Дагестаны удирдагчийн гэргий бөгөөд албан ёсны зөвлөх, "Ислам" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Айна Гамзатова ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд бичиг баримтаа хүргүүлжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Гуризада Камалова энэ талаар мэдэгдсэн байна.
“СЕХ-нд шаардлагатай бичиг баримтаа хүргүүлсэн. Бүх зүйл ном журмын дагуу байгаа. СЕХ-ны гишүүн Евгений Шевченкогоор ахлуулсан ажлын хэсэг түүний бичиг баримтыг хүлээн авсан” гэж тэр хэлжээ.
Сэтгүүлч, зохиолч, олон нийтийн болон шашны зүтгэлтэн Айна Гамзатова 1971 оны аравдугаар сарын 1-нд Махачкалад төржээ. Тэрбээр хэл шинжлэл болон хууль зүйн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан байна. Гамзатова нь “Зам” нэртэй хүмүүнлэгийн сангийн үүсгэн байгуулагч төдийгүй Ислам сэтгүүлийн эрхлэгчээр ажиллахын сацуу Дагестаны удирдагчийн олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхөөр ажилладаг ажээ.
ОХУ-ын түүхэн дэх долоо дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-нд болно. Сонгуулийн кампани өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-наас эхэлсэн юм.
Энэ удаагийн сонгуульд өнөөгийн ерөнхийлөгч Владимир Путин бие даан нэр дэвшиж байгаа. Түүнээс гадна Яблоко намыг үүсгэн байгуулагч Григорий Явлинский, телевизийн нэвтрүүлэгч Ксения Собчак гээд олны танил эрхмүүд сонгуульд өрсөлдөх юм.
С.ЦЭЛМЭГ