэмэх шийдвэрийг УИХ-аас өнгөрсөн онд гаргасан. Эдгээр татваруудаас дөрөв нь хэрэгжиж байгаа бол үлдсэн гурав нь 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Үүнд Архи, тамхины онцгой албан татвар, Хүн амын орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлүүд багтаж байна. Ингээд нэмэгдэж буй татваруудын талаар Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагч Б.Галбадрахаас тодрууллаа. 

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар долоон төрлийн татвар нэмэгдсэн. Энэ хүрээнд өнгөрсөн онд нэмэгдсэн татваруудыг эргэн сануулахгүй юу?

-2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд УИХ-аар татварын хуульд өөрчлөлт оруулсан. Ингээд 2017 онд хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хос тэжээлт авто машины онцгой албан татварыг 100 хувь чөлөөлж байсныг 50 хувь болгох, олон жил явсан авто машины онцгой албан татварыг нэмэгдүүлж өгсөн. 

-Харин энэ оноос ямар төрлийн татвар нэмэгдэж байна вэ?

Хувь хүний цалин түүнтэй адилтгах орлогоос шатлалтай татвар авдаг боллоо. Гэхдээ энэ нь нийт цалин авдаг иргэдийн 5,4 хувьд хамаарах юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлөөд, гар дээр 1,5 сая төгрөгөөс дээш цалин авдаг бол илүү гарсан хэсэгт 15 хувийн татвар төлнө. Мөн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээр 2,5-3,5 сая төгрөгийн цалин авдаг иргэнээс 20 хувийн татвар, 3,5 сая төгрөгөөс дээш цалин гар дээр авдаг иргэнээс 25 хувийн татвар авах юм

Жишээ нь НДШ төлөөд, гар дээр 2,2 сая төгрөгийн цалин авдаг хүнд 32 мянган төгрөгийн татвар нэмэгдэнэ гэсэн үг. 

Харин хүн амын орлогын албан татвараа 10 хувиар төлж байгаа иргэд нэг жилд 84 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсныг 2018 онд нэмж, 120 мянган төгрөг болгосон. Ингэснээр нийт цалин авдаг иргэдийн 94,6 хувь нь татварын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа. 

-Монгол Улсад оршин суугч биш атал Монгол Улсаас орлого олдог иргэдийн татварыг хэрхэн зохицуулсан бэ?

Гадаадын иргэн өмнө нь 10 хувийн татвар төлдөг байсан. Харин одоо бүх төрлийн орлогоос 20 хувийн татвар төлнө

-Үүнээс гадна онцгой албан татвар нэмэгдэж байгаа?

Архи, дарс, пиво, спирт, онцгой албан татварыг 5-10 хувь нэмэгдүүлнэ. Мөн импортын тамхины гаалийн албан татвар нэмэгдсэн. 

-Бэлэглэлийн гэрээгээ солилцож байгаа газрын гэрчилгээнээс татвар авах заалт хэрэгжиж эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Бусдаас үнэ төлбөргүй авсан эзэмших, ашиглах газрын гэрчилгээгээ бэлэглэсэн тохиолдолд үнэ төлбөргүй авч байгаа хүнээс 10 хувийн татвар авна. Энэ бол зөвхөн эзэмших, ашиглах эрхтэй газрын гэрчилгээний тухайд яригдах юм. Харин аж ахуй нэгжид хамаарах ашигт малтмалын лиценз, газрын эрхийн бичгээ шууд бус хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд 30 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг илүү боловсронгуй болгож өгсөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж