Надад оногдох хувийг энэ өвчтөнөөр өгч явуулна уу

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Надад оногдох хувийг энэ өвчтөнөөр өгч явуулна уу

Эмч нарт өвдсөн хүний зовлонгоор ашиг олоорой гэж цалин, пүнлүү олгодог гэж ойлгоод байгаа юм биш биз дээ. Саяхны нэг өдөр эмч нарын хариуцлагагүйгээс болж охиноо харахгүй, сонсохгүй эрэмдэг болгуулсныхаа төлөөсөнд шүүх хурлын үеэр анхнаасаа л төрөлхийн тархины саажилттай хүүхэд байсан гэж хэлүүлж байх шиг. Өвчний түүхийг нь эмнэлгийн архиваас авч, засварласнаар тэд өөрсдийгөө аварч гарсан гэнэ. Хариуцлага тооцох хууль дүрэм нь байсаар атал арга, заль хийгээд хариуцлагаас мултрах боломж бололцоог ч амархан олох юм, тэд. Эрүүл мэндийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа цагаан нөмрөг өмссөн, эмчлэх эрх бүхий эмч бүхэн эсэргүүцэж байсан. Төр яагаад эмч нарын эмчлэх, ажиллах нөхцлийг боомилоод байгаа талаар хуулийн нэмэлт өөрчлөлтийг судлаад үзвээс хариуцлага алдсан эмчийг 1.4-3 сая хүртэлх төгрөгийн торгууль ноогдуулах талаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгний буруугаас хохирсон хүний амь нас, насан туршийн өвчин шаналлаас илүүтэй 1.4-3 сая төгрөг хариуцлага алдсан эмч нарт хүнд тусч байна гэж үү. Хариуцлагаас мултрах гэж уг хуулийг эсэргүүцээд байна гэж ойлгож болмоор.

Эмчийн ажил бол тоглоом биш. Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чухал, хариуцлагатай ажилтай хүмүүс бол эмч нар. Гэтэл сүүлийн үед зүдрүүхэн нэгэнд өвдөх нь үхэхтэй адилхан болж. Харин мөнгө, төгрөг элбэгтэй хүмүүс нь үйлчилгээний сонголт, танил талаараа дөмөгхөн шиг аргалж орхино. Алтан гартай эмч нар л өвчнөөс ангижруулна гэсэн горьдлого тээсээр тэднийг зорьдог ч эмчилгээнээс илүүтэй онош тодруулахаар ийш, тийш, эмч нарын хэлсэн зүг, нэрлэсэн эмч дээр очихгээр урагш гишгэх нь үгүй. Өөрөөр хэлбэл, эмч нь “Тийм эмнэлэгт очиж шинжилгээ үзүүл” гэж голдуу хувийн өндөр төлбөртэй эмнэлгийг заана. Эмчийнхээ үгнээс зөрөлтэй ч биш, заавал заасан өндөр төлбөртэй эмнэлэг рүү явуулахаас өөр аргагүй. Ялангуяа тэр бүхний үнэ ханш нь жирийн нэгэнд бол үнэхээр өндөр. Тухайлбал, нэгэн дүүргийн эмчлэгч эмч Шастины нэрэмжит клиник эмнэлгийн нэгэн эмчид заавал оношлогоо хийлгэх хэрэгтэй, өөр газар хийлгэх аваас хүчингүй хэмээн омогдож. Гэтэл хувийн эмнэлэгт яг ийм оношлогооны аппаратаар 15 мянгаар оношлож байхад эмчлэгч эмчээ царайчилж буй өнөөх өвчтөн заасан эмчид очиж, 60 мянган төгрөгний зүрхний эхо оношлогоо хийлгэсэн аж. Түүнийхээ хувийг ч тэд хоорондоо тохиролцсон хуваалцдаг сурагтай. Үүнийгээ ч нотлох гэсэн шиг “Надад оногдох хувийг энэ өвчтөнөөр өгч явуулна уу” гэсэн бичиг дээрх өвчтнөөрөө дамжуулан илгээж. Энэ мэтээр хүний өвдөх шаналах тэдний хувьд мөнгө олох хялбархан арга болчихож. Тэр бүү хэл, хоорондоо сүлжээ үүсгэж ажиллаж эдний башир аргыг юу гэж ойлгох вэ.

Цагаан халаад нөмөрч, цалингаа чамласан эмч нарт хүнлэг чанар, үүрэг хариуцлага гэж байхаа больж. Танил тал, мөнгө төгрөггүй л бол онош нь тодрохгүй байна гэж арга саам хэрэглэн нэг тариа, хоёр эмээр хуурна. Цаашлаад бидний арга барагдлаа гэх тэдний үг үхэхээс өөр сонголт байхгүйг өвчтөн, тэдний ар гэрийнхэнд сануулахтай адил сонсогдоно. Тэд өнөөдөр хэдэн халтар төгрөгний хойноос хөөцөлдөөд нэр төр, үүрэг хариуцлагаа уландаа гишгэсэн улсууд. Наян настай буурлаас найман настай хүүхэд хүртэл эмч гар хардгийг мэддэг болж. Тариа хийлгэх гэж буй хүүхэд “Ээжээ эмчдээ өнөөдөр юу өгөх вэ” гэж байхыг сонслоо. Улс орны хүн амын өсөлт, хөгжил энэ салбараас бүрэн хамаарах учиртай. Гэтэл манай улс хэчнээн хүн амтай билээ. Хүний хорвоод мэндлэх нялхсаа, хийж бүтээн идэрмэг залуусаа хариуцлагагүй эмч нарын гарт даатгасаар байх уу.

Азийн сангаас хийсэн авлигын судалгаагаар төсвийн байгууллагын ажилчдаас хээл хахууль хамгийн их авдаг хүмүүсээр эмч нар толгой цохиж гэсэн мэдээлэл гарч байсан удаатай. Цалин бага, хангамж муу, ачаалал их гэсэн тэдний үгэнд итгэх хүн ховор болсон. Учир нь хувийн эмнэлэггүй эмч одоо бараг байхгүй. Тэд үнэхээр л бага цалинтай юм бол яаж хувийн эмнэлэг байгуулаад байна вэ. Эсвэл тэдний хүслийг биелүүлдэг бирд гарч ирсэн юм болов уу. Үдээс өмнө нь төрийн ажлыг хийж байна хэмээн хэдэн хүн үзэж хувийн эмнэлгээ зааж өгчихөөд үдээш хойш нь хувийнхаа эмнэлэгтээ очиж мөнгөө олох болсныг хүн бүхэн мэднэ. Муу нуухаар сайн илчил гэдэг дээ. Нэг мөсөн төрүүлэхэд төдөн төгрөг, нэг тариа хийсэн сувилагчид энэ хэмжээний мөнгө төгрөг төлнө гэх үнэ ханшаа ил болгочихвол зүгээр ч юм уу.

Д.ДОЛГОР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж