Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар долоон төрлийн татвар нэмэх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Эдгээр татваруудаас дөрөв нь хэрэгжиж байгаа бол үлдсэн гурав нь 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Үүнд Архи, тамхины онцгой албан татвар, Хүн амын орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлүүд багтаж байна.
Үүнээс гадна УИХ-аас 2017 оны төсвийг тодотгохдоо хувь хүн газар эзэмших, ашиглах эрхээ бэлэглэсэн тохиолдолд 10 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг оруулж баталсан юм. Ингэхдээ Татварын ерөнхий газар зах зээлийн ханшаар тухайн газрыг үнэлж, татвар авах аж.
Түүнчлэн УИХ-аас 2018 оны төсвийг батлахдаа аж ахуй нэгжид хамаарах ашигт малтмалын лиценз, газрын эрхийн бичгээ худалдан борлуулсан тохиолдолд 30 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг тусгасан билээ.
Тиймээс Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд нэмэгдэж буй татваруудаас гадна, аж ахуй нэгж хоорондын газар, лицензын наймаа, хувь хүнд хамаарах газрын эрхээ бэлэглэсэн тохиолдолд татвар авахаар болж, өөрчлөгдөж байгаа юм.
2018 онд нэмэгдэж байгаа татваруудыг сануулъя
Архи, тамхины онцгой албан татвар 10 хувиар нэмэгдэнэ.
Хувь хүний орлогын албан татвар 10-25 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд энэ нэмэгдэл нь нийт цалин авдаг иргэдийн 5,4 хувийг хамаарч байгааг Татварын ерөнхий газраас мэдэгдлээ. Ингэхдээ Нийгмийн даатгалын шимтгэл төлөөд гар дээр 1,5 сая төгрөгийн цалин авдаг иргэнээс 15 хувийн татвар авах бол нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээр 2,5-3,5 сая төгрөгийн цалин авдаг иргэнээс 20 хувийн татвар, 3,5 сая төгрөгөөс дээш цалин гар дээр авдаг иргэнээс 25 хувийн татвар авах юм.
Харин хүн амын орлогын албан татвараа 10 хувиар төлж байгаа иргэд нэг жилд 84 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсныг 2018 онд нэмж, 120 мянган төгрөг болгожээ. Ингэснээр сард 10 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх аж.
Үүнээс гадна Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7 хувь, 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулаад байгаа юм.
Т.НОМИН