Н.Намшир: Гэрээт ажилчдынхаа цалинг нэмүүлэх санал тавьсан

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Н.Намшир: Гэрээт ажилчдынхаа цалинг нэмүүлэх санал тавьсан

Хөдөлмөрийн төв биржийн хөдөлмөр зууч, үйлчилгээний газрын дарга Н.Намширтай ярилцлаа.

-Сүүлийн үед танай байгуул­лагын төвийн талаар хүмүүс нэлээд мэдэж авч байх шиг байна. Өмнөд Солонгост ажиллахыг хүссэн хүмүүсийг бүртгэж эхэлснээс хойш. Ер нь ямар чиг үүрэгтэй байгууллага болох талаар сонирхвол…?

-Манай Хөдөлмөрийн төв бирж нь Монгол улс дахь хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх үүрэгтэй ажиллаж байгаа. Мөн ажил олгогч нар болон ажил хайж байгаа иргэдийг бүртгэж хамтран ажиллаж, зуучилж өгөх ажил хийж байна.

-Та бүхэн сүүлийн үед нэлээд ажил ихтэй байгаа бололтой…?

-Манай төвөөс “Бэлэн ажлын байр” нэртэй өдөрлөгийг ажил олгогч нартай  хамтран Хөдөлмөрийн бирж дээр энэ долоо хоногийг дуустал зохион байгуулж байна. Энэ өдөрлөгт ажил хайсан хүмүүс хүрэлцэн ирснээр өөрийн мэргэжил болон чадварт тохирсон ажлын байрыг олж аваад ажил олгогч нартай шууд гэрээ хийх боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл, ажлын байраар шууд хангагдана гэсэн.

-Хаана болж байгаа вэ? Орон нутгуудад бас зохиогдох уу?

-Өдөрлөгийн хувьд бол Хөдөлмөр зуучлалын төвөөс анх удаа зохион байгуулж байгаа ажил. Тэгэхдээ бид байнга зохион байгуулахаар төлөвлөж байна. Өдөрлөгийг энэ удаа Хөдөмөрийн төв биржийн байр буюу хуучнаар бол  улсын Циркийн баруун талын Номун хотхонд зохион байгуулж байгаа.

-Танай байгууллагаар дамжуулж хэр олон хүн ажлын байртай болж чадаж байна вэ?

-Хөдөлмөрийн төв биржийн үйл ажиллагаа 2011 оны нэгдүгээр сараас нийтэд үйлчилж эхлээд байгаа.Одоо долдугаар сарын байдлаар гэхэд л манай төвөөр үйлчлүүлэн ажилд зуучлуулж ажлын байр олж авсан 3614 иргэн байгаа юм. Харин манай төвд байгаа ажлын байрны санал 3495 гараад байна. Мөн манай төвтэй гэрээтэй ажилладаг ажил олгогч нар 8992 байгаа. Бидэнд байгаа судалгаагаар бол идэвхтэй ажил хайгч 38000 гаруй хүн болоод байгаа юм.

-Танайхаас ажил мэргэжлийн чиглэлтэй сургалтууд явуулдаг гэж сонссон юм байна?

-Ажлын байртай холбоотойгоор 16 төрлийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулж явуулж байгаа. Ер нь манай төвөөс ажлын байрны талаар лавлагаа авах иргэд www.labour.mn  болон www.hudulmur.mn сайтуудаас мэдээллээ авах бололмжтой байгаа л даа. Тэндээс ажлын байрыг өөрсдөө сонгож авах,цалингийн хэмжээг нь мэдэж аваад ажил олгогч нартай шууд холбогдох боломжтой юм.

-Ажил олгогч нар танайд хэр их ханддаг вэ?

-Ажил олгогчдоос манай байгуул­лагатай хамтарч ажиллах хүрээ улам өргөн болж байна.Учир нь өмнө нь болохоор ажил олгогч нар зар өгөх, танил талаараа дамжуулан ажилчин авах зэрэг явцуу байдлаар асуудлаа зохицуулдаг бол одоо Хөдөлмөрийн төв биржтэй гэрээ байгуулаад ажиллас­наар үр дүн нь хамаагүй илүү болсон. Тэгээд ч илүү зардал гаргах хэрэггүй болж байгаа юм. Ердөө л манай байгууллагын цахим хуудас веб сайтад ажлын байрны зараа үнэгүй байршуулснаар тогтвортой мэдээллийн орон зайтай болж чадаж байна. 

-БНСУ-д ажиллахаар хүсэлтээ гаргасан иргэдийг бүртгэх ажил нэлээд дуулиан шуугиантай болж өнгөрөх шиг болсон. Энэ ажил хүртээмжтэй болж чадсан уу?

-БНСУ-д ажиллах хүч гаргах гэрээний дагуу гэрээгээр ажиллах иргэдийг солонгос хэлний төвшин шалгах шалгалтад оруулан сонгож авахаар болсон. Үүний дагуу зохион байгуулсан нэг ажил бол өнгөрсөн сарын 26-аас 28-ний бүртгэлийн ажил байсан. Өөрөөр хэлбэл, шалгалтад орох хүмүүсийг бүртгэсэн. Энэ ажлыг аймаг болон нийслэлийн дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдээр дамжуулан зохион байгуулсан юм. Өргөн хүрээнд хамралт сайтай болж чадсан гэж бодож байна.

-Бүртгүүлсэн иргэд хэзээ шалгал­таа өгөх вэ?

-Одоо ирэх сарын буюу есдүгээр сарын 3 болон 4-нд солонгос хэлний төвшин шалгах шалгалтаа авна. Нийт бүртгэгдсэн иргэд 9456 иргэн байгаа. Эдгээр шалгалтад орсон иргэдийн 80-аас дээш оноо авсан хүмүүсийг оноо авсан байдлаар нь жагсааж жагсаалт гаргана. Энэ жагсаалтынхаа эхний 3000-д багтсан иргэдийг ажиллах хүч болгон авах юм. Ер нь нийтдээ бол 2011 оны нэгдүгээр сараас БНСУ-аас Монгол улсад өгсөн гэрээгээр ажиллах ажилчдын квотын тоо 5000 байгаа юм. Харин өнгөрсөн 2010 онд БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр байршаад ажлын байрны санал ирээгүй иргэдийг оруулж тооцохоор ингэж 5000 гэсэн тоо гарч байгаа юм. 

-Тэгэхээр шинээр 3000 иргэн л гэрээгээр ажиллахаар болсон гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Өөрөөр хэл­бэл энэ онд шинээр ажлын байранд 3000 хүн л авч байгаа гэсэн үг л дээ. Шинэ бүртгэлээс 3000 хүн л гэрээт ажилчин болж сонгогдоно.

-Тооцоод үзэхээр 30 хувь нь л явах юм аа даа?

-Нийт 9000 гаруй хүн гэхээр гурван хүний нэг нь л сонгогдох болж байгаа.

-Шалгалт авах зохион байгуулалт өөрчлөгдсөн үү?

-Энэ жилийн солонгос хэлний төв­шин шалгах шалгалтыг авахаар БНСУ-аас багш нар ирнэ. Тэдгээр багш нар өөрсдөө шалгалтаа авах юм.  Шал­галтын дүнг ч мөн өөрсдөө гаргах юм.

-Монголчууд оролцохгүй гэсэн үг үү?

-Манай талаас бол Хөдөлмөр халам­жийн үйлчилгээний газар бо­лон Хөдөлмөрийн төв биржийн зү­гээс төлөөлөл томилж хянагч болон ажиглагчаар оролцуулна. Тэгэхдээ шалгалт авах, дүнг гаргах ажлыг солонгосчууд өөрсдөө л хийх юм.

-Шалгалт авах хугацаа бага биш үү?

-Амжина гэж бодож байна. Солон­гос хэлний төвшин шалгах шалгалтыг хоёр өдөр л явуулахаар төлөвлөсөн. Тэгэхдээ өдөр бүрийн шалгалтыг хоёр ээлжээр явуулна гэж тооцож хуваарилалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, үдээс өмнө болон үдээс хойш гэсэн байдлаар шалгалт өгөх хүмүүсийг хувааж шалгалтад оруулна.

-Шалгалтад орохдоо төлбөр төлөх үү?

-Шалгалтад орохдоо мөнгө төлөх­гүй. Бүртгэлийн үеэр хүмүүс 30 мянган төгрөг төлсөн байгаа. Түүндээ л зардал нь багтаж байгаа юм.

-Ямар бичиг баримттай очиж шалгалтад орох вэ?

-Солонгос хэлний шалгалтад оруу­лах бүртгэлд хамрагдсан гэсэн хуудастай, иргэний үнэмлэхтэй хамт авчирч шалгалтад орно.

-Шалгалтыг ямар зохион байгуу­лалттайгаар авах гэж байгаа вэ?

-Солонгосын талаас нэгтгэсэн байдлаар зөвхөн Улаанбаатар хотод л төвшин тогтоох шалгалт авна гэсэн шийдвэрийг бидэнд ирүүлсэн юм. Манай талаас өөр саналтай байна. Бид болохоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, НХХЯ болон Хөдөлмөрийн төв биржээс хамтран зохион байгуулж аймаг бүрт нь буюу иргэдийн амьдарч байгаа газар нь очиж шалгалт авъя гэсэн  байр суурьтай байсан. Энэ саналыг маань харин Солонгосын талаас хүлээж авахгүй байна. Тиймээс ядаж бүсчилж, аймгуудыг тав зургаан бүс болгон нэгтгэсэн байдлаар хуваарилж төв нь болох аймгуудад шалгалтыг авах дундын санал манай талаас гаргаж хүргүүлсэн. Ингэхгүй болохоор орон нутгаас бүртгүүлсэн иргэдийг Улаанбаатарт ирүүлэх нь унааны зардлаас өгсүүлээд бэрхшээл чирэгдэл ихтэй гэдгийг тайлбарлаж, хүсэлтээ илгээсэн байдалтай л байна. Одоогоор хариу нь ирээгүй байна.

-Харилцан ойлголцох боломж байгаа болов уу ?

-Нааштай шийдэгдэх төлөв байгаа л даа. БНСУ-д байдаг хөдөлмөр зуучлалыг хариуцдаг атташе маань эндээс үүрэг даалгавар аваад явсан. Тэнд очоод Солонгосын талтай ярилцаж байгаа.

-Дашрамд асуухад нийт бүрт­гүү­лэгчдийн хэдэн хувь нь орон нутгаас байгаа вэ?

-Нийт бүртгүүлэгчдийн 50 орчим хувь нь орон нутгаас үлдсэн хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгүүлсэн.

-Шалгалтад тэнцсэн орон нутгийнхан Улаанбаатарт ирэх үү?

-Хэлний мэдлэгийн төвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэгт орж байгаа. Нэгэнт иргэд тэнцсэн байгаа тул нэгдсэн байдлаар зохион байгуулж эрүүл мэндийг үзлэгийг явуулна гэж төлөвлөсөн. Тэгэхээр хөдөө орон нутагт хэлний төвшин шалгаруулах шалгалтад тэнцсэн иргэд нийслэлд ирж эрүүл мэндийн үзлэгтээ орох болж байгаа.

-Ямар эмнэлгүүдэд шинжилгээ үзлэг хийх вэ?

-Энэ жил эрүүл мэндийн шинжил­гээг хийх эмнэлгийг шинээр сонгоно. Шинжилгээ хийх лабораториудыг ч сонгон шалгаруулах юм.

-Эрүүл мэндийн үзлэгийг Солон­гост очсон хойно нь ч бас хийх үү?

-Ер нь бол солонгос хэлний төвшин шалгах шалгалтад тэнцсэн хүмүүс гурван удаа эрүүл мэндийн үзлэгт орох юм. Шалгалтдаа тэнцэнгүүтээ эхний эрүүл мэндийн үзлэгтээ орж байгаа. Дараа нь БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр нэр нь байршаад тэндээс ажлын байр олгох санал ирэнгүүт явахын өмнөх сургалтад хамрагдана. Сургалтынхаа дараа эрүүл мэндийн хоёрдахь үзлэгтээ хамрагдах болно. Ингээд БНСУ-д очсоны дараа тэнд­хийн эрүүл мэндийн байгууллагаас шинжилгээ авах юм.

-Эрүүл мэндийн шалгуур үзүү­лэлт нь ….?

-Эрүүл мэндийн хувьд бэлгийн замын халдварт өвчнүүд, сүрьеэ, элэгний В, С вирус байгаа эсэхийг нь голлох шалгуур болгон харж шинжилж байгаа.

-Манай иргэд ямар нөхцөлтэй гэрээний дагуу очиж ажиллах вэ? Энэ талаар гэрээнд нэмж тусгасан зүйл бий юу?

