ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны сонгууль ирэх гуравдугаар сарын 18-нд болно. Шинэ оны босго дээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө сонгуулийн төв хороонд албан ёсоор бүртгүүлжээ.
Энэ удаагийн сонгуульд Владимир Путинаас гадна хэд хэдэн хүн нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлаад буй. Тодруулбал, ОХУ-ын Коммунист намаас (КПРФ) бизнес эрхлэгч Павел Грудинин нэр дэвшиж байгаа ажээ. Гэхдээ тэр тус намын гишүүн биш ч Ерөнхийлөгчийн сонгуульд коммунист намын мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөнө гэв. Мөн телевизийн хөтлөгч Ксения Собчак ‘Ард түмний санаачилга’ намаас нэр дэвшиж байна. Тус намыг ОХУ-ын эдийн засгийн сайд асан Андрей Нечаев 2013 онд байгуулсан түүхтэй.
Үүний зэрэгцээ оросын улс төрийн тавцан дахь ахмад зүтгэлтнүүд болох Григорий Явлинский, Владимир Жириновский нар сонгуулийн төв хороонд мөрийн хөтөлбөрөө бүртгүүлжээ.
Харин энэ удаагийн сонгуульд “Справедливая Россия” намын дарга Сергей Миронов Владимир Путиныг дэмжиж оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд буй.
Ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүд ямар амлалтуудыг өгч байгааг хураангуйлан хүргэе.
ЛДПР намын дарга Владимир Жириновскийгийн мөрийн хөтөлбөрийг нэг талаас нь харахад төрийн халамж, үйлчилгээг илүүтэй тусгасан мэт боловч нөгөө талаас нь харах юм бол нийгмийн шударга бус үйлдэлтэй тэмцэх тухай өгүүлсэн байх жишээтэй. Үүний зэрэгцээ, тэрбээр мөрийн хөтөлбөртөө улс төрийн эрх чөлөө, орлогын тэгш бус хуваарилалтын асуудлыг илүүтэй чухалчлан авч үзжээ.
Хэрвээ Владимир Жириновский сонгуульд ялалт байгуулвал нэн тэргүүнд ОХУ-ын эрүүгийн хуулийн ‘Экстремизм’ үзэлтэй холбоотой 282 дугаар зүйл заалт, жагсаал зохион байгуулах дүрмийг зөрчихтэй холбоотой 212 дугаар зүйл заалтыг тус тус цуцлах арга хэмжээг авна. Улсын хаалттай сургууль, эмнэлэгийг сэргээх ажлыг түргэвчилнэ. Эм болон хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулна гэв.
Үүний зэрэгцээ, нийгэмд шударга ёсыг сэргээхийн тулд Жириновский “яриа хэлэлцээний замаар” хийгдсэн хувьчлалын үр дүнг эргэн харна. Өндөр орлоготой иргэдийн татвар төлөлтийн шатлалд шинэчлэл хийнэ гэлээ.
Сануулахад, өндөр орлоготой иргэдийн татвар төлөлтийн шатлалд шинэчлэл хийх асуудал Төрийн ДУМ-ын хурал дээр хэд хэдэн удаа хөндөгдөж байсан ч дорвитой шийдвэр гарсан явдал хараахан үгүй ажээ.
Жириновский америк үнэт цааснаас ОХУ-ын алт, гадаад валютын нөөцөө хүчингүй болгохыг шаардаж буй. Сануулахад, АНУ-ын сангийн яамны мэдээллээр, 2017 оны тавдугаар сарын байдлаар америкийн бондонд оруулсан оросын хөрөнгө оруулалт нийтдээ 100 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь БНХАУ-тай харьцуулахад тийм ч том тоо биш. БНХАУ 1 их наядын үнэ бүхий АНУ-ын төрийн бондыг эзэмшиж байна.
Эрүүл мэндийн салбарт Жириновский хувийн даатгалын компанийн зуучлалын үйлчилгээнээс татгалзаж, улсын шууд санхүүжилт руу шилжих ёстой гэв. Үүний зэрэгцээ, хуурамч архидалтаас үүдэлтэй хордлого өнөөдөр ОХУ-д тулгамдсан асуудал болж байна. Үүнтэй тэмцэхийн тулд чанартай, хямд архины улсын дэлгүүрийн сүлжээг нээн ажиллуулах хэрэгтэй гэв.
Гадаад бодлогын хувьд Жириновский “улаантнууд” болон “цагаантнууд” түүхэн эвлэрэлийн төлөө чармайлт гаргана гэв. Ингэхдээ 1990-ээд оны эхэн үеийн явдалд ямар ч эргэлзээгүйгээ анхаарал хандуулна гэв. Үүний тулд тухайн үед улс эх орныг дээрэмдсэн үйл явдалд мөрдлөг хийх тусгай албыг байгуулахыг мөрийн хөтөлбөртөө санал болгож байгаа ажээ.
ЛДПР намын дарга Жириносвкий Оросын эзэнт гүрнийг сэргээхийн тулд эвийн замаар алдагдсан газар нутгаа сэргээн, эргүүлэн авах тухай бодлого мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Мөн тэр гадаад бодлогын гол түншээр мусульман шашинтай улс болох Иран, Турк, Ирак болон Сирийг нэрлэв.
“Бүх нийтийн төлөө”
“Бүх нийтийн төлөө” – хэмээн мөрийн хөтөлбөрөө тодорхойлсон нэр дэвшигч бол ОХУ-ын коммунист намаас нэр дэвшигч Павел Грудинин. Түүний мөрийн хөтөлбөрийн гол санааг ‘Ажил хийж буй хүмүүс ажилгүйчүүдээс илүү амьдрах ёстой’ гэж тодорхойлж болно. Сануулахад, Павел Грудинин 1982 оноос Ленин нэрэмжит улсын хөдөө аж ахуйн үйлдвэрт инженер-механикчаас тус үйлдвэрийн захирал болтлоо ажилласан туршлагатай нэгэн.
Тэрбээр ОХУ-д ардчилсан нийгэм байгуулах ёстой гэж үздэг нэгэн. Мөн Грудинин эрчим хүч, дулаан, тээврийн үйлчилгээний үнийг төрөөс зохицуулах ёстой гэсэн амлалтыг өгч байгаа ажээ.
Хэдийгээр КПРФ болон ЛДПР намын үзэл баримтлал өөр ч тэд энэ удаагийн сонгуульд ижил утга бүхий мөрийн хөтөлбөртэй оролцож байна. Тодруулбал, тэд гадаадад хадгалагдаж буй улсын хөрөнгийг улс эх орны хөгжилд зарцуулах хэрэгтэй хэмээн уриалж буй. Мөн Оросын эзэнт гүрнийг сэргээж, алдагдсан газар нутгаа эвийн замаар эргүүлэн авах хэрэгтэйг гэсэн санаачилга гаргаад байгаа ажээ.
КПРФ намаас ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнчлэлээс татгалзах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.
Барууны үзэл баримтлалыг дэмжигч
ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны сонгуульд ‘Яблоко’ намаас нэр дэвшиж буй эрхэм бол Григорий Явлинский. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан туршлагтай улстөрч.
Түүний мөрийн хөтөлбөрийг ‘Ирээдүй рүү хөтлөх зам’ хэмээн нэрлэж болно. Тэрбээр гадаад бодлогын үзэл баримтлалд илүүтэй анхаарал хандуулсан байна. Тодруулбал, Крымыг Оросод нэгтгэсэн нь хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөх, Украин дахь дайныг зогсоох, Орос улс АНУ болон Европын Холбоотой сөргөлдөхөө болих хэрэгтэй гэх зэргээр барууны үзэл санааг дэмжсэн, тэдний ‘найз’ гэдгээ харуулсан мөрийн хөтөлбөрийг танилцуулжээ.
Григорий Явлинский улс орны өнөөгийн нөхцөл байдлыг залруулж чадах юм бол оросын дэлгүүрүүд шинэ чанартай бүтээгдэхүүнтэй болж, дэлхийн худалдааны харилцаанд дахин идэвхтэй тоглогч болох боломжтой гэв. Энэ төрлийн санааг экспортлогч орнууд дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа билээ.
Оросын эзэнт гүрнийг өнөөдөр дахин сэргээх ёстой гэсэн байр суурийг Явлинский дэмжиж буй. Гэхдээ тэрбээр эвийн замаар бус дайн зарлах ёстой гэсэн байр суурьтай байгаа ажээ.
Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах болон Сталины хориг
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй сонирхолтой хүн бол Санкт-Петербург хотын анхны захирагчийн охин, телевизийн хөтлөгч Ксения Собчак. Тэр Эрүүгийн хуулийг өөрчлөх цаг нь болсон гэдэг асуудал дээр ЛДПР намын дарга Жириновскийтой санал нэг буй. Үүнээс гадна, тэрбээр Орос улс түгээмэл бэлэгдэлээс салах цаг нь болсон хэмээн ярьж буй. Тухайлбал, тэрбээр Ленинийг оршуулах тухай, XX зууны 20-50 оны хэлмэгдүүлэлт болон Сталины хориг тухай өгүүлжээ.
Ксения Собчак ОХУ супер ерөнхийлөгчийн засаглалаас ардчилсан парламентын засаглалд шилжих цаг нь ирсэн гэж үзэж байгаа ажээ.
Тэр “Орос улс газар нутаг, түүх, соёлын хувьд Европын салшгүй нэг хэсэг. Иймээс бид европын хууль, үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ зам бидний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг хангах болно” гэсэн үгийг Собчакийн мөрийн хөтөлбөрөөс харах боломжтой. Мөн дайныг зогсоож, гадаад улсад ямар нэгэн статустай байршиж байгаа цэргүүдийг эх оронд нь авчрах хэрэгтэй гэдгийг уриалав.
Үүний зэрэгцээ, Ксения Крымыг ОХУ-д нэгтгэсэн бүх нийтийн санал хураалтыг олон улсын нийгэмлэг болон Киевтэй зөвшилцөж, дахин бүх нийтийн санал хураалт явуулах ёстой гэв.
Мөн гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагыг ‘Тагнуулын агент’ хэмээн нэрлэснийг буруушааж байгаа билээ.
‘Эмээтэйгээ харьцаж байгаа мэт Орос Улстай харьцаж болохгүй’
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ удаагийн сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан. Гэхдээ энэ удаад тэр ‘Нэгдсэн Орос’ намаас бус биен даан нэр дэвшиж байгаа ажээ. Тэрбээр мөрийн хөтөлбөрөө албан ёсоор танилцуулаагүй байгаа ч тодорхой мөрийн хөтөлбөр бий гэдгээ сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлж байсан удаатай. Түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, Путин улсын тэргүүний үүргээ цаашид биелүүлээд явах болно гэв.
Владимир Путин 2012 онд сонгуульд өрсөлдөж байхдаа арван жилийн хугацаанд хөдөлмөрийн бүтээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ, жижиг хотуудын хөгжилд анхаарна гэсэн амлалтуудыг өгч байсан удаатай. Үүний зэрэгцээ, тэр ‘Нэгдсэн Орос’ намы XVII их хурал дээр илтгэл тавьсан. Тус илтгэлийн голлох хэсэг мөрийн хөтөлбөрт нь багтсан гэж шинжээчид үзэж байгаа ажээ. Үүнээс ажиглахад, гадаад бодлогоос илүүтэй улс эх орны дотоодын нөхцөл байдалд Путин илүү анхаарал хандуулсан гэв. Тодруулбал, тэрбээр улс эх оронд эмх замбаараагүй байдал үүсгэхгүйн төлөө ажиллана гэдгээ хэд хэдэн удаагийн илтгэлдээ дурдсан ажээ.
‘Орос улс бол олон мянган жилийн түүхтэй орон. Гэхдээ бид эмээтэйгээ харьцаж байгаа мэт түүнтэй харьцах ёсгүй. Орос улсад шинэ үе ирсэн ч бид түүнийг залуу, тэмүүлэлтэй улс байлгах ёстой’ хэмээн Путин намынхаа их хурал дээр хэлжээ.