У.Хүрэлсүхийн “100 хоног”

Хуучирсан мэдээ: 2018.01.01-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн “100 хоног”

У.Хүрэлсүхийн “100 хоног”

Засгийн газар, намын даргаа гуядаж авсан У.Хүрэлсүхийн рейтинг анх гарч ирсэнтэй нь харьцуулашгүй унажээ. Хэдийгээр засгийнхаа орших цаг хугацааг уртасгахын тулд 100 хувь давхар дээлтэй сайд нараар танхимаа бүрдүүлсэн ч багийнх нь сайд нарын амбиц засгийнх нь аранга болж магадгүй байдалд У.Хүрэлсүх байна.

Өмнөх засагтайгаа харьцуулахад түүнд мөнгө ч, намынх нь эрх мэдэл ч байгаа. Хамгийн сүүлд Япон улс Монгол Улсын Засгийн газарт 32 тэрбум иен буюу 283.3 сая ам.доллартай тэнцэх хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Харин харамсалтай нь, шинэ засагт томоохон бодлого, бүр нэгдсэн тоглолт ч алга. Засгийн хуралдаанаар хэлэлцээд гаргасан шийдвэрийг танхимын сайдууд нь шүүмжилж, улс төр хийж байгаа нь У.Хүрэлсүхийн засагт ч “урвах” сайд бий гэсэн үг юм.

Засгийн газраа авснаас хойш хоёр сарын хугацаанд У.Хүрэлсүхийн засагт улс төрөөс өөрийг хийгээгүй сайдууд Ц.Нямдоржоос эхлээд нэрлэгдэнэ. Ийнхүү гурван сарын өмнөх Ж.Эрдэнэбатын, хоёр сарын өмнөх М.Энхболдын зовлон, ачаа У.Хүрэлсүх дээр ирсэн.

2017 он бол яах аргагүй У.Хүрэлсүхийн он цаг байсан. Тэр улс төрөөс хүссэн суудал болгоноо авсан, харин нийгэм, эдийн засагт хүлээгдсэн бодлогыг хийж, хэрэгжүүлж чадах эсэх нь энэ онд харагдана. Түүний засгийн 100 хоног нэгдүгээр сард тохиож байгаа. Энэ зуун хоногт шинэ засаг юу хийж, ямар том бодлого зарлав гээд У.Хүрэлсүхийн 100 хоногийн тайлан сонирхол татаж байна.

У.Хүрэлсүхийн засгаас МАН-ын мөрийн хөтөлбөр хамаарахаар болсон. Өөрөөр хэлбэл, засгаа, намаа зэрэг авсан У.Хүрэлсүхээс 2020 оны МАН-ын ялалт хамаарна. Хэрэв тэр утааны эсрэг “маск” зүүж, махны үйлдвэрүүдээр зочилж, жижиг улс төрд том анхаарал тавиад байвал ёстой л “МАН Сүхээр эхэлж, Сүхээр дуусна” гэсэн сошиалын явган онигооны эзэн болж магадгүй.

Учир нь 2018 он их бүтээн байгуулалтын жил болно гэдгийг шинэ оны торгон мөч дээр Ерөнхийлөгч зарласан. Гэвч тэр хууль баталдаг хүн биш. Бодлого хэрэгжүүлдэг институци бүүр ч биш. Монголын эдийн засагт олон жил хүлээлт дагуулсан төмөр зам, эрчим хүчний төслүүд, эдийн засгийн зүтгүүр болох хөтөлбөрүүд, дээр нь Үндсэн хуулийн өөрчлөлт гээд улс төр, эдийн засаг, нийгмийг бүхэлд нь өөрчлөх реформ нь зөвхөн У.Хүрэлсүхийн бодлогоос хамаарна. Тэр өнөөдөр ‘шалдан’ Шадар сайд биш Засгийн газрын тэргүүн, эрх барьж байгаа намын дарга.  Тиймээс 2018 он түүний засгийн шалгуурын жил байх юм.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж