”Нарны гүүр”-ний угсралтын ажил дууслаа

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

”Нарны гүүр”-ний угсралтын ажил дууслаа

Эхний хучилтаа хийсэн ч хараахан дуусаагүй байгаа гүүрэн дээр ёслолын тавцанг засчээ. Өмнө нь зөвхөн ажилчид холхилдож байсан уг гүүрэн дээр албаны хүмүүс, сурвалжлагчид, сонирхохоор ирсэн хүмүүс дүүрэн байх аж. Тусгайлан зассан тайзан дээр зураг сэлтээр чимэглэсэн том анонсыг хаджээ. Олон хүн холхиж, тусгайлан тайз зассан нь “Нарны гүүрний ган дам нурууны сүүлийн эрэг чангалах” ёслолыг хийх гэж байгаа нь энэ аж. Хүн холхиход хараахан бэлэн болоогүй байгаа учраас барилгын ажлаас үлдсэн хэсэг төмрөөр хүн явхад зориулан зам засч ёслолын ажилд бэлтгэжээ. Гурван сарын өмнөөс эхэлсэн угсралтын ажил ийнхүү үргэлжилсээр сүүлийн ган дам нуруугаа өнөөдөр чангалж байгаа нь энэ. Барилгын ажилд түр зуурын хүчтэй бороо, цаг уур нөлөөлөөгүй бөгөөд япон, монгол ажилчид өдөр шөнөгүй ажилласаар өнөөдрийн ёслолыг хийх хэмжээний болсон ажээ. Өнөөдөр угсралтын ажлыг дуусгаснаар гүүрний тохижилт, болон зам засах ажил эхлэх учиртай. Энэхүү ажлыг япон болон монгол ажилчид хийж гүйцэтгэх гэнэ.

Энэхүү ёслолын ажлыг эхлүү­лэхээс нэг сарын өмнө барилгын ажил 60 хувьтай өрнөж байлаа. Ха­рин өнөөдөр барилгын ажил 65 ху­вийн гүйцэтгэлдээ нэгэнт орсныг ба­рил­гын ажилчид хэлж байлаа. “Өнөө­дөр болж байгаа энэхүү ёс­лолын ажиллагаа бол Монголын хувьд томоохон бүтээн байгуулалтын нэг юм. Хэрвээ энэ гүүр ашиглалтад орох юм бол хотын иргэдийг ихээхэн бухимдуулдаг зам түгжрэл бага ч болов багасах учиртай. Өнөөдөр цаг наргүй ажилласан ажилчдын хүчээр энэхүү ёслолыг хийж байна. Монгол, Японы ажилчиддаа амжилт хүсье” гэж Зам тээвэр, аялал жуулчлал, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга хэлж байсан юм. Энэхүү гүүрийг барихад саад болж байсан дотоод сүлжээ, сангийн зарим нэг зүйлсүүдийг зайлуулахад ЗТАЖБХ-ын яам тус болж нийт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулжээ.

Мэргэжилтнүүдийн тооцоолс­ноор гүүр ашиглалтанд орвол Гур­вал­жингийн гүүрний ачаалал 50 хувь багасах төдийгүй өдөрт тус гүүрээр 30-аас 50 мянган машин явж өнгөрөх ажээ. “Өнөөдөр энэхүү ёслолын ажиллагааг хийж байгаадаа баяртай байна. Япон, Монголын барилгачдын хичээнгүй зүтгэлийн ачаар өнөөдөр сүүлийн дам нуруугаа хадаж байна. Бидэнд цаг уурын талаас ямар ч нөлөөлөл байгаагүй өдөр, шөнө ялгалгүй ажилласан. Одоо бидэнд гүүрийн замыг хучих ажил болон нарийн тохижилтын ажил л үлдлээ” гэж Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төслийн удирдагч Б.Мандат ярьж байсан юм.

Шинээр барьж байгаа тус гүүр нь хөдөлгөөний дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай, хүнд даацын машин явах боломжтой, 30-аас 55 метрийн алгасал бүхий металл дам нуруутай байх аж. Японд шинэ тутам хөгжиж байгаа технологийг энэхүү гүүрийг барихад ашигласан гэх. Гүүрийг бүхэлд ган төмрөөр хийж байгаа бөгөөд энэхүү гүүр нийт 100 гаруй жилийн настай ажээ. “Нарны гүүр”-ийг барихад зэвэрдэггүй, хэд дахин сайжруулсан ган төмрийг ашигласан байна. “Бид гүүрний ажил амжилттай байгаад баяртай байна. Монгол улсын эдийн засаг хэдэн жилийн өмнөөс хэд дахин өсч, барилгын ажилчдын чадвар нь ч дээшилснийг харлаа гэж” Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Кидокоро Такүо мэдэгдсэн хэлсэн юм.

Гүүрийг ирэх оны арвандүгээр сард бүрэн ашиглалтад оруулна. “Нарны гүүр”-ний хөрөнгө оруулалт болгож Японы талаас эхний ээлжинд 1,5 тэрбум иен оруулсан бөгөөд тэд энэхүү хөрөнгөөр гүүрний ажлын 65 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Одоо сүүлийн шатны хөрөнгө оруулалтыг Японы Засгийн газраас оруулах юм. Японы талын 100 хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй “Нарны гүүр” ийнхүү өчигдөр сүүлийн эргээ чангаллаа.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж