Ким: Цөмийн зэвсгийн товчлуур ширээн дээр минь байна

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

Ким: Цөмийн зэвсгийн товчлуур ширээн дээр минь байна

Ким: Цөмийн зэвсгийн товчлуур ширээн дээр минь байна

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ жилийн илгээлтдээ АНУ-д хаяглан “цөмийн зэвсгийн товчлуур ширээн дээр минь бэлэн байна” хэмээн мэдэгджээ.

“АНУ-ын эх газарт цохилт өгч чадах хэмжээний хүчин чадалтай цөмийн зэвсэг манайд бий. Цөмийн зэвсгийн товчлуур ширээн дээр минь байна. Үргэлж бэлэн. Энэ бол заналхийлэл, сүрдүүлэг биш, бодит байдал гэдгийг тэд сайтар ойлгож, эмээж явах хэрэгтэй” гэж Ким Жон Ун хэлсэн байна.

Мөн тэрбээр “Манай улс цөмийн зэвсэгтэй улс орон боловч энх тайван, амар амгалан байдлыг хүсдэг”, “хэн нэгэн дайсагнасан үйлдэл гаргахгүй бол цөмийн хүчээ ашиглах шаардлагагүй” зэрэг үгсийг хэлжээ.

Түүнчлэн “Бид өнгөрч буй 2017 онд цөмийн хүчээ бататгах зорилгоо биелүүлсэн. Цаашид бид цэнэгт хошуу, баллистик пуужинг олноор үйлдвэрлэх болно” гэсэн байна.

Хойд Солонгосын удирдагч шинэ жилийн мэндчилгээндээ АНУ-д энэ мэт “сануулга” өгч, харин БНСУ-тай харилцаагаа эерүүлэх хандлагатай үгсийг хэлэв.

Нэн түрүүнд Ким Жон Ун Хойд Солонгосын тамирчид Пёнчаны олимпод оролцох болно гэдгийг зарласан юм.

Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад чухал нөлөөтэй гэх үүднээс Өмнөд Солонгосын талаас Хойд Солонгосын тамирчдыг олимпод оролцуулах талаар удаа дараа анхаарал тавьж, тус улсын удирдагчид хүсэлт, санал тавьсаар ирсэн юм.

Шинэ жилийн илгээлтдээ Ким “Өмнөд Солонгост болох өвлийн олимп манай улсын хувьд сайхан боломж юм. Өвлийн олимп амжилттай, сайхан болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Мөн тэрбээр тамирчид, төлөөлөгчдөө олимпод оролцуулах асуудлаар Өмнөд Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэсэн байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж