‘NEWS’ агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна
АГААРЫН БОХИРДОЛТОЙ ‘ОНЦ БАЙДАЛ’ ЗАРЛАН ТЭМЦЭНЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. Тэрбээр дээрх санал хүргүүлэх тухай албан бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Өнөөдөр утааны асуудал онцгой анхаарал татаж байна. Үүнийг жил бүр ярьдаг. Би ЗТБХБ-ын сайд байхдаа буюу 2010 онд утааг цогцоор нь шийдэх боломж байна гэж санал, шийдэл гаргаж байсан. Нийт баялгаа судалж, тооцоолж, түүний хоёр хувиар мөнгө босгож, хөдөөгөө хөгжүүлж, хөдөөнөөс ирэх урсгалыг зогсооё. Ингэхийн тулд хөдөө хүн амьдарч болох ахуй, орчинтой байх ёстой. Малын гаралтай түүхий эд нь борлогддог байх ёстой. Хотоо нүүлгэн шилжүүлж, дагуул хотуудыг бий болгоё гээд “Хоёр хувь” гэсэн танилцуулга хийж байсан.
Харамсалтай нь утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэлүүд гарч ирсэн. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг, утаа багасгана гэсэн нэрээр завшсан. 100 орчим сая ам.долларыг мөн утаагүй зуух зэрэгт хэрэглэсэн.
Би Ерөнхийлөгч болсныхоо дараахан 2017 оны 10 дугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” хийсэн. Удахгүй утаатай залгах тул утааны асуудлыг авч хэлэлцээч, ямар арга, шийдлүүд байна вэ гэсэн сэдвээр тэр чуулганыг хийсэн. Харамсалтай нь ажил болгоогүй.
Одоогоос нэг жилийн өмнө, 2017 оны нэгдүгээр сарын 10-нд ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаан болж, утаатай холбоотой ажлын төлөвлөгөө гаргаж нийслэлийн Засаг дарга, яамдад чиглэл өгсөн. Жилийн дараа харахад энэ ажлаас 6300 орчим айлыг тогтой холбосон гэсэн л мэдээлэл байна. Энэ дотор мөнгө идэх аргууд дахиад орж ирсэн. Тавантолгойгоос Сайншанд руу 500 км авто зам барина. Энэ замаар Тавантолгойд байгаа коксжсон нүүрсийг татаж иргэдэд тараана гэсэн байна. Коксжсон нүүрсийг иргэдийн зуух дийлэхгүй. Үүнд 600 тэрбум төгрөг төлөвлөсөн байх жишээтэй гэв.
“Web awards-2017”-ын шилдгээр News агентлаг тодорлоо
Цахим салбарын шилдгийн шилдгийг тодруулах “Web awards-2017” ёслолын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Тус наадам нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадмыг Монголын сайтын холбоо, Мэдээллийн сайтуудын холбоо болон Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо хамтран зохион байгууллаа. Энэхүү наадмын хамгийн хүндтэй шагнал болох Мэдээллийн шилдэг сайтаар NEWS агентлагаас эрхлэн гаргадаг www.news.mn шалгарлаа.
Ингээд цахим салбарын 2017 оны шилдгүүдийг танилцуулж байна.
- Орон нутгийн шилдэг сайт-www.etzone.mn
- Шилдэг дeбют сайт-www.ekhsurvalj.mn
- Шилдэг тeхнологи нэвтрүүлэгч -“Ubinfo application”
- Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг сайт-www.mnb.mn
- Зохион байгуулагчдын нэрэмжит цом –www.olloo.mn
- Мэдээллийн тeхнологийн шилдэг компани-‘Содонсолюшн’ ХХК
- Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт-www.barilga.mn
- Төрийн байгууллагын шилдэг сайт – Эрчим хүчний зохицуулах хорооны сайт www.erc.mn
- Онлайн худалдааны шилдэг сайт – www.rio.mn
- Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг бүтээн байгуулалт-Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар
- Зар мэдээллийн шилдэг сайт-www.unegui.mn
- Шилдэг старт-ап үйлчилгээ үзүүлэгч -‘ Itools’ ХК
- Шилдэг фeйсбүүк хуудас- Paparazzi+traffic mongolia
- Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг цахим үйлчилгээ-‘Хур’ систeм
- Шилдэг төсөл хэрэгжүүлэгч-Монгол контeнт компани
- Зохион байгуулагчдын нэрэмжит ‘Эрхэмсэг оршихуй цом’ –www.zindaa.mn
ХСҮТ БҮХ ТӨРЛИЙН ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ОНОШИЛГООНЫ ТОМОГРАФ АППАРАТТАЙ БОЛЛОО
Хорт хавдрын хүнд шатандаа байгаа, хүнд зовиуртай, цус алдаж буй өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх шинэхэн тасаг энэ сарын 27-нд Хавдар судлалын үндэсний төвд нээлтээ хийлээ. Мөн тус эмнэлгийн хамт олон хорт хавдрыг 75 хувь илрүүлэх шинэхэн компьютер томографын аппараттай болжээ.
“Мөрөөдөл минь ажил хэрэг болж, өнөөдөр биелж байгаад баяртай байна. Учир нь манай эмнэлэг долоо хоногт дунджаар 30-40 хүнд хавдрын яаралтай тусламжийг үзүүлдэг. Энэ бүх хүмүүстээ тусламж үйлчилгээ үзүүлэх гэхээр тусгай тасаг байхгүй эмнэлгийн коридорт хүртэл хэвтэн эмчилдэг байсан. Харин өнөөдөр яаралтай тусламжийн шинэ тасагтай болсноор олон хүнд зэрэг эмчилгээ хийж, амийг нь аврах боломжтой юм. Харин компьютер томографын аппаратын хувьд айл бүр хүнсээ хадгалах хөргөгчтэй байдаг шиг эмнэлэг бүрт энэ аппарат хэрэгтэй. Ингэснээр дүрс оношилгоог зөв тогтоож, хавдрын эмчилгээг хийх нь маш чухал. Олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд 2015 оноос хойш хөөцөлдөж, аппараттай боллоо” гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн эмч ярилаа.
Тус эмнэлгийн хувьд яаралтай тусламжийн үйлчилгээг өмнө нь нэг эмч, хоёр ортойгоор үзүүлж байсан бол одоо нийт 17 ажилтан, зүрх судасны хоёр кабинет, зургаан ортойгоор тусламж үйлчилгээг үзүүлэхээр болжээ. Гэсэн хэдий ч Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал маш их байгаа бөгөөд шинэ тасаг нээгдсэнээр ачааллын 15-20 хувиар л буурна гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв.
Хорт хавдраар өвдөж буй хүн амын 90 хувь нь 45-59 насныхан байгаа аж. Жилд шинээр бүртгэгдэж байгаа хорт хавдрын 80 орчим хувь нь өвчний хожуу үедээ оношлогдож байгаа талаар Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд дурдаж байлаа. Тухайлбал, элэгний хорт хавдар нийт хорт хавдрын нас баралтын 40 гаруй хувийг дангаараа эзэлдэг байна.
Эрт илрүүлэгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл нас баралтыг жилд 2.7 хувиар, 2030 он гэхэд 35 хувиар бууруулах боломжтой гэнэ. Хавдрыг эрт илрүүлэх нэгэн томоохон дэвшил нь тус төвд шинээр суурилагдаж буй 2.2 тэрбум төгрөгийн үнэ өртөгтэй, компьютер томографын аппарат юм. Уг аппарат нь нэг удаагийн эргэлтээр 80 зүслэгт зураг авах өндөр хүчин чадалтай бөгөөд өдөрт 30-50 тодосгогч бодистой болон бодисгүй шинжилгээ хийх юм байна.
‘Нарантуул’ -ын чингэлэгт гарсан галыг унтраалаа
Баянзүрх дүүргийн 14-р хороо "Нарантуул" захын хашаан дотор орших, ‘Баялаг ундраа’ төвийн хойно цахилгаан барааны 4-5 лангуу шатсан байна. Энэ талаарх дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 2017.12.26-ны өдрийн 12:53 минутын үед иржээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнүүд ажилласан юм.
Гал унтраах ангийнхан 14.50 цагийн орчимд галыг унтраасан.
Цахилгаан бараа, хүмүүсийн хайрцаг хураадаг тээш зэрэг галд автсан байсан бөгөөд бараа нь шатсан хүмүүс яриа өгөхөөс татгалзав.
“Баялаг ундраа” төвд худалдагч хийдэг иргэн “Б” хэлэхдээ “Өглөө 10:00 цагийн үед гал уугиж эхэлсэн. Гал унтраах дуудлага хэзээ өгснийг сайн мэдэхгүй байна. Дөнгөж сая л гал унтрааж дуусах шиг боллоо” гэж байв. Онцгойгийнхон гал гарсан газарт ажиллаж, хохирлын хэмжээг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байна. Цахилгаан бараанууд үнэ өндөртэй байдаг тул хохирлын хэмжээ томоор яригдах бололтой.
Сануулахад, 2015 онд "Нарантуул"-ын 00-д гал гарч байсан бол түүнээс өмнө хүнсний зах нь шатсан. Тус худалдааны төвийн босс, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу хүнсний захад гарсан галыг санаатай тавьсан гэх асуудлыг тавьж ирсэн. Гэвч хууль хүчний байгууллагууд шалгалт хийгээд дээрх хардлагыг нотолж чадаагүй юм.
Харин өнөөдөр гарсан гал нь цахилгааны гэмтлээс болсон байж болзошгүй гэж иргэд хэллээ. Онцгой байдлын газраас шалгалтыг бүрэн хийж дууссанаар галын шалтгаан тодорхой болох юм.