-Өмнөх жилүүдэд хийж байсан гэрээ болон манай хүмүүсийн гэрээгээр ажиллаж байгаа туршлагаас харахад монгол иргэдийг Солонгост албан гэрээгээр ажил хийхэд нь тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бууруулалгүйгээр цалинжуулан ажил­луулж байгаа. Харин бидний зүгээс өөрөөр хэлбэл манай НХХЯ болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэл­­тэс мөн Хөдөлмөрийн биржийн зүгээс хамтарсан ажлын хэсэг гаргаж энэ асуудлаар ахиц гаргахыг хичээж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, одоо байгаа цалингийн хэмжээг нэмүүлэх, БНСУ-д мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний хэмжээний дундаж хэмжээнд хүрэхүйц цалинг гэрээт ажилчид маань авч байхыг зорьж ажиллаж байгаа юм. Энэ талаар хүсэлтээ Солонгосын талд тавьсан. Солонгосын тал энэ талаар судалж үзэж байгаа.

-Ямар хариу ирж байгаа вэ?

-Одоогоор хараахан хариу өгөөгүй байна.

-Тэгэхээр цалин овоо нэмэгдэнэ биз?

-Одоо авч байгаа дундаж цалин нь 960 мянга орчим төгрөгтэй дүйхүйц байгаа л даа. Хэрэв Солонгосын хөдөлмөрийн хөлсний дундаж гэвэл цалингийн хэмжээ нь сая төгрөгөөс илүү гараад л явчихна. Нэг сарын цалин нь гэхэд л ийм болно гэсэн үг.

-Өмнө нь хөдөлмөрийн бирж дээр нь нэр нь байршиж байсан ч яваагүй байгаа хүмүүсийн талаар танд мэдээлэх зүйл байгаа гэсэн үү?

-Тийм. Энэ мэдээллийг иргэд маань бас анхааралтай хараасай гэж хүсэх байна. Манай иргэдээс 2010 онд солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөөд тэнцсэн ч БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр нэр нь хараахан байршаагүй 860 гаруй иргэн байгаа юм. Мөн үүний зэрэгцээ нэр нь БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр байршсан ч яваагүй 95 иргэн байгаа. Нэр нь байршсан 95 иргэний хувьд ямар нэг бичиг баримт нь дутуу, эсвэл паспорт баримтых нь зураг нь, дугаар нь зөрсөн зөрчилтэй байснаас нэрс нь буцаагдаж ирсэн байгаа. Харин байршаагүй 800 гаруй иргэний хувьд зарим нь эрүүл мэндийн үзлэгт ороогүй, эсвэл бичиг баримтын бүрдэл дутуугаас болж БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр байршаагүй байгаа юм байна. Тэгэхээр эдгээр хүмүүс дээр дурдсан манай веб сайтуудаар орж байршсан нэрс дунд нэрээ шүүгээд хэрэв нэр нь байх юм бол ирэх есдүгээр сарын 1-ний дотор Хөдөлмөрийн төв бирж дээр зохих бичиг баримтаа авчран ирж уулзахыг урьж байна. Хэрэв энэ хугацаанд ирж уулзаж амжаагүй бол тухайн иргэдийн нэрс БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр байршихгүй болохыг анхааруулж байгаа юм.

-Яг ямар баримт бичиг хэрэгтэй болох бол?

-Тэдгээр хүмүүст өөрсдөд нь солон­гос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн гэсэн шар хуудас байх ёстой. Тэрийгээ авчирна. Мөн гадаад паспорт болон иргэний үнэмлэхээ бас авчрах хэрэгтэй гэдгийг хэлье. Лавлах утас нь 70121280 гэсэн дугаар бий.

-Гэрээт ажилчдаас гомдол санал их гардаг уу?

-Гэрээний дагуу ажиллаж байгаа иргэдээс одоогоор гомдол санал гаргаад байгаа зүйл байхгүй л байна. Шалтгаан нь бүгд хөдөлмөрийн гэрээ байгуулаад аль аль талдаа үүрэг хүлээгээд явж байгаа учраас тэр байх.

-БНСУ-д гэрээт ажилчдын асууд­лыг хариуцсан төлөөлөгч байдаг уу?

-Өмнө нь БНСУ-д суугаа ЭСЯ-д асуудал эрхэлсэн атташе байсан л даа. Мөн Гадаадад ажиллах хүч илгээх төвийн төлөөлөгч байсан. Бас Нийгмийн даатгалын газрын төлөөлөгч нар ч ажиллаж байсан. Харин энэ жилээс эхлэн нэг цэгийн үйлчилгээ бий болгож байгаа юм. Дээр дурдсан ажил үүргийн хуваарьтай төлөөлөгч нарыг нэгтгэж нэг цэгээс үйлчилж байгаа юм. Тэдгээр хүмүүс нь томилогдоод түрүүчээсээ ажлаа хийгээд эхэлсэн.

-Ямар ажил хариуцсан, хэдэн тооны хүн байгаа вэ?

-Нийгмийн даатгал болон хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн ажилтан, мөн хариуцсан даргатайгаа нийлээд нийт найман хүн ажиллаж байгаа. Эдгээр төлөөлөгчид БНСУ-д ажлаа тогтмол явуулж байгаа. Тэгэхдээ зөвхөн гэрээгээр ажиллаж байгаа төдийгүй бусад ажил хөдөлмөр эрхэлж, сурч байгаа хүмүүсийн асуудлыг ч бас хариуцан үйлчилгээ үзүүлэх юм.

-Гэрээгээр ажиллахаар явах хүмүүст ямар зөвлөгө өгөх вэ?

-Гэрээгээр очиж ажиллахаар явж байгаа бүх хүний и-мэйл хаягийг Хөдөлмөр зуучлалын төв дээр авч үлдэж байгаа. Тэгээд энэ цахим шуудангаар байнга холбоотой байж харилцаж байхыг хүсч байгаа юм. Ямар нэг асуудал гарсан тохиолдолд манай төвийн ажилтнуудад байнга мэдээлж байхыг захиж байгаа л даа. Ер нь бол гэрээгээр ажиллахаар явж байгаа бүх хүнд БНСУ-д байгаа Монголын ЭСЯ болон дээр дурдсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх газрын холбоо барих бүх хаяг, мэдээллийг өгч явуулж байна. Ер нь бид гэрээт ажилчдад явахаас нь өмнө сургалтад хамруулж явуулна. Энэ сургалтын үеэр нийгмийн даатгалын асуудал болон банк санхүүгийн чиглэлийн асуудлаар холбогдох байгууллагуудаас нь сургалт хийхээр төлөвлөсөн.

-Монгол ажилчид маань ямар ажил хөдөлмөр эрхлэх бол?

-Монголоос БНСУ-д гэрээгээр очиж ажиллаж байсан хүмүүсийг урьд өмнө нь бүхий л салбарт авч ажиллуулж байсан. Энэ жилийн хувьд манай талаас тавьсан хүсэлтийн дагуу зөвхөн аж үйлдвэрийн салбарт л ажилтан авна гэж тохирсон. Үүнд төрөл бүрийн үйлд­вэрүүдэд ажиллана л гэсэн үг л дээ.

-Үүнтэй холбоотой мэргэжил чадварын шаардлага тавигдах уу?

-Яг мэргэжлийн талын шалгуур одоогоор тавихгүй байгаа.

-БНСУ-д гэрээгээр ажиллаад ирсэн монголчууд маань ирсэн хойноо эргэж та бүхэнд ханддаг уу?

-Ер нь бол хандаж байгаа шүү. Солонгост ажиллаад тодорхой чиглэл салбарын ажлуудад мэргэшээд ирсэн хүмүүсээс бидэнд хандаж хүсэлт гаргадаг. Бид аль болохоор тусалж дэмжихийг хичээж байна. Солонгост ажиллаж байгааад эргэж эх орондоо ирсэн хүмүүст ажиллаж байсан, мэргэшсэн чиглэлэээр нь эх орондоо ажиллах боломж, ажлын байрыг нь олж өгөх, давтан сургалтад хамруулах, сургалт явуулах, зөвлөгөө өгөх гээд олон ажил хийж байна. Мөн Солонгост ажиллаж байсан чиглэлээрээ бизнесийн төсөл хэрэгжүүлэх, ажлын байр бий болгоход нь иргэдэд тусалж хамтарч ажиллаж байна.

-Монголоос ажиллах хүч авах өөр улс орнуудын хувьд боломж, гарц байгаа болов уу?

-Бид энэ талаар судалгаа хийж байгаа. Юуны өмнө монголчууд маань хувиараа очиж ажил хөдөлмөр эрхэлж байсан, мөн ажиллах сонирхолтой байдаг улс орнуудад албан гэрээний дагуу ажиллах хүч гаргах боломж нөхцөлийг судалж байна. Ийм оры тоонд Япон, Чех, Унгар зэрэг улсууд орж байгаа юм. Ерөнхийдөө боломж гарах байх гэж бодож байгаа шүү.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

М.НАСТ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж