Улаан асрын зүүд (9-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.02-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (9-р бүлэг)

Улаан асрын зүүд (9-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Есдүгээр бүлэг

АРДАГ ХӨВГҮҮНИЙГ НОМХОТГОЖ, ЛИ ГҮЙ ЦУУГИАНЫГ ХОРИГЛОН ЦЭГЦЭЛЖ, АЛИА ХҮҮХДИЙГ БУРУУШААЖ МИН ЯНЬ БИЧГИЙН ГЭРТ ҮЙМҮҮЛЭВ

Өгүүлэх нь: Чинь Банье хүүгийн хамт Жя овогтны гэрийн сургуульд явах өдрийн товыг хэзээ хүргэж ирэхийг хүлээж байлаа. Бао Юй ч Чинь Жунтэй уулзах гэж яарч байсан тул “Нөгөөдөр сургуульд явахад сайн өдөр” гэж сонгоод тэднийхээд хүн явуулж мэдээ илгээв. Тэр өглөө Бао Юйг босоход Ши Рэнь хэзээний түүний бийр бичиг, хэрэгсэл юмсыг нь бэлтгэж тавиад ширээ түшин уйтгарлан сууж байснаа босохтой нь зэрэг арга буюу угааж самнаж дуусгав. Түүний гунигтай байгааг хараад Бао Юй: “Эгч минь, яагаад урамгүй болчихов. Намайг сургуульд явчихаар хамаг юм эл хуль болохоос айж байна уу” гэсэнд цаадах нь инээгээд: “Юун тийм байхав. Бичиг үзэх нь маш сайн. Хэрэв тиймгүй бол нэг насаар доройтно. Эцэст юу болох вэ. Бичиг үзэж байхдаа бичгээ бодож, үгүй цагт нь гэрээ бодож байх хэрэгтэй. Бао чи тэдэнтэй тоглож наадаж байгаад Лао етай таарвал тоглоом биш болно. Хэдийгээр хатуу зориг нь зүйтэй боловч ном сурахаа хичээхгүй бол ямар хэрэг байх вэ. За тэгээд их ховдогловол шингэх нь муу гэдэг. Юу ч гэсэн хэрсүү байх хэрэгтэй. Энэ бол миний бодол. Юу ч гэсэн санаж л яв” гэхийг Бао Юй зөвшөөрөв.

-Би чиний зувцаа дээлийг боогоод зарц хүүхдэд өгч явууллаа. Сургуулийн байр хүйтэн. Дээлээ давхарлаж өмсөхийг бодоорой. Гэрт байгаатай адил харгалзах хүн тэнд үгүй шүү. Хөл гарын ханцуйвч, шилбэчийг чинь өгч явууллаа. Чи тэднийг шаардан гал түлүүлж байгаарай. Тэр залхуу амьтас… Чи ч гэсэн хөдлөх дургүй. Харин чамайг дааруулна шүү гэж Ши Рэнь нэмж захив. Бао Юй:

-Чи битгий санаа зов. Би зохицуулж чадна. Та нар ч гэсэн гэртээ ганцаар уйтгарлан сууж яана. Линь охин дүү нар тоглоё гэвэл очихгүй юү гэсээр хувцсаа өмсөж зүүж дуусахад нь Ши Рэнь түүнийг Жя Му, Жя Жэн, Ван Фүрэнь нартай уулзаад яв гэж шаардав. Бао Юй зарц шивэгчингүүдэд хэдэн үг хэлээд Жя Муд өглөөний мэнд хүргэхээр оров. Эмээ нь хэдэн үг сургаж хэлсэн байлгүй. Дараа нь Ван Фүрэнь, Жя Жөн хоёртой уулзаж амар мэнд эрэв.

Энэ өдөр бичгийн гэрт явуулын хүн Шян Гүн нартай ярилцаж байснаа Жя Жөн гэнэт Бао Юй ирж амар эрэн сургуульд явна гэхэд хүйтнээр инээж:

-Чи хэрэв “Сургуульд явна” гэдэг үгийг дахиж хэлбэл, намайг бас ичээнэ шүү. Миний бодлоор бол чи харин онгирон наадвал болноо. Энд зогсож миний шалыг муухай болгон үүдийг хиртүүлүүзэй гэхэд олон зочид цөм босож инээлдэн:

-Эрхэм ах та ундууцаж яана. Эрхэм агь энэ өдөр явбал хоёр гурван жилд эрдэм сурч алдарших биз. Хэрхэвч жаахан байсантайгаа адилгүй болжээ. Одоо хоол идэх цаг боллоо. Эрхэм агь хурдхан буцтугай гээд өвгөжөөр хоёр нь Бао Юйг хөтлөн гарав. Жя Жөн: “Энэ Бао Юйг хэн дагаж явах юм бэ” гэтэл гаднаас гурав дөрвөн том эр орж ирээд ёслон мэндлэв. Тэдний дунд Бао Юйн хөхүүлэхийн хүү Ли Гүй байхыг хараад: “Та нар өдөр болгон үүнийг дагаж сургуульд очно. Тэр чухам ямар ном бичиг уншсан бэ гэдгийг мэд. Хэрэв элдэв олиг солиг үг цээжлээд, онгирч сагсуурахыг сурвал би завандаа очоод арьсыг нь хуулж хаяна шүү” гэж Жя Жөн хэлсэнд хөхүүл эхийн хүү мэнчийн сандарч сөгдөөд, малгайгаа авч газарт мөргөөд: “Жа Жа” гэж дахин давтан хэлээд өндийж: “Агь одоо нэгэнт “Шүлэглэлт номын”1 гуравдугаар дэвтрийг үзээд “Буга согоо уралдаж талын зэргэлгээнд бэлчинэ2 номыг уншиж байна. Өчүүхэн би аймшиггүй худал хэлэхгүй” гэсэнд цөм хөхрөлдөж эхлэхэд Жя Жөн ч тэсэлгүй инээд алдав.

-Дахиж бас гучин дэвтэр “Шүлэглэлт номыг” уншлаа ч “Чихээ таглаж, хонх хулгайлах” мэт хүнийг мэхлэх төдий биз. Чи тэнд очоод сургуулийн даяагийн амрыг эрээд миний хэлснийг хэлтүгэй. Юуны чинь “Шүлэглэлт ном” бэ. Эртний ном зохиолыг дэмий хоосон оролдуулах хэрэггүй. Харин урьдаар “Дөрвөн бичгийг” цөмийг нь тодорхой тайлбарлан цээжлүүлэх нь чухал гэж намайг хэллээ гэж хэлэгтүн гэсэнд Ли Гүй сандран “Жа” гэж хүлээн авч байгаагаа илтгээд, Жя Жэнг дахиж юм хэлэхгүйг мэдмэгц босож ухран гарав.

Энэ үед Бао Юй ганцаар хүрээний гадаа амьсгаа даран чагнаж, тэдний гарч ирэхийг хүлээж байв. Ли Гүй нар хувцсаа гөвсөөр ирээд: “Агь сонссон уу. Урьдаар маний арьсыг хуулна гэнээ. Бусдын боол болбол эзнээ дагаж нүүр тал олно. Бид бол харин дагасаар л зодуулж хараалгана. Үүнээс хойш баахан хөөрхийлүүлбэл сайн” гэхэд нь Бао Юй инээж: “Ах минь, битгий гомдогтүн. Маргааш би чамайг залсугай” гэв. Ли Гүй “Өвөг ноён минь ээ, хэн чиний залууг горьдох вэ. Үгийг баахан сонсохыг гуйя” гэж хэлэв. Ийн ярилцсаар Жя Мүгийнд очиход Чинь Жун хэдийнээ ирээд эмээтэй ярилцаж байв. Бао Юй, Дай Юйтэй салах ёс гүйцэтгээгүйгээ гэнэт санан яаран тийш гүйв. Дай Юй цонхны дор толины дэргэд үсээ самнан засаж харагдана. Бао Юйгийн “Сургуульд явлаа” гэхийг сонсоод цаадах нь инээж: “Сайн, сайн. Одоо саран ордоноо гавир цэцгийг тасчин”3 өндөрт авирч үлэмж нэрийг олох байхаа. Би чамайг хүргэж чадахгүй” гэхэд нь Бао Юй: “Охин дүү минь, намайг сургуулиас ирэхийг хүлээж оройн хоолоо бэлтгээд, оо, энгэсэгээ бас ирсэн хойно найруулаарай” гэж хэлээд эргэтэл цаадах нь дуудан зогсоож “Чи яагаад Бао Чай эгчтэй салах ёс хийсэнгүй вэ” гэж асуусанд юм хэлэлгүй цаашаа явчихав.

Түүний сургууль гэрээс нь холгүй. Урьд дээд өвөг нь төрөл аймгийн хүүхэд дүү нарт багш залах чадалгүй хүн байвал цөмийг сургуульд оруулж ном үзүүлэхийг бодож энэ сургуулийг байгуулсан ажээ. Төрөл угсаа нэгтэн ноёд язгууртангууд дор бүрнээ мөнгө гаргаж сургуулийн зардал хичээлийн хэрэгсэл мэтийг олоход тусалж өндөр настай эрдэмтдээр багшлуулдаг байлаа. Эдүгээ Чинь, Бао хоёр ч ирж багш нартаа ёслон золгоод номоо үзэж эхлэв. Энэ өдрөөс эхлэн тэр хоёр явж суух, унтаж хэвтэхээ хүртэл хамтатгаж, улам ойр дотно болов. Үүний хажуугаар Жя Мү бас хайрлах тул Чинь Жунийг тав гурав хоногоор гэртээ суулгаж, өөрийн жич хөвгүүн адил энхрийлдэг ажээ. Чинь Жунгийнх тийм их баян чинээлэг биш болохоор хувцас хунар өгнө. Нэг хоёр сар болоход Чинь Жун бас Рун фүгийнхөн дотор танил боллоо. Бао Юй ерөөсөө хэвийг сахиж, биеийг мэдэх хүн биш, санааны зоргоор аашилдаг хүн болохоор бас тэр зан нь хөдөлж Чинь Зүнд сэмээрхэн,

-Чи бид хоёр нас чацуу, хамт суралцдаг болохоор хойшид авга, ач гэж ялгах хэрэггүй. Ах дүү нөхөр хань гэвэл болно гэж ятгахад нь эхэндээ Чинь Жун дагахгүй байснаа Бао Юйг дандаа “Дүү” гэх буюу түүний өргөсөн нэрээр Жин Чинь гэж дуудаад байхаар, сүүлдээ Чинь Жун бас түүнийг дууриадаг болжээ. Угаасаа энэ сургуульд хэдийгээр цөм төрөл угсааны хүүхэд дүү нар хийгээд ураг садангийн үр ач нар байгаа боловч яваандаа ерийн үгэнд “Аавын хүүхэд адилгүй, арван хуруу тэгшгүй” гэдэгчлэн сайн муу олон хүн хутгалдаж, тэр дунд саар этгээд байх нь зөндөө болжээ. Чинь, Бао гэдэг хоёр хүн ирсэн нь хоорондоо ялгаатай нь илэрхий. Тэдний өнгө зүс цэцэг мэт боловч Чинь Жун нь бүрэг ичимтгий, эелдэг зөөлөн, юм хэлэхийн өмнө царай нь улсхийж, эмэгтэй хүний төрхтэй болно. Бао Юйн төрөлх зан ааль нь даруу номой, эесэг найруу, найлинхай зантай, нийцтэй яриатай. Үүнээс гадна тэр хоёр хоорондоо их дотно байгааг хараад хамт сурагчид нь сэжиг таамаг төрж, нүднээс далд элдэв хоёроор хэлж, гутаан доромжлох үг, цуурхал сургуулийн дотор газар авчээ.

Дээр үед Шюэ Пань, Ван Фүрэний дэргэд нүүж ирснээс хойш, хүүхэд багачууд олноор сурдаг нэг сургууль байхыг мэдээд “Лүн Янгийн” тачаангуй хөдөлж4 бас бичиг сурахаар тэнд орсон боловч дур нь хүрвэл очиж, дургүй нь хөдөлбөл больж байсан ч Жя Дай Руд бэлэг өгч төлбөрөө төлсөн төдийгөөр өнгөрч олигтой юм сурсангүй. Харин найрсаг сайн ах дүү олж нөхөрлөхийг хичээв. Энэ сургуулийн зарим жижиг хүүхэд Шюэ Паний мөнгө зоос, хувцас хунар, идээ ундаанд татагдаж, түүний арганд орсоныг энд яриад яах ч юм билээ. Бас хоёр их найзархаг хүүхэд бий болов. Аль ураг садны, хэний хүүхэд болохыг мэдэхгүй, нэр овгийг нь ч сайн лавласангүй. Гагцхүү ганган хээнцэр төрсөн тул сургууль даяараа тэр хоёрт хоч нэр өгчээ. Нэгийг нь хүжсийн амраг “Шян Лянь” гэж, нөгөөхийг нь хашийн хайр “Юй Ай” гэж дуудна. Энэ нэр хочийг хэлэхэд баргаараа дуртай ч гэсэн зарим нь “Бага хүүхдэд сайнгүй байх” гэж бодовч олонхдоо Шюэ Паниас айгаад хамаагүй хэлэхгүй. Тэгтэл одоо Чинь Бао гэдэг хоёр хүү ирээд урьдын явдал давтагдах шинжтэй боловч Шюэ Паний найртай хүн болохыг мэдэх тул хуудамаар аашилж чадахгүй байв. Шян, Юй хоёр ч дотроо Чинь, Бао хоёрт дур хүсэлтэй байсан ажээ. Үүнчлэн дөрвөн хүний сэтгэлийн дотор хэдийгээр хүсэл дурлал байсан боловч илрүүлж чадахгүй байлаа. Өдөр бүр сургууль дээр ирмэгц, тэд тус тусдаа суудаг боловч найман нүд харилцан ширтэлцэж, эсвэл өөр үгээр санаагаа дамжуулж, эсвэл ялам модыг уд модтой зүйрлэж шүлэглэн, холоос сэтгэлээ нэвт мэдэлцэн, гадна талдаа бол бусдын нүд чихнээс зайлна. Гэсэн ч бас хэдэн шооч гайхал төлөв байдлыг нь гаргаад, ард нь очиж нүд ирмэн хөмсөг хөдөлгөх буюу эсвэл ханиаж хахан хоолой засна. Энэ бүхэн нэгэн өдрийн төдийний юм биш болжээ.

Нэгэн өдөр Дай Ру гэртээ харих хэрэг гараад явахын өмнө мөрдөө долоон үгтэй нэгэн бадаг уянгын шүлэг тэрлүүлээд, үүнтэй уялдуулан шинэ хичээлээ суртугай гэж сурагчиддаа захиад сургуулийн доторх хэргийг том ач Жя Рүйд хариуцуулав. Гайхалтай нь Шюэ Пань хичээлдээ гайгүй болчихжээ. Нэг өдөр Чинь Жун Шян Лянийг нүдээр дохиж гараад ар хашаанд очиж бие засах нэрээр юм ярья гэжээ. Тэнд очоод Чинь Жун ам урьтаж:

-Танай гэрийнхэн чинь, харилцан нөхөрлөхийг хориглодогуу гэж асуусанд цаадах нь хариу хэлэх хооронд ар талд нь хүн ханиах сонсогдов. Тэд цочин эргэж харвал сурагч Жинь Рун гэгч зогсож байлаа. Шян Лянь угийн түргэн зантай тул ичих уурлах хослон: “Чи юу гэж хоолой засав. Биднийг юм яриулахгүй гэв үү” гэж асуув. Цаадах нь инээж:

-Та нар юм ярьж болоход, би хоолой засаж болохгүй юү. Үг байвал ил хэлэхгүй хялав цийлэв хийж яах гэсэн юм бэ. Нууж байсан юм бол та нар надад баригдчихлаа шүү дээ. Яаж бултмаар байна вэ. Тэр хэлэх юмаа над хэлчих, би хэнд ч хэлэхгүй. Тиймгүй бол бүгдээрээ үймүүлнэ шүү гэхэд нөгөө хоёр нь, царай улайлган бачимдаж:

-Чи юуг нь барьсан юм гэж асуув. Жинь Рун инээж:    

-Би өнөө чухам үнэнийг нь барьжээ гээд алга ташин, амттай хуушуур хагарчихжээ. Та нар худалдан авч идэхгүй юү гэж хашгирав.

Нөгөө хоёр нь уурлаж сургууль руугаа ороод: “Жинь Рун биднийг дарлан доромжлов” гэж Жя Рүйд хэлж зарга үүсгэв.

Энэ Жя Рүй нь олигтой юм бишээ. Олз омогт дуртай, сургуулийн ажил хийж байгаа юм шиг мөртөө аминыхаа юмыг бүтээж, хүүхэд шавь нарыг элдвээр хяхан хавчиж, дайлуулж цайлуулж цагийг өнгөрөөнө. Бас Шюэ Паньтай хамжиж архи дарс, зоос мөнгө олж, улмаар түүний занг эвдэж эзэрхэг сөргүү авиртай болгож, муу явдлыг нь хориглох байтугай сугыг нь өргөж сайнд оруулах гэнэ. Энэ Шюэ Пань бол усан дээрх хулуу мэт тогтворгүй, өнөөдөр үүнийг санаж, маргааш түүнийг хайрлана. Ойрноос шинэ найзтай болоод Шян, Юй хоёрыг орхижээ. Уг нь бол Жинь Рун бас ч түүний сайн нөхөр байсан бөгөөд Шян, Юй хоёртой болмогц өнөөхөө хаясан юм. Тэгтэл одоо Шян Юй хоёр хаягдах болчихов. Тийнхүү Жя Рүй тохой түшиж туслах хүнгүй болоод Шюэ Пань шинийг олбол хуучнаа голоход үл хорсож, харин түүний өмнө дэмжихгүй гэж Шян, Юй хоёрт гомдоно. Тийнхүү Жя Рүй, Жинь Рун зэргийн хүмүүс бас яг тэр хоёрт жөтөөрхөж байжээ. Одоо Чинь Жун Шян Лянь хоёул Жинь Рун тэй, заргалдах гэж ирсэнд нь, Жя Рүйн сэтгэлд тааламжгүй болж, түүн дээр Чинь Жунг буруушааж чадахгүй Шян Ляниар ор болгож, түүнийг хэрэгт дуртай, яршигтай гэж нэгэн зэрэг сайн донгодов. Шян Лянь урамгүй болж, Чинь Жун ч эвгүйрхэж тус тусынхаа суудалд очиж суув. Жинь Рун улам омогшиж толгой хаялан тамшаалж элдэв эсийн дэл сул үг дүдэгнэнэ. Юй Ай үүнийг нь сонсоод тус тусын суудлаас үг хаялцан цуугилдахад хүрэв. Жинь Рун эгдүүцэж “Би тун сая арын хашаанд тэр хоёрыг үнсэлцэж, биенийхээ бөгсийг тэмтэрч байхыг нүдээрээ харлаа. Хоёулаа зөвлөлдөн тод бүдэг ярилцаж байв” гэж эрий хурайгүй ярихдаа өөр хүн сонсож байхыг анзаарсангүй. Нэг хүний уур хилэн хэдийн хөдөлчихсан байв. Тэр хэн болохыг мэдэж байна уу?

Түүнийг Жя Чян гэнэ. Бас ч Нин Гуофүгийн доторх гол угсааны жичинцэр болой. Эцэг эх нь, эрт өнгөрөөд хараахан багаасаа Жя Жэнг түшиж амьдарсаар одоо арван зургаа хүрч Жя Рун гээс гэгээмсэг сайхан хүн болжээ. Тэрбээр ах дүү хоёулаа. Хоорондоо маш дотно, босож суухдаа хүртэл цугтаа шүү. Нин Гоуфүгийнх хүн олон, ам цалгай. Тэдгээр тавгүй боол зарц нар нь зориуд цуурхал тараан эзнээ гүтгэдэг ажээ. Ийнхүү бас аль нэгэн өчүүхэн хүн доромжлон гүтгэснийг бүү мэд. Жя Жөн бас эвгүй цуу мэдээ олж сонсоод, өөрөө ч сэжиг таамаглалаас зайласхийхийн тулд гэр байшин төхөөрч өгөөд Жя Чянг нүүлгэн тусгай айл өрх болгон төвхнүүлжээ. Энэ Жя Чян бол өнгө зүс үзэсгэлэнтэй, өрц цээж нь хурц сэргэлэн. Хэдийгээр нэр таарч сургуульд ирсэн боловч хуурамчаар нүдчих халхлах төдий л бөгөөд бас ч мөрийтэй тоглоом, өнгө дарсаас буцдаггүй нэгэн ажээ. Дээд талдаа Жя Жөн энхрийлэн хайрлаж доод талдаа Жя Рун өмгөөлдөг учир аймаг угсааны дотор хэн ч түүнд халдахгүй. Тэрбээр Жя Рун тэй маш сайн болохоор Чинь Жунг хүн дарлаж байхыг үзээд яаж хүлчиж чадах билээ. Одоо ухасхийн гарч өмгөөлнө гээд бас дотроо: “Жинь Рун, Жя Рүй нар бол цөм Шюэ авгын дотно нөхөд, би бас тэр авгатайгаа харилцаа сайн. Хэрэв би үүнд оролцвол, тэд Шюэ Паньд хэлбэл бидний харилцаанд муу болох бишүү. Ойшоохгүй байх гэхээр энэ цуурхал олны урам зоригийг хугална. Одоо яаж шуугианыг зогсоох, тэгэхдээ яаж нүүрээ хиртээхгүй номхотгох вэ” гэж бодоод, бие засахаар шалтгаглан арын хашаа руу ороод Бао Юйг даах бичгийн хөвгүүн Мин Янийг сэмхэн дуудаж ирүүлээд ийм тийм гэж хэдэн үг өдөөн хэлэв.

Энэ Мин Янь бол Бао Юйн хамгийн итгэлт хүн атлаа нас залуу, учир мэдэхгүй. Тэрбээр Жя Чяны хэлэхийг сонсоод: “Жинь Рун энэ мэтээр Чинь Жунг дарлаж чиний агь Бао Юйг бас хамруулсан байна. Тийм болохоор түүнд баахан сүр үзүүлэхгүй бол улам догширно” гэв. Энэхүү Мин Янь шалтгаангүйгээр бусдыг дарладгийг нь сонссоноос гадна Жя Чян дэмжиж байгааг мэдээд шууд гэрт орж Жинь Рунгийн дэргэд очоод, Шян гүн гэж хүндэтгэн дуудсан ч үгүй” Жя овогтоон чи ямар амьтан бэ” гэхэд нь Жя Чян зориуд дэвслэн, хувцас хунараа засаж, нарны сүүдрийг хараад: “Цаг болжээ” гээд, ажил гарсан тул баахан түрүүлэн явсугай гэж Жя Рүйд хэлэв. Тэрбээр түүнийг хориглож чадалгүй аяар нь явуулав.

Тэнд Мин Янь орж очоод Жинь Рунг барьж аваад “Бидний бөгсөө авах, эсэх чамд ямар хамаатай юм бэ. Чиний эцгийн бөгсийг аваагүй л бол боллоо. Чи үнэхээр зоригтой бол энэ Мин өвөгдөө халдаж үз” гэсэнд тэнд байсан хүүхдүүд мэлрэн ширтэв. Жя Рүй сандран “Мин Янь чи битгий зэрлэг аашил” гэж зандрав. Жинь Рун уурлаж, царай нь зэвхийрээд: “Урважээ. Боол хүүхэд бас энэ мэт аймшиггүй аашилнаа. Би эзэнтэй чинь хэлэлцэнэ” гээд Бао Юйг цохихоор үсрэн очив. Чинь Жун арайхан эргэж гарч иртэл ард нь чимээ гарч нэгэн бэхийн нийлүүр сүнгэнэн өнгөрөв. Ямар хүн шидсэнийг мэдэхгүй байтал Жя Лань, Жя Жюань хоёрын суудалд тусчээ.

Энэ Жя Лань, Жя Жюнь нь багаасаа өнчин өссөн учир эх нь их хайрладаг. Сургууль дээр бол Жя Ланьтайгаа дотно. Тиймээс хоёул нэг ширээнд суудаг. Жя Жюаний нас бага боловч зориг сөс их, хүнээс айдаггүй. Алиа зантай. Тэрбээр суудалдаа сууж байтал Жинь Рунгийн найз нь түүнийгээ өмөөрч бэх нийлүүр шидэж Мин Янийг онох гээд чадсангүй. Харин түүний урд ширээн дээр байсан шаазан савыг хагалж бэхийг нь асган дэвтрийг нь бялтжээ. Жя Жюань яаж хүлээж суух вэ. Сүрхий харааж “Цусаар урссан туламнууд. Цөм гар хөдлөхөд хүрэхнээ” гэсээр мөнөөх зууруулыг шүүрэн авч шидэхийг завдав. Жя Лань нь элдэв хэрэгт оролцох дургүй хүн болохоор өнөөхийг нь булааж аваад “Дүү минь, наадах чинь бидэнд хамаагүй юм” гэсэнд цаадах нь үл зөвшөөрөн бичгийн саваа шидэв. Бие бага, хүчин мөхөс юм болоод хол шидэж чадсангүй. Өнөөх бичгийн сав нь Бао Юй, Чинь Жун хоёрын ширээн дээр унажээ. Аяга хагалж, цай асганы дараа хамаг бичиг цаас нь ширээ, шал дээгүүр бутрав.

Жя Жюнь үсрэн босож, бэх нийлүүр шидсэн хүнийг барьж авахаар очив. Жинь Рун, модон хавтас шүүрэн аваад цохиход нь Мин Янь оногдож “Та нар ингээд л хараад суух юм уу” гэж хашгирав. Бао Юйг дагасан хэдэн хүүхэд байсны нэг “Шяо Хэүн, Сао Хун, нөгөөх нь Чу Яо, бас нэг нь Мо Юй гэдэг. Ийм юм болж байхад тэд оролцохгүй байж яаж чадах вэ. Цугаараа хашгиралдан: “Тэр охин зулзагыг хар. Зэвсэг хөдөлгөх үү” гэтэл Мүэ Юй хаалганы цүү сугалан цаадуул нь дагалдан дайрав. Жя Рүй сандарч, үүнийг нь хориглон, түүнийг нь аргадавч хэн нь ч түүний үгийг сонссонгүй, самууран үймэлдэв. Дүрсгүй хүүхдийн зарим нь, завшаанд хэн нэгнийг цохиж, хөгжөөнд нэмэр өгнө. Зарим аймхай нь тэнд энд нуугдана. Бас нэг нь ширээн дээр гарч зогсоод алга ташин хөхөрч бусдыг өдөөн хашгирна. Агшин зуур буцалсан тогоон дахь адил үймэлдэн бужигнав. Гадаа байсан Ли Гүй мэтийн хэдэн их зарц, танхимд үймээн болсныг сонсоод яаран орж, зандран зогсоогоод учрыг асуувал, хүн хүн янз янзаар өгүүлэв. Ли Гүй, Мин Янь зэрэг дөрвөн хүнийг нэгэн зэрэг донгодоод хөөн гаргав. Чинь Жунгийн толгой хэдийнээ Жинь Рунгийн модон хавтсанд оногдож, арьс нь язарсан тул Бао Юй хүрэмнийхээ хормойгоор дарж, олон хүнийг зандран зогсоогоод “Ли Гүй ном бичгийг боогтүн. Морь авчир. Би даяад мэдүүлэхээр явна. Бид хүнд доромжлууллаа. Зүгээр байж байх юм уу. Ёс нь бол Рүй лао е мэдүүлэх ёстой. Гэтэл тэр эргүүлээд манийг буруутгаж, хүнээр биднийг хараалгаж, бас тэднийг өдөөж биднийг цохиуллаа. Мин Янь намайг дарлуулж байгааг хараад өмөөрөхгүй байж чадах уу. Тэд бүгдээр нийлж түүнийг зодлоо. Чинь ЖУнгийн толгойг ч шархдууллаа. Бид энд яаж ном үзэх юм бэ” гэсэнд Ли Гүй,

-Агь битгий бачимд. Лао е гэртээ харьсан тул энэхэн явдлын төлөө түүнийг үймүүлж болохгүй. Тэгвэл бид ёс алдахад хүрнэ. Би бол энд гарсан хэргийг энд нь дуусгах ёстой гэж бодож байна. Даяаг зүдрүүлж яана даа. Энэ болцөмөөрөө Рүй даяагийн буруу. Түүнийг байхгүйд та энэ сургуулийн тэргүүн шүү. Олон хүн, чиний зааснаар явна. Хүн осол гаргавал сургахыг нь сургаад, цохихыг нь цохиод, торгохыг нь торгоод учрыг нь олох ёстой. Юунд ийм сүрхий үймэлдтэл нь хайхрахгүй байна вэ гэж хэлэв. Жя Рүй,

-Миний хэлж, хориглохыг тоохгүй байна гэсэнд Ли Гүй,

-Таны уурлахаас би айхгүй, хэлэхээ л хэлнэ. Ерийн үед танд баахан зохисгүй юм бий. Тийм болохоор энэ хүүхдүүд чиний үгийг сонсохгүй байгаа юм. Хэрэв Даяагийнд очвол та бас мултарч гарч чадахгүй. Харин хурдан учрыг нь олоод шалган зогсоох хэрэгтэй гэсэнд Бао Юй залгаж, “Юуг шалган зогсоох юм бэ. Би заавал хэлнэ” гэв. Чинь Жун уйлан хэлсэн нь,

-Жинь Рун энд байх юм бол би харинаа гэв. Бао Юй:

-Энэ юу болж байна вэ. Энд бусад хүн ирж болоод, бид болохгүй болж байна уу. Би харьж хэлээд энэ Жинь Рунг хөөж явуулна… гээд Ли Гүйд хандаж: “Энэ Жинь Рун хэний ураг садан юм бэ” гэсэнд цаадах нь бодох аядаад:

-Үүнийг лавлах хэрэггүй. Аль нэгний удам судраар хэлэлцэхэд хүрвэл ах дүүсийн эв найрыг эвдэхэд хүрнэ гэв. Тэгтэл Мин Янь цонхны гаднаас:

-Тэр бол Зүүн хүрээний Хуан Да найнайгийн үеэл хүү. Юундаа эрдэж биднийг айлгана вэ. Тэр найнай нь энүүний авга эгч юм. Чиний тэр авга эгч гагцхүү борвидон бялангачилж5л чадна.

Манай Лянь Эр найнайд сөгдөж мөргөж байгаад барьцаат мөнгө зээлдэг. Тэр мэтийн хатан авхайг би нэг нүдээрээ ч харахгүй гэж нотлов. Тэгтэл Ли Гүй: “Энэ муу нохойн зулзага… Чи ганцаараа мэддэг юм уу. Ямар муухай амтай амьтан бэ” гэж зандрав. Бао Юй хүйтнээр инээж:

-Би харин хэний төрөл садан юм бол гэж бодлоо. Тэгтэл Хуан бэргэний үеэл юм байж. Би түүнээс асуухаар явсугай гээд яван завдахдаа: “Мин Янь ирж тэр ном бичгийг боо” гэж хэлэв. Цаадах нь орж ирээд ном дэвтэр боогоод омогтойгоор ханхалзан: “Агь биеэр явах хэрэггүй. Би түүнийг эрж олоод, Лао Тайтай асуух учиртай” гээд нэг тэрэг хөлсөлж суулган аваачаад Тайтайгийн өмнө хэлэлцсүгэй. Ингэвэл ажил хэрэгт дөт бишүү… гэтэл Ли Гүй: “Чи үхлээ эрнэ үү. Би хариад, урьдаар чамайг нэвширтэл занчиж, дараагаар нь Лао е, Тайтай нарт, Бао агийг болон бусдыг өдөөн хатгасныг чинь хэлнэ. Би энд болсон үймээнийг арай гэж хориглон намжаатал чи харин шинэ хэрэг өднө гэнээ. Чи сургуулийг үймүүлсэн байтлаа ухаан гаргаж намдуулахыг бодохгүй гал дээр тос дусааж байна” гэсэнд Мин Янь сая л дуугүй болов

Тэгтэл Жя Рүй өөрөө цэвэр хүн биш болохоор хэрэг будилаантахаас айж, дотроо хүлцэн Чинь Жун Бао Юй хоёрыг аргадан гуйв. Анхандаа цаадуул нь хүлээхгүй байснаа Бао Юй: “За харихыг больё. Харин Жя Рунгийн бурууг хүлээлгэвэл болох юм” гэв. Нөгөөх нь эхлээд бас л буруугаа хүлээхгүй байсанд, Жя Рүй шахаж, Ли Гүй нар ятгав.

-Угаасаа чамаас л эхэлсэн хэрэг. Чи буруугаа мэдэхгүй энэ хэргийг яаж дуусгах вэ гэж Ли Гүй асуув. Жинь Рун гарцаагүйд шахагдаад арга буюу Чинь Зүнд мэхийн ёслов. Бао Юй: “Мэхийхгүй, мөргөнө. Мөргүүл” гэж зүтгэв. Жя Рүй энэ хэргийг юутай ч гэсэн түр зогсооё гэж бодсон янзтай, сэмхнээр Жинь Рунд “Нэгэн үеийн уураа дарж чадвал, нэгэн насанд зовлонгүй болно” гэсэн үгтэй юм шүү гэж хэлээд аргадав. Энэ ятгалагад Жинь Рун орох эсэхийг мэдэхгүй. Дараачийн бүлэгт үзтүгэй!


Тайлбар:

  1. “Шүлэглэлт ном”-Хятад улсын хамгийн эртний шүлгийн түүвэр. Сургалтад ордог таван номын нэг.

  2. “Шүлэглэлт номын”, “Бага ярууд” буга согоо урамдаж, талын зүлгэнд бэлчинэ” гэж байдгийг Ли Гүй энд буруу уншжээ.

  3. “Саран ордоноо гавир цэцгийг мөчин”-Өнгөрсөн үед шалгалтад оролцогсдод, олгодог цолыг зүйрлэсэн үг. Энд Дай Юй Бао дүүдээ хошигносон хэрэг

  4. “Лүн Янгийн” тачаангуй хөдөлж-Лүн Янжюань гэдэг бол байлдаант улсын үеийн Вэй вангийн түшмэл. Эр хүн байтлаа эм хүн шиг үйлчилдэг байсан гэнэ.

  5. Бялангачилж-Хүнийг бялдуучлан аялдуулж завшаан олдвол ямар нэг юм гуйхыг хэлнэ.

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж