Эдийн засаг “хямралтай”, иргэдийн халаас “хоосон” гэж байгаа ч хүмүүс уламжлал болгон тэмдэглэж ирсэн шинэ жилийн баяраа урьдын адил хөл хөөртэй угтаж, 2018 онтойгоо золголоо. Баярын өдрүүдэд ачаалал нь эрс нэмэгддэг газруудын нэг болох нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу 103-аас дараах мэдээллийг бэлтгэлээ. Баярын өдрүүдэд ачаалалтай ажилласан 103-ынхан өнөөдрөөс хэвийн байдалдаа шилжиж байв.
Тус төвд ирсэн насанд хүрсэн хүмүүстэй холбоотой эрүүл мэндийн дуудлагыг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд бүртгэж авдаг бөгөөд тухайн дүүрэг, өрхийн эмнэлэг рүү хуваарилж, холбох үйлчилгээ үзүүлдэг.
“Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороо, Хангай хотхоны … тоотод 32 настай эмэгтэйн даралт ихэслээ” гэх дуудлагыг ээлжийн ахлагч, их эмч Г.Наранжаргал дамжуулах аж. Харин хүүхдийн дуудлагын утсыг хариуцаж буй мэргэжлийн эмч нар ирсэн дуудлагыг эрэмбэлэн ангилалт хийсний дараа дүүрэг, өрхийн эмнэлэг рүү хуваарилж байлаа. Харин зайлшгүй үзэх шаардлагатай өвчтөнүүдийг эмнэлэг дээрээ авдаг аж.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболдоос зарим зүйлийг тодруулав.
-Баярын өдрүүдэд ачаалал хэр байв. Баяр дууслаа гээд багасч байна уу?
-Манай эмнэлэг 2017 оны арванхоёрдугаар сарын 28-наас 2018 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр буюу өчигдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Жирийн өдрүүдэд 1000 дуудлага хүлээн авдаг бол арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш дуудлага эрс нэмэгдсэн. Өдөртөө 1300-1450 дуудлагатай байсан. Албан байгууллагуудын шинэ жил, 0-5 насны хүүхдүүдийн ханиад томууны дэгдэлт зэргээс шалтгаалж дуудлагын тоо 30 гаруй хувиар нэмэгдсэн. Жирийн үед 46 эмч ажиллаж байсан бол баярын өдрүүдэд 52 болгож, ажиллах эмч нарынхаа тоог нэмсэн. Түргэн тусламжийн нийт 45 машин дуудлагад явдаг байсан бол баярын өдрүүдэд найман машин нэмж гаргасан.
-Өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад ачааллын байдал хэр өөрчлөгдсөн дүр зураг харагдав?
-Хүлээн авсан дуудлагыг өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 400-500 дуудлагаар нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны өдийд хүлээн авсан дуудлагын тоо ойролцоогоор 4800 байсан бол 2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс өчигдрийг /2018.01.01/ хүртэлх хугацаанд 5250 дуудлагатай байжээ.
-Дуудлагын ихэнх хувийг ямар шалтгаан эзэлсэн бэ?
-Даралт ихсэх, даарах, ханиад томууны дуудлага их байснааэс биш янз бүрийн осол гэмтэл, түлэгдэлтийн дуудлага бараг ирээгүй. Хамгийн гол нь ийм үед ханиад томууны эсрэг дархлаажуулалтад хамрагдах, хөл хорио тогтоох буюу сурагчдыг амраах нь зөв юм гэдэг нь харагдлаа. Хүүхдүүдээ гадуур олон нийтийн газраар дагуулж явалгүй, гэртээ дулаан газар, халуун хоол унд өгөөд асарвал аяндаа сайжирна. Энэ жилийн хувьд архи ууснаас болж зүрх өвдсөн, хордлогод орсон гэх дуудлага арванхоёрдугаар сарын 15-28-ны өдөр хүртэл олон ирж байсан бол өчигдрөөс эрс багассан. Өдөрт 1400 хүрч байсан дуудлага 1000 болж буураад, энгийн нормдоо шилжээд байна. Сурагчдын амралт эхэлсэн учир ханиад томууны дуудлага мөн адил багасч байгаа. Замын түгжрэл багасаад ирэхээр иргэдээс хүлээн авсан дуудлагын дагуу манай эмч нар явж очиход хүртэл түргэн шуурхай байна.
-Баярын өдрүүдэд хоолны хордлогын дуудлага их байдаг. Энэ жил тэгвэл гайгүй байжээ?
-Өчигдөр /2018.01.01/ Эмээлтийн зам дээр гарсан авто ослын улмаас нэг хүн нас барж, дөрвөн хүн гэмтсэн тухай дуудлага ирсэн. Энэ хамгийн хүнд дуудлага байлаа. Түймэр, түлэгдэлт, олныг хамарсан хоолны хордлого зэрэг дуудлагаи одоогийн байдлаар ирээгүй байна. Одоогийн байдлаар гэж хэлж байгаа нь зарим тохиолдолд хүмүүс хордлого авснаа мэдэхгүй, хэд хоногийн дараа хордлогын шинж тэмдэг нь илрэх тохиолдол гардаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад газарт хоолны хордлого бүртгэгдсэн байхыг үгүйсгэхгүй.