“Никитон”-ы гитарчин Д.Саруулсайхан таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

“Никитон”-ы гитарчин Д.Саруулсайхан таалал төгслөө

“Никитон”-ы гитарчин Д.Саруулсайхан таалал төгслөө

Монголын хөгжмийн ертөнцийн онцгой нэгэн авьяастан үүрд оджээ. Сонор мялаасан олон сайхан тансаг аялгууг бүтээгч, “Никитон” хамтлагийн гитарчин Д.Саруулсайхан шинэ оны анхны өдөр зуурдаар таалал төгсөв. Тэрбээр 1990-1997 онд ‘Никитон’ хамтлагт гитарчин байсан. Мөн ‘Чингис хаан’ болон Өвөрмонголын ‘Бөртэ чоно’ хамтлагийн гишүүн байсан юм.

Энэхүү эмгэнэлт мэдээг хүлээн авсан урлагийнхан сошиал сүлжээнд эмгэнэн гашуудаж, харамссан сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Түүний талаар “Чингис хаан” хамтлагийн албан ёсны фейсбүүк хуудсанд

Монголын рок хөгжмийн авьяаслаг гитарч, Соёлын тэргүүний ажилтан Доржийн САРУУЛСАЙХАН 2018 оны нэгдүгээр сарын 1-ний үүрийн 05.00 цагт БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотод зүрхний шигдээс өвчнөөр таалал төгслөө. Түүний гитарын аялгуу, тоглолтын хэв маяг нэгэн үеийн хөгжимчдөд амьд сургууль нь болж, гитар сонирхогч залуусын хүсэл мөрөөдлийн баатар нь байсныг бид мартахгүй ээ.

Саруулсайханы гитарын хүчирхэг хэмнэл, уянгалаг аялгуу нь Монгол Улсын ‘Чингис хаан’, ‘Никитон’, Өвөрмонголын ‘Чоно’ хамтлагууд болон алдарт дуучин Тэнгэрийн концертод эгшиглэж, оюун санааны баялаг бүтээлцэж байсныг бид мартахгүй ээ. Энх амгалан тайван нойрсоорой. Гэр бүл, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

‘Чингис хаан’ хамтлаг

хэмээн бичжээ. Ум сайн амгалан болтугай.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж