Английн Ливерпуль хотын авто зогсоолын зориулалт бүхий байгууламжид гал гарсны улмаас 1400 орчим автомашин шатаж, сүйджээ.
Мерсисайд дахь Гал сөнөөх, аврах ангийн мэдэгдсэнээр Ливерпулийн “Echo” цэнгэлдэхтэй зэргэлдээ орших Кингс Док хэмээх байгууламжид гарсан гал урьд өмнө байгаагүй том осол болсон гэнэ.
Галын улмаас ойролцоох орон сууцны иргэдийг угаартахаас сэргийлж, ойр орчмын газраас холдохыг сануулсан байна.
Шинэ жилийн өмнөх орой гарсан галыг унтраахаар 21 машин техник шөнөжин ажиллажээ. 1600 машины багтаамжтай авто зогсоолд байсан 1400 орчим машин бүгд юу ч үгүй шатаж, сүйдсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.
Гал гарах үед зэргэлдээх “Echo” цэнгэлдэхэд Ливерпулийн олон улсын морины шоу болж байсан аж. Галын улмаас хүн, амьтан үхэж үрэгдсэн, бэртсэн зүйл гараагүй байна.
Урьдчилсан дүгнэлтээр авто зогсоолд байрлуулсан нэг машин гэнэтхэн шатаж, улмаар зэргэлдээх машинууд гал авалцан шатсан байна. Галын улмаас Олон улсын морины шоу завсарлахаас аргагүйд хүрчээ.
С.ЦЭЛМЭГ