“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ
ГАО Э
Долдугаар бүлэг
ОРДНЫ ЦЭЦГИЙГ ХҮРГЭХДЭЭ ЖЯ ЛЯНЬ, ШИ ФӨНТЭЙ НААДАЖ, НИН ГУОФҮ ОРДОНД ХУРИМЛАХАД БАО ЮЙ, ЧИНЬ ЖУНТЭЙ ЗОЛГОВ
Өгүүлэх нь: Жөү Рүй эхнэр, Лю Лаолаог мордуулаад Ван Фүрэнийд ирж хэлэх гэтэл цаадах нь дээд гэрт байсангүй. Сураг сонсвол, Шюэ Има /нагац эгч/-гийнд яриа хөөрөө хийхээр очсоныг мэдэв. Мөнөөх эхнэр түүнийг сонсоод зүүн захын жижиг хаалгаар алим анхилах Ли Шянь юань хүрээлэнгээд явав. Тэндэхийн үүдэнд Ван Фүрэний инж Чуань, сая гэзгээ тавьсан нэг бяцхан охинтой байшинд наадаж байх харагдав. Жөү Рүй эхнэрийн орж ирэхийг хараад, учир мэдүүлэхээр явааг нь мэдээд уруулаар дотогш дохив. Эхнэр, хөшгийг нь сэмхэн өргөөд дотогш оров. Ван Фүрэнь, Шюэ Иматай гэр зуурын хүн харын учрыг их л тодорхой ярилцаж байхыг сонсоод тэдэнд саад болуузай гэж сэмхэн дотор өрөөнд оров. Тэнд Шюэ БаоЧай энгийнээр хувцаслаж, гэзгээ зүүