Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, УИХ дарга нар ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хувьд энэ жил анх удаа ард түмэндээ хандан, мэндчилгээ өргөлөө. Шинэ оны өмнө үг хэлэхдээ Ерөнхийлөгч 1 минут 40 секунд, Ерөнхий сайд 4 минут 40 секунд, УИХ-ын дарга 5 миунт 24 секундын мэндчилгээ дэвшүүлжээ.
улстөржилтөд цэг тавьж, том төслүүдээ хөдөлгөхийг уриалав
УИХ-ын дарга М.Энхболд 2017 оныг улсаа эдийн засгийн хямрал, өрийн дарамтаас гаргах, хямралын давлагаанд айл өрхөө өртүүлэхгүй байх амаргүй сорилтын төлөө хичээсэн он байсныг дүгнэв. Товчоор дүгнэвэл, тавьсан зорилтоо амжилттай биелүүлж, уруудалтаас сэргэлтийг авчирсан жил байсныг тодотгов. 2018 он эдийн засгаа илааршуулж, тогтвортой өсөлтийг бий болгох, төсвийн сахилга бат сайжруулж, голлох эдийн засгийн үнэ өсөлттэй байх хандлагатай байна. 2018 онд улс төрийн соснгуульгүй, өрийн дарамтгүй жил байх учраас таатай нөхцөлийг ашиглах ёстойг сануулаад, шинэ онд улстөржилтдөө цэг тавьж, том төслүүдээ урагшлуулахыг уриаллаа. Өмнөд хөрш хүртлэх 267 км замаа одоо л ашиглах ёстойг сануулж, хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, улстөржсөн, талцал хуваагдлаа орхиж, нийтээрээ нэг зорилгод нэгдэвэл хөгжил, цэцэглэлт ойрхон байгааг онцоллоо.
Ерөнхийлөгч 2018 оныг их бүтээн байгуулалтын жил байхыг хүсэв
Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүрийн он солигдох мөчид нийт ард түмэндээ зориулж, мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноос хойш анх удаагаа ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр нэг минут 40 секундэд буюу маш товчхон үг хэлэв. Ерөнхийлөгч мэндчилгээндээ 2018 онд их бүтээн байгуулалт өрнүүлэх замаар ажлын байрыг олноор нэмэгдүүлсэн, өрхийн орлогыг өсгөх жил байгаасай гэж хүсч байна гэсэн юм. Мөн "Төрийн түшээд нь үүргээ ухамсарласан, иргэдээ хүндэлсэн, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн он болоосой гэж хүсэж байна. Мөн ирж буй жил маань хуулийн засаглал, шударга ёс ялсан он болно хэмээн төсөөлж байна. 2018 он тулгарсан бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах монголчууд бидний эв нэгдлийн жил болоосой" гэлээ. Тэрбээр сүү, дарс аль алийг нь өргөсөнгүй.
Ерөнхий сайд эдийн засагт ногоон гэрэл ассаныг онцлов
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оныг өөрийн гэсэн онцлог, тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байсныг тодотгож, Засгийн газар хийж бүтээх их ажилтайгаар шинэ оноо угтаж байна гэв. Монгол Улсын хүн ам 3,2 сая хүн амтай болж, санхүүгийн эрсдэлээс гарч, улсын эдийн засагт ногоон гэрэл тодотгосон. 2018 онд Засгийн газар бодит орлого, ажлын байр, тэтгэвэр тэтгэмж, сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулах, авто зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх жил байхыг онцлов. Ажил ундарч, амьдрал өрнөсөн жил байх болно гэдгийг онцолж, бяцхан хүүхдүүдийн дунд сууж байгаад мэндчилгээ дэвшүүлэв.
Ш.ЧИМЭГ