NEWS AGENCY онцолсон ОЛОН УЛСЫН чухал таван үйл явдлын нэг
2017 онд дэлхийн санхүүгийн зах зээлд гарсан том эргэлт бол цахим валют болох биткойн байлаа. Анх нэг ам.долларын үнэлгээтэй байсан биткойн энэ сарын 17-нд 20 мянган ам.долларт хүрсэн ч удалгүй түүний ханш 15 хувиар унасан юм.
Өдөрт есөн хувиар шахуу унаж байгаа биткойн хэмээх цахим валютын талаар Сингапурын мөнгөний бодлогын удирдах төвөөс цахим валютад хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэдгийг анхааруулж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлэв.
Мөн өнөөдөр цахим валютад наад захын хамгаалалт, зохицуулалт байхгүй байгаа нь хөрөнгө оруулагчид нэг дор бүх хөрөнгөө алдах эрсдэлтэй гэж Сингапурын төв банк мэдэгдэж байна. Биткойны энэ мэт эрсдэл дэлхийн санхүүгийн системийг унагах магадлалтай гэж шинжээчид таамаглаж байгаа ажээ.
– 2009 оны эргэн саная –
2009 оны нэгдүгээр сард анхны цахим валютууд дэлхийн санхүүгийн зах зээлд бий болсон. Тухайн үед цахим зоос нь нэг ам.долларын үнэлгээтэй байсан ч 2011 онд 10 ам.доллар, 2013 онд 100 ам.долларт хүрч үнэлгээ нь өссөн юм.
Үүний зэрэгцээ, Америкийн Zynga компани энэ салбарыг дэмжиж эхэлсэн нь биткойн үнэлгээг огцом хэлбэлзүүлжээ. Тодруулбал, биткойны ханш 1000 ам.долларт хүрсэн ч 2014-2016 оны хооронд түүний үнэлгээ 600 ам.долларт хэлбэлзэж байв.
Гэхдээ 2017 оны хоёрдугаар сараас цахим валют дэлхийн зах зээлд эргэн ирсэн. Улмаар түүний ханш өсөж, 1235 ам.долларт хүрсэн удаатай. Мөн Япон улс албан ёсоор цахим валютыг гүйлгээндээ нэвтрүүлж эхэлсэн ажээ.
Гэхдээ 2017 оны есдүгээр сарын эхэнд Хятадын ардын банк албан ёсоор цахим валютын биржүүдийн үйл ажиллагааг зогсоов. Улмаар биткойны ханш 35 хувиар буурсан ч удалгүй сэргэж, 10 мянган ам.долларт хүрч, дэлхийн санхүүгийн зах зээлд цахим валют байр сууриа бэхжүүлээд авав.
Дэлхий дээр ердөө 21 сая биткойныг олборлох боломжтой бөгөөд өнөөдрийн байдлаар 16.7 сая биткойн нь олборлогдчихсон байна. Хамгийн сүүлчийн биткойныг 2140 онд олборлоно гэсэн таамаг бий.