Иранд засгийн газрын эсрэг жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна. “Үймээн самуун нааштай үр дүн авчрахгүй” гэсэн ерөнхийлөгчийн мэдэгдлийг үл хайхран жагсагчид тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм.
Эрх баригчдыг эсэргүүцсэн уриа лоозон, уухайн дуу хадаж, жагсагчид нийслэл Тегеран хотын гудамжинд машин шатааж байна. Үймээний үеэр хотын төв хэсэгт цагдаагийн офицер амь үрэгдсэн гэж цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгджээ.
Ираны ерөнхийлөгч Хасан Рухани “Эсэргүүцэл, тэмцэл бол боломж юм, гэхдээ аюул занал биш” хэмээн мэдэгдсэн ч хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэнэ гэв. Харин АНУ-ын эрх баригчид тэмцэгчдийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Будаа тэргүүтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, авлигын эсрэг өнгөрсөн пүрэв гаригт /2017.12.28/ Машхад хотын оршин суугчдын эхлүүлсэн жагсаал өдгөө Засгийн газрын эсрэг өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ болж хувирчээ.
Сүүлийн мэдээллээр нийслэл Тегеран хотод цагдаа нар гол талбай, гудамжийг хамгаалалтад авч, жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, даралттай усан буу хэрэглэж байгаа аж. Эсэргүүцлийн жагсаалын үеэр нийт 13 хүн амь үрэгдсэн гэж ВВС мэдээлжээ.
Тодруулбал,
-Нийслэл Тегеран хотоос баруун өмнөд зүгт 300 км зайд орших Туйсеркан хотод зургаан хүн буудуулж үрэгдсэн,
-Удалгүй мөн тус хотод гурван хүн алагдсан,
-Баруун өмнөд зүгийн Изе хотод хоёр хүн амь үрэгдсэн,
-Лорестан мужийн Доруд хотод мөргөлдөөний үеэр хоёр хүн нас барсан гэх мэдээллийг мужийн захирагч өгсөн байна. Үүнээс өмнө жагсаалын үеэр өөр хоёр хүн амь үрэгдсэн юм.
Эсэргүүцлийн жагсаалын хариуд ерөнхийлөгч Рухани албан ёсны цахим хуудсандаа мэдэгдэл нийтэлжээ. Үүнд “Энэ бол юу ч биш. Шүүмжлэл, эсэргүүцэл бол боломж юм. Гэхдээ аюул, занал биш” гэсэн байна. Түүнчлэн “үймээн, самуун дэгдээж, хууль зөрчсөн этгээдүүд хариуцлага хүлээлгэх болно” гэжээ.
Жагсаалд оролцсон 400 орчим хүнийг баривчлан саатуулсан байна.
Иранд болж буй үйл явдлын талаар АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр /2018.01.01/ Ираны эрх баригчдыг шүүмжлэн, жиргэжээ. Тэрбээр “Ираны агуу ард түмэн олон жил дарлагдсан. Тэд хоол хүнс, эрх чөлөөгөөр цангаж байна” хэмээгээд, “ӨӨРЧЛӨХ ЦАГ НЬ ИРЖЭЭ” хэмээн тусгайлан том үсгээр бичсэн байна.
Европын холбооны зүгээс Ираны эрх баригчдыг ард түмэндээ энх тайвнаар эсэргүүцлээ илэрхийлэх эрх олгохыг уриалж, тус улсын эрх баригчидтай нягт холбоотой байж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа гэж мэдэгджээ.
Түүнчлэн Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон “Их Британи Иран дахь үйл явцыг анхааралтай ажиглаж байна” гэв.
С.ЦЭЛМЭГ