Сонгуулийн хуулийн талаарх үнэн ба худал

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн талаарх үнэн ба худал

Манай уншигч Ц.Ганбат шинэ нийтлэлээ манай редакцид ирүүлснийг хүргэж байна.

Худал 1: Сонгуулийн системийг тохирчихвол бусад асуудал байхгүй

Сонгуулийн хуулийг батлах гэж эрх баригч хоёр нам баахан маргалдаж байгаад хоёр тийшээ хараад суучихлаа. Ээлжит бус чуулган зарлаж энэ асуудлыг шийдэх гэж байгаа ч юм шиг. Хаврын чуулган хаагдахаар өмнө, та бүхэн санаж байгаа бол, сонгуулийн систем, тодорхой хэлбэл, тоон дээрээ тохиролцчихвол бусад нь болчихсон гэж байна. Гэтэл, сонгуулийн системээс илүү чухал зүйл бол сонгуулийн хуулиудад сонгуулийн үндсэн эрх хэр хангаж байна вэ гэдгийг тодорхойлох нь чухал юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудал сонгуулийн хуулийн төсөлд тодорхойлогдсонгүй.

Үнэн 1: Сонгуулийн эрхийн үндсэн таван зарчим хуульчлагдаагүй

Германы үндсэн хуулинд сонгуулийн эрхийн таван хувь үндсэн зарчмыг нийтээр, шууд, чөлөөтэй, эрх тэгш ба нууцаар  санал өгөх гэж томъёолдог. Европын сонгуулийн стандартын таван суурь эрх болдог байна. Харин манай Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дугаарт эдгээр зарчмуудыг: “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж  тодорхойлсон байдаг. Үүнээс харвал, сонгуулийн тэгш эрхтэй байх зарчим бусадтайгаа адил манай Үндсэн хуулинд орох хувь дутчихжээ. Сонгуулийн тэгш эрхийг зөвхөн нэг хүн нэг санал эсвэл эрэгтэй, эмэгтэйчүүдийн сонгуулийн тэгш эрхийн асуудал гэж ойлгоод байна. Гэтэл, өнөөдөр тойргуудын сонгогчдын тоо тэгш бус байгаагаас хөдөөний сонгогчын санал  ойролцоогоор хотын хоёр сонгогчын саналтай адил байна. Сонгогчдын бараг тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа ч гэсэн УИХ-ын гишүүдийн 1/3-ийг зөвхөн хотоос сонгодог. Мөн тооны хөдөөний сонгогчид даруй 2/3 буюу хоёр дахин их төлөөллийг УИХ-д илгээдэг. Энэ нь сонгуулийн тэгш эрхийг илэрхий зөрчөөд зогсохгүй, УИХ-ын гишүүд малчдад тал засаж, зөвхөн орон нутгийн чанартай бодлого явуулах хөрс болж байна. Үүнийг баталгааг надаас шаардах хэрэггүй болов уу. Ямаа, тэмээнд хайр зарласан, ноос, ноолуурын нөхөн төлбөрөөс өөр юм бодохоо больсон хүн цаагуур чинь олон байгаа. Асуугаарай.

Худал 2: Үндсэн хуулинд зөвхөн нэр дэвшигчийн нэрээр сонгох учиртай тул хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоо Монголд боломжгүй

Сонгуулийн хуулийн энэ асуудал маш их маргаан дагуулдаг, хүн бүр өөртөө тохируулан өөрийнхөө үзэмжээр  тайлбарлаж байна. Саяхан нэгэн УИХ-ын эрхэм гишүүн телевизээр хувь тэнцүүлсэн тогтолцоо гэдэг бол Үндсэн хуулиа зөрчиж байгаа хэрэг. Хүний нэрээр байвал хүмүүс сайн хүн гэж таниад санал өгдөг юм гэж сүртэй дүр гарган, хоолойгоо шахан том дуу гарган мэдэгдэж байна. Уг нь хэдхэн жилийн өмнө тэр хүнийг хөлдөөсөн дүүргийнхнээс бусад нь таньдаггүй, өрөөнд нь дайрч орж ирээд загнаж байгаа хүмүүст дурангийн өмнө инээгээд л загнуулдаг хүн байлаа. Зөвхөн тэр биш Ардын гэж овоглосон боловч ардын гэдэг нь эргэлзээтэй намын гишүүд ихэнх нь саяхан даргынхаа заавраар зуун хувь кнопдчих шахаад байсан сонгуулийн төгөлдөржүүлтийн эсрэг ам нийлээд байна.

Үнэн 2: Сонгуулийн шууд сонгох зарчим тайлбарлагдаагүй

Уг нь УИХ-ын гишүүнийг шууд сонгох эрхийн үндсэн дээр сонгоно гэсэн Үндсэн хуулийн томъёолол бол заавал хүний нэрийг саналын хуудсанд бичиж, түүнийг дугуйлна гэсэн үг биш, сонгогчийн санал УИХ-ыг байгуулахад шууд оролцсон байх ёстой гэсэн шаардлага юм. Өөрөөр хэлбэл, намын нэр эсвэл хүний нэрээс үл хамаарч сонгогчийн санал хэн нэгэн хүн эсвэл хуулийн этгээдээр дамжихгүй, сонгогчийн санал УИХ-ыг бүрдүүлэхэд шууд оролцсон байх ёстой гэсэн үг. Хэрэв сонгогчид орон нутгийн хурлуудыг байгуулаад, орон нутгийн хурлууд УИХ-ыг байгуулдаг байсан бол сонгогчдын шууд сонгох зарчим байхгүй байна гэсэн үг. Харин УИХ-ыг сонгуульд намын нэрээр санал авахаар бол намууд нэр дэвшигчдийн жагсаалтыг урьдчилан гаргаж, сонгогчдод танилцуулсан байх ёстой.     

Худал 3: Намгүй болчихвол сонгууль шударга, сайхан болно

Сүүлийн үед Монголд нам шиг адгийн муухай зүйл байхгүй болжээ. Худлаа амладаг гэнэ. Хулгай хийдэг гэнэ. Санал луйварддаг, сонгууль будилуулдаг. Ер нь сайн нэр дуулахаа байсан, энэ намууд. Нэг хэсэг нь улс төр, эдийн засгийн бохир бүлэглэл болох этгээдүүд намаар дамжин төрд гарч байна гэх. Нөгөө хэсэг нь дэмжин: “Ийм хүмүүсийг гаргадаг намуудыг тараана” гэж муйхарлах. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр нам яагаад нийгэмд муу муухайг тараадаг хавдрын голомт болоод байна вэ? Улс төрийн шинэ системд ороод 20 жил өнгөрчихөөд байхад намууд яагаад өөрчлөгддөхгүй байна вэ? Монголд нам яагаад мафийн адил үнэлэгдэх болов?

Үнэн 3: Хуучин нийгмийн коммунист загварын намуудыг өөрчлөн байгуулах

Манайхан ардчилал төгс биш, ардчилал муухай ч хүн төрөлхтөн түүнээс илүү сайныг бодож олоогүй байна гэж ишлэх их дуртай. Тэгсэн мөртлөө минутын дараа энэ ардчилалын тогтолцооны тулгуур болсон намыг хараах нь эмгэнэлтэй. “Цувж явсан бараас цуглаж суусан шайзгай дээр” гэж монголчууд ярьдаг сан. Энэ бол зүгээр нэг эвтэй найртай байх асуудал биш. Энэ бол хамтын сэтгэлгээ, хамтын үйл ажиллагааны том үзэл юм. Орчин үед ганц хүний нийгэмд үзүүлэх нөлөө багасаж, албан болон албан бус бүлэглэлүүдийн хүчин зүйл ихэссэн. Албан бүлэглэлүүд болох нам, олон нийтийн байгууллагууд төрийн удирдлага, үйлчилгээнд түлхүү оролцдог бол албан бус бүлэглэлүүд ихэвчлэн нийгэмд хориглогдсон үйл ажиллагаа явуулдаг. Үүний жишээ бол дэлхий даяар нэг үгээр нэрлэгддэг, нэг янзаар ойлгогддог мафи юм. Өөр хэлбэл, хүссэн хүсээгүй, хуулиар хориглосон ч гэсэн хүмүүс эвлэлдэн нэгддэг. Энэ бол байгалиас заяасан, тэмцэж амьд үлдэх үндсэн арга. Нийгэм, улс төрд ч энэ бол хүчтэй үйлчилдэг зарчим. Иймд сонгуулийн хуулийн хамт улс төрийн намын тухай хуулийг бүхэлд нь шинэчлэх хэрэгтэй. 

Худал 4: Хувь тэнцүүлсэн тогтолцоо намын даргыг хаан болгодог

Ардын намынхны хувь тэнцүүлсэн тогтолцооноос татгалзах нэг гол шалтаг нь энэ. Нэр дэвших эрхийн төлөө намын даргаа тойглон гүйх нь нэмэгдэнэ гэнэ. Мэдээж, даргаасаа айх, жийрхэх наад, цаад шалтгаан байдаг л байх, гэхдээ нам хамтын байгууллага, буруу дүрмээр тоглож байгаа даргаа огцруулах боломж байдаггүй бол нам болж тоглоод яах билээ. Намын нэрээр сонгогдох үед нэр дэвшигчдийг нам дотроо үнэлж, дүгнэх тул хариуцлага сайжрах сайн талтай юм. Нам дотроо танигдаж чадахгүй бол улсад танигдах гэж гүйх хэрэг байна уу.

Үнэн 4: Хувь тэнцүүлсэн тогтолцоо Монголд давуутай

Үндсэн хуулиндаа “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан боловч аймгийн депутатын үүрэг гүйцэтгэдэг нь эртнээс шүүмжлэлд  өртөх болсон. Гэвч энэ дутагдал засагдахгүй бололтой. Яагаад гэвэл, одоогийн олонхи хууль тогтоогчдод үзэл бодол, ухаан санаагаараа уралдахын оронд бэл бэнчингээрээ зиндаархаж, өөрийн эрх ашгаа УИХ-д тогтоох нь амар учраас өөрчлөх иргэний зориг байхгүй. Үүнийг зунжин үргэлжилсэн, хэрээс хэтрүүлэн зохион байгуулж байгаа найр, наадмуудаас харж болно. Сонгуулийн сурталчилгааны ажлыг аль хэдийнэ эхлүүлчихсэн тэд лусын хааны дүр үзүүлэн эрх мэдэл, бэл бэнчингээ хүн амьтанд гайхуулж явна. УИХ-ын гишүүдийг жинхэнэ ард түмний элч байлгахын тулд хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх хэрэгтэй. Тэгж байж тэд аймгийн цөөн сонгогчдын санал цуглуулах биш, ард түмний итгэлийг олохыг төлөө зүтгэх болно. Харин итгэл алдсан нам өрсөлдөөнөөс хасагдах болно.

Худал 5: Ерөнхийлөгчийн засаглалтай бол хөгжинө

Нэг хаантай байхдаа Монгол хүчирхэг байсан гэж түүх хуучлах дуртай хүмүүс олон байдаг. Гэхдээ, Чингис хаан шиг хаан төрөхгүй болсон цаг шүү дээ, орчин үе чинь. Харин ч манайх шиг хоёр том гүрний хооронд хавчигдсан жижиг, улсад гадаад дотоод хүчин зүйлийн сөрөг нөлөөллийг аль болох багасгахын тулд Ерөнхийлөгчийн засаглал биш  парламентийн засаглал илүү тохиромжтой юм. Байгалийн их баялгийн үүцээ задалж байгаа энэ үед ийм нөлөөлөл ихсэх магадлалтай. Хэрэв гишүүдэд хууль бус дарамт ирдэг бол УИХ-ын гишүүдийн тоог 300 хүртэл (ойролцоогоор 10 мянган хүн бүрт нэг УИХ-ын гишүүн ноогдох) нэмэх нь улс төрийн бодлогод илрэхээс нь өмнө ирж буй дарамтыг илрүүлэх, багасгах ба зогсоох арга хэмжээ цаг алдалгүй авахад хангалттай байх болно.

Үнэн 5: Парламентын засаглалаа бэхжүүлье

Сүүлийн үед төрийн эрх баригчид хоёр танхимтай парламентын тухай ярьж эхэлснээрээ өөрсдөө үгүйсгэж байсан засаглалын хямралаа хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ шатар тоглож чадахгүй байна,  даам тоглъё гэхгүйгээр, онол, номыг нь үзэж, улам сайн тоглож сурахдаа анхаарлаа хандуулмаар байна. Хувь тэнцүүлсэн болгодоггүй юм гэхэд 52:26 болох хувь тэнцүүлсэн нь давамгайлсан УИХ-ын сонгуулийн тогтолцоотой байх нь зүйтэй. Мөн нийгмийн бухимдал, гудамжны улс төрийг (энэ бол эрх баригчдын гаргасан нэр томъёо, ордны гаднах улс төр гэж ойлгогддог) багасгахын тулд босго хувь тогтооход жижиг намуудыг шахах бодлогоор биш сонгогчдын саналын тусгалыг УИХ-д аль болох бүрэн төлөөлүүлэх бодлогоор хандах шаардлагатай.  Эцэст нь хэлэхэд, дээр дурдсан Парламентыг томруулах нь зөвхөн хувь тэнцүүлсэн тогтолцооны үед л эерэг үр дүнгээ өгнө. Монгол улсын минь засаглал зөв бол заяа зөв байх бөлгөө.

Ц.Ганбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж