Ерөнхийлөгч хөлбөмбөгийн ДАШТ үзэх үү?

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хөлбөмбөгийн ДАШТ үзэх үү?

Ерөнхийлөгч хөлбөмбөгийн ДАШТ үзэх үү?

2018 он Монголын төрийн гурван өндөрлөгийн хувьд албан айлчлалд ач холбогдол өгч эхлэх жил байх бололтой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ онд хоёр хөршийн харилцаанд онцгойлон анхаарахыг өнгөрсөн арванхоёрдугаар сард чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ онцолсон.

Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гадаад айлчлал Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал үүрэгтэй.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны  есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцоод ирсэн ч энэ нь албан ёсны төрийн айлчлал биш байсан юм.

Анхны албан ёсны төрийн айлчлалаа хараахан эхлээгүй байгаа Ерөнхийлөгчид төрийн тэргүүн болсных нь дараа Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд өөрийн улсдаа айлчлах захидал илгээсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн анхны айлчлал Энэтхэгээс эхэлж магадгүй юм. Түүнчлэн энэ онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-д болох хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхохыг хүсч, Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьж магадгүй гэсэн мэдээлэл бий. Хөлбөмбөгийн ДАШТ  зургадугаар сарын 14-ний өдрөөс долдугаар сарын 15-нд  Москва хотноо болно. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд ОХУ-д айлчлахаар бэлтгэл базааж байгаа ч шинэ оны эхэнд эхлээд БНСУ-д айлчлахаар яригдаж байгаа гэх мэдээллийг тэрбээр өгсөн.

Цаашлаад Засгийн газрын тэргүүний хувь д энэ онд БНХАУ болон бусад улсад айлчлах асуудал ч төлөвлөгдөж байгаа аж.  

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар гадаад улсад айлчлахдаа улстөрчдөөс гадна бизнесийнхнийг хамруулж, бизнесийн уулзалт хийх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгджээ. 

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж