Д.Дагвадорж: Сэтгэлд уяатай явсан хүслээ биелүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Д.Дагвадорж: Сэтгэлд уяатай явсан хүслээ биелүүллээ

Д.Дагвадорж: Сэтгэлд уяатай явсан хүслээ биелүүллээ

Японы Abema телевизийн “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэг шинэ оны босгон дээр олны хүртээл болсон нь сүмо сонирхогчид төдийгүй монголчуудын хамгийн их хүлээсэн нэвтрүүлгийн нэг байж чадлаа. Шоу нэвтрүүлэгт мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга, Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Асашёорюү Д.Дагвадорж оролцож, найм барилдахдаа нэг ч уналгүйгээр түрүүлж чадсан юм. 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний орой үзэгчдийн хүртээл болсон энэхүү нэвтрүүлгийг онцолж байна. 


ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИД

Асашёорюү Д.Дагвадорж аваргын хамгийн хүчтэй өрсөлдөгчид озэки Котомицүки, Америкийн холимог тулаанч Боб Сапп нар байв. Мөн масктай оролцогч хүчтэй өрсөлдөөн үзүүлж, хоёр минут орчим тэмцэлдсэний эцэст ялагдал хүлээсэн. 

Асашёорюүгийн эхний учраанууд тийм ч сонирхолтой, хүч тэнцүү ‘тулаан’ үзүүлж чадаагүй. Харин озэки Котомицүкитэй хийсэн барилдаан үзүүштэй барилдааны нэг болсон. Барилдааны дараа озэки Котомицүки сэтгэгдлээ хэлэхдээ “Аваргатай уулзсандаа баяртай байна. Өөрийн төлөвлөж байснаар барилдааныг эхлүүлсэн ч харамсалтай нь ялагдлаа. Олон жилийн дараа аваргатай дэвжээн дээр дахин барилдана гэж санаж явсангүй. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Асашёорюү аварга хүчтэй гэдгээ дахин харууллаа” хэмээсэн юм.  

Асашёорюү, озэки Котомицүки нарын барилдааныг үзүүштэй, сайхан болсныг тайлбарлагчид хэлж байв.

Нэвтрүүлэг эхлэхээс өмнө Асашёорюү, холимог тулаанч Боб Сапп нарын барилдаан хамгийн их анхаарал татаж байлаа. Тиймдээ ч барилдаан хамгийн сүүлд болсон. Нэвтрүүлгийн өмнөх уулзалтын үеэр Асашёорюү аваргын зургийг урж, дүрсгүйтсэн Боб Сапп энэ удаа их аваргад хангалттай өрсөлдөгч байж  чадсангүй, арван секунд ч хүрэхгүй хугацаанд ялагдал хүлээсэн юм. 

АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖ: НАДАД БАРИЛДМААР ҮЕ БАЙСАН

Хуучин оны төгсгөлд монголчууддаа болон сүмо сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөсөн Асашёорюү Д.Дагвадорж “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгийн ялагч болсныхоо дараа ийн сэтгэгдлээ ийн хуваалцсан юм. 

-2018 онд төрийн түшээд минь эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл нь нэгдсэн, хөгжлийн төлөө зүтгэх жил болоосой гэж хүсэж байна. Би нэг зүйлийг тайлбарлаж хэлэхгүй бол болохгүй байсан. Тэртээ найман жилийн өмнө гэнэтийн байдлаар зодог тайлж байсан ч дахин барилдах юмсан гэж бодогддог байлаа. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд барилдааны тухай олон удаа бодож, нойрон дундаа хүртэл сүмогоо зүүдэлж байсан Асашёорюү миний биеийн хүсэл биелж, оны өмнөхөн сүмогийн төдийгүй бусад спортын төрлийн бөхчүүдтэй барилдлаа.

Би сэтгэлд уяатай явсан хүслээ биелүүллээ. Одоо харин үүгээр сүмогийн ялалтын бурхан холдож байгаа байх.

Цаашдаа хоёр улсын хооронд Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн ажлыг сайн хийж, эх орон руугаа хөгжил авчрах эх үүсвэрт хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж та бүхэндээ шинэ оны босгон дээр хэлмээр санагдаж байна. Асашёорюүгийн биеэс ялалтын бурхан буцаж байна. Гэхдээ сэтгэл үнэхээр сайхан байлаа.

Энэ нэвтрүүлэгт оролцохынхоо өмнө Н.Цэвэгням ахын дэвжээнд очиж бэлтгэл хийхэд үүлэн дээр хөвж байгаа мэт тийм сайхан мэдрэмж төрж байсан. Олон жилийн өмнө энэ сайхан мэдрэмжийг мэдэрч байсан даа гэж бодогдтол дурсамж үлдээсэн сүмогийн тэмцлийг өнөөдөр гаргаж чадлаа. Гэхдээ өмнөх шигээ тийм сайн хүчтэй байгаагүй нь илт байсан ч найман бөхийг дараалан давлаа.

Мөн сүмо бөхийн тэмцэл, бас Асашёорюү аварга гэж хэн бэ гэдгийг харуулж өгсөн болов уу.

Хэлэхэд амар, хийхэд хэцүү гэдэг үг байдаг. Түүнтэй адил барилдана гэдэг хэцүү хөдөлмөр. Сүмогийн бурхан дэвжээндээ буцаж, энэ олон янзын асуудлыг цэгцлээд өгөх болов уу гэж бодож байна.

Нийт монголчууд та бүхэндээ аав, ээж, хань, үр хүүхэд, ахан дүүсийнхээ өмнөөс шинэ жилийн мэнд хүргэе. Улс оронд минь илүү их хөгжил, илүү их эв нэгдэл, илүү их хүсэл зорилго нэгдсэн жил болоосой гэж хүсэж байна. Шинэ жилийн баярын өдрөөр та бүхэнтэйгээ нэгэн нэвтрүүлгээр уулзаж, эрч хүч бэлэглэсэн байх гэж итгэж байна.  

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж