Төрд 16 жил ажилласан хүнийг Төрийн нарийнаар томилно

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Төрд 16 жил ажилласан хүнийг Төрийн нарийнаар томилно

Төрд 16 жил ажилласан хүнийг Төрийн нарийнаар томилно

Төрийн албаны хуулийг шинэчлэн найруулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан билээ. Шинэчилсэн найруулга 2019 оноос хэрэгжих юм.  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс батлагдсан хуулийн талаар тодрууллаа. 


-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсан. Хуулийн шинэчилсэн найруулгад орсон тусгай шаардлагуудын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хуулийн шинэчилсэн найруулгын тусгай шаардлагад зургаан зүйл тусгаж өгсөн. Анх төрийн албанд орж байгаа хүмүүст энэ их хамааралтай. Үүнээс онцолбол, авлигын болон албан тушаалын хэрэгт холбогдож байсан эсэх асуудалд онцгой анхаарна. Түүнчлэн ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх шаардлагатай бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шалгуур тавигдаж эхлэх юм. 

Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох бол төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаал буюу яамны газрын дарга, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх шаардлагатай гэх зэрэг шалгуур тавигдана. 

Төрийн албыг тогтвортой, мэргэшсэн, хараат бус байх талаарх энэ мэт олон дэвшилтэт зохицуулалт хуульд туссан. Гол нь хуулийн хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангаж ажиллах нь чухал. Мөн төрийн албан хаагчийг эргэж ажилд нь томилох, халах, солих асуудал ч чухал. Өнөөдөр үндэслэлгүйгээр халах солих асуудал их гарч байна. Төрийн албан хаагчийг хууль бусаар халсан тохиолдолд тэр албан тушаалтныг өөрийг нь огцруулах хүртэл арга хэмжээ авна.

-Төрийн албан хаагчдын томилгоог хийдэг Төрийн албаны зөвлөл гэх байгууллага бий. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр бас хариуцлагын асуудлыг шийдэж, томилгоо явуулдаг. Шинэ хуулиар үүнийг хэрхэн зохицуулж өгч байгаа вэ?

-Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт одоо байгаа хуулийн төслөөр бол зарим албан тушаалтныг Засгийн газар гаргана гэж заасан байдаг. Үүнийг шинэчлэн найруулж, баталсан хуульд бүх төрийн албаны сонгон шалгаруулалтыг зөвхөн Төрийн албаны зөвлөл хариуцна гэж зааж өгсөн. Ингэхээр төрийн албаны зөвлөл хараат бус болж байгаа юм. Одоо ажилд ороход хамгийн их хардаг зүйл нь ажлын байрны тодорхойлолт. Шинэ хуулиар ажлын байрны тодорхойлолтыг хүн томилдог албан тушаалтан өөрөө биш Төрийн албаны зөвлөл гаргаж байхаар зохицуулсан. Энэ нь зургаан жилийн хугацаатай. Тэгэхээр ажлын байрны тодорхойлолт үйлчлэхгүй тогтолцоо бий болно гэсэн үг. 

-Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ асуудал ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа. Шинэ хуулиар үүнд ямар зохицуулалт хийх бол?

Ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой асуудлыг журмаар тогтоож өгнө. Тэгэхээр цаашид төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг Засгийн газар болон төрийн албаны зөвлөл зохицуулаад явна.

-Орон нутагт, ялангуяа сумдад мэргэшсэн, мэргэжлийн төрийн албан хаагч дутмаг байдаг. Үүнийг зохицуулах журам бий юу?

-Төрийн албан хаагчдыг бэлтгэх, сургах, давтан сургах нь Засгийн газрын үүрэг. Тийм учраас Засгийн газрын дэргэд сургалтын байгууллага байх ёстой гэж үзэж байгаа. Одоогийн Удирдлагын академи гэсэн үг. Тэгэхээр Удирдлагын академи байнга, тогтмол шат дараалалтай сургалт явуулах хэрэгтэй. 

-Нам эсвэл, танил талаа ашиглаж, төрийн албан орох үзэгдэл манайд тогтсон. Шинэ хууль батлагдсанаар энэ байдал багасах уу?

-Төрийн албанд танил тал найз нөхөд, ах дүү хамаатан саднаа оруулдаг зүйл ажиглагддаг. Нам дагаж төрийн албанд ордог тохиолдол ч бий. Шинээр батлагдсан Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ үзэгдэл эрс багасна гэж харж байна. Үүнийг багасгахын тулд, төрийн албан хаагчийг ёс зүйтэй, чадварлаг, мэргэшсэн мэргэжлийн байлгах үүдээс батлагдаж байгаа хууль юм. Тэгэхээр ийм буруу жишиг гэх үү энэ үзэгдэл тодорхой хувиар буурна.

-Төрийн албаны тухай хууль батлагдсанаар өөрчлөгдөх зүйл юу байна вэ?

-Хууль дөнгөж батлагдаж байна. Хууль хэрэгжсэнээр гарах өөрчлөлт маш олон бий. Энгийнээр тайлбарлахад, төрийн албан хаагчид хэзээ, хэн намайг ажлаас халах бол гэх айдасгүй, өөрийн мэдлэг чадвар туршлагаа үнэлүүлэн, мэргэжлийн хувьд ахиж дэвших боломжоор бүрэн хангагдах болно. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж