Х.Цагаанбаатар дэлхийн шилдэгт нэр дэвшлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар дэлхийн шилдэгт нэр дэвшлээ

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэ хүрээнд наймдугаар сарын сүүлээр Францын нийслэл Парис хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит чуулганг зохион байгуулах ажээ. IJF-д гишүүнчлэлтэй орнууд тус чуулганд оролцох бөгөөд Монголыг төлөөлж Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Сургалт, техник хариуцсан захирал, Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Б.Пагва нарын албаны хүмүүс оролцох аж. Чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг нь IJF-ийн ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох явдал гэнэ.

Мөн энэ үеэр Дэлхийн шилдэг жүдоч болон шилдэг дасгалжуулагчийг тодруулах юм. Тэгвэл, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн чансааг тасралтгүй хоёр жил гаруй хугацаанд тэргүүлж буй, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатар дэлхийн шилдэг жүдочид нэр дэвшжээ. Харин шилдэг дасгалжуулагчийн номинацид Монгол Улсаас дөрвөн эрхэм нэр дэвшсэн нь Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, дасгалжуулагч Х.Болдбаатар, П.Нямлхагва, Б.Бат-Орших нар ажээ.

Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит чуулган ДАШТ-ий өмнө буюу наймдугаар сарын 20-нд болох ба 21-ний өдөр IJF-ийн 60 жилийн ойд зориулсан гала тоглолт болох юм байна. Харин чуулганы дараагаар төлөөлөгчид Лондонг зорьж, олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн болох цэнгэлдэхтэй танилцах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж