Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг өнөөдрөөс /2018.01.02/ эхлэн зогсоож байна. Иймээс иргэд гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авахыг анхаарна уу.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн. Гэвч тус байгууллагын 2017 оны төсөвт 250 мянгна үндэсний энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суулгаж, гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдэцийн нөөц хүрэлцэхгүй зэргээс хамаарч Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрэв 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон бол 2018 оны 1-3 дугаар сард иргэнд гадаад паспорт олгох үйлчилгээний хэвийн байдал алдагдахаар байжээ.
Тус газрын 2018 оны төсөвт 300 мянган үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн санхүүжилт суугдсан аж.
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндэсний энгийн гадаад паспортын 116 мянган бэлдэцийн нөөц байгаа тул гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон ч 2018 онд гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг хэвийн үзүүлэх боломжтой аж.
Одоогийн байдлаар тус газар нь 336,550 гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлсөн буюу 237,770 иргэнд шинээр гадаад паспорт олгож, 98,780 иргэнд гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг үзүүлжээ.
А.Сүрэн