Араб ертөнцийн чинээлэг орнууд болох Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират анх удаа Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын журам хэрэгжүүлж эхэллээ. Татварын хувь хэмжээ 5% байх бөгөөд дийлэнх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарах ажээ.
Татваргүй орчин хэмээн гаднын ажилчдыг татаж ирсэн булангийн орнууд эдийн засгийг нь бүрдүүлэгч гол хүчин зүйл болох газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор ийнхүү НӨАТ-ын системийг нэвтрүүлэх болжээ. Татварын систем 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм.
Түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, нийтийн аж ахуйн хэрэглээний төлбөр, зочид буудлын өрөө гээд НӨАТ-ын хамрах хүрээ өргөн. Гэхдээ нийтийн тээвэр, эрүүл мэнд болон банк, санхүүгийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй гэнэ.
Арабын нэгдсэн Эмират улсын хувьд НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлснээр эхний жилд буюу 2018 онд 12 тэрбум дирхам бую 3.3 тэрбум ам.долларыг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоолжээ.
Олон улсын валютын сангийн зүгээс булангийн орнуудыг эдийн засгаа солонгоруулж, дан ганц газрын тосны бүтээгдэхүүнээс хараат байдлаас гарахыг аль эртнээс сануулж, шаардаж ирсэн юм. Саудын Араб төсвийн нийт орлогын 90 гаруй хувийг зөвхөн газрын тосны салбараас бүрдүүлдэг, харин Арабын нэгдсэн Эмиратад энэ байдал 80 хувьтай тэнцэнэ.
Дээрх хоёр улсын хувьд төсвийн орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээг бага багаар нэвтрүүлж байгаа юм. Саудын Арабт тамхи болон хийжүүлсэн ундаанд татвар ногдуулдаг. Харин Арабын нэгдсэн Эмиратад замын болон аялал жуулчлалын татвар хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ одоогоор орлогын албан татварыг аль ч улс нь нэвтрүүлээгүй байгаа юм.
Персийн булангийн орнуудаас Бахрейн, Кувейт, Оман, Катар улсууд ч мөн НӨАТ-ын системийг нэвтрүүлэхээр зэхэж байгаа, гэхдээ хэрэгжилтийг 2019 он хүртэл хойшлуулжээ.
С.ЦЭЛМЭГ