“Цалинтай ээж” хөтөлбөрт хүүхдийн тоо хамаарахгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

“Цалинтай ээж” хөтөлбөрт хүүхдийн тоо хамаарахгүй

“Цалинтай ээж” хөтөлбөрт хүүхдийн тоо хамаарахгүй

“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахад ямар материал бүрдүүлэх вэ?” гэсэн асуултыг цөөнгүй ээж хорооны халамж хариуцсан мэргэжилтнээс лавлаж байгаатай тааралдав. Учир нь Засгийн газраас “Цалинтай ээж” хөтөлбөрийг 2018 оны эхнээс хэрэгжүүлэхээр болж, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөсөн билээ. “Цалинтай ээж” хөтөлбөрт хэрхэн хамрагдах, ээжүүд ямар материал бүрдүүлэх шаардлагатай байгааг сурвалжлахаар зарим хороогоор орлоо.


Дикреттэй байгаа бол тушаалын хуулбараа нэмж хавсаргана

Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг барьсан ээжүүд ганц нэгээрээ хороог зорин ирж байна. Зарим нь хорооны мэргэжилтнээсээ бүрдүүлэх материалаа мэдэж аваад, яаравчлан явж байгаа харагдана. 

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд очиход “Өнөөдрөөс ажил эхэлж байгаа учраас өглөөнөөс хойш ганц нэг ээжүүд “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах материалаа бүрдүүлж өгч байна. Одоогийн байдлаар гурав, дөрвөн ээж материалаа бүрдүүлж өглөө. Зарим нь “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахад ямар материал бүрдүүлэх хэрэгтэй вэ? гэж их асууж ирж байна. Ээжүүдийн хувьд өөрийн хоёр хувь цээж зураг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гараар бичсэн өргөдөл, өрхийн эмнэлгийн бичгийг бүрдүүлж өгөх шаардлагатай. Хэрвээ ажил эрхэлж байгаад жирэмсний амралтаа авсан байгаа бол албан байгууллагаасаа энэ тухай тушаалын хуулбар нэмж хавсаргана” гэдгийг тус хорооны халамж хариуцсан мэргэжилтэн О.Мөнхтөгс танилцуулав.

“Орлогогүй ээжүүдэд их нэмэр болно”

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн Н.Юмчиндолгор

Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны иргэн Н.Юмчиндолгор гурван хүүхдийн ээж. Түүний бага хүү одоо нэг ой зургаан сартай учраас “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж байгаа ажээ.

Тэрбээр оршин суудаг хорооныхоо халамжийн ажилтанд иргэний үнэмлэх болон хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг өөрийн гараар бичсэн өргөдлийн хамт өглөө. Түүнийг өрхийн эмчээсээ хүүхдээ эрүүл саруул бойжуулж байгаа гэсэн бичиг авч явахад нь бид тааралдлаа.

Харин таван хүүхдийн ээж Д.Оюунбат “Тодорхой орлогогүй, гэртээ хүүхдээ асарч суудаг ээжүүдэд “Цалинтай ээж” хөтөлбөр нэмэр болно гэж бодож байна. Өвлийн улиралд л гэхэд ханиадтай хүүхдэдээ авч өгөх эм тарианы үнэ дийлдэхгүй юм. Засгийн газраас ээжүүдээ дэмжиж, тэтгэмж өгч байгаад баяртай байгаа” гэв.

Чингэлтэй дүүргийн хоёр ч хороогоор ороход “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахаар ээжүүд материалаа бүрдүүлээд эхэлжээ. Харин хорооны мэргэжилтнүүдийн зүгээс уг хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор хэчнээн ээж энэ хөтөлбөрт хамрагдах, өрх толгойлсон хэчнээн эцэг, эх байгаа талаарх хүн амын тоон судалгаа гаргаагүй байв. 

Б.Алтантулга: “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахад хүүхдийн тоо хамаарахгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг УИХ 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр баталжээ.  Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор журам баталсан юм. Хуулийн хүрээнд жирэмсэн эх сард 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болсон.

Улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч буй 135 мянган эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахаар тооцоолж, нийт 81 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Харин өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжид 16.500 эцэг, эхийг хамарна хэмээн тооцоолж, 15.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэдгийг албаныхан хэллээ.

“Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд олгоно. Уг тэтгэмжид хамрагдахад хүүхдийн тоо хамаарахгүй.

Харин өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжид гурав буюу түүнээс дээш хүүхэдтэй иргэд хамрагдаж, улиралд 240 мянган төгрөг авна.

Журамд хүсэлт гаргасан сараас эхлэн эрх нь дуусгавар болох сар хүртлээ тэтгэмжийг авахаар тусгажээ. Тэтгэмжийг нөхөн олгохгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол нэг жилийн дотор нөхөн олгож болно” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга ярилаа.

Тэтгэмж авах иргэд ямар материал бүрдүүлэх вэ?

Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авах иргэн:

  • Өргөдөл;  1 хувь зураг;
  • Нөхөр /эхнэр/-ийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт; 
  • Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16  насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр. 

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах иргэн:

  • Өргөдөл;    
  • Хувь зураг; 
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум,  тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт; 
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт; 

Ихэр хүүхдийн тэтгэмж авах иргэн:

  • Өргөдөл;   
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний тухайд иргэний үнэмлэх эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;  
  • Ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт; 
  • Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт; 
  • Гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт. 

Жирэмсэн эхийн тэтгэмж авах иргэн:

  • Өргөдөл;     
  • Хувь зураг; 
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт.

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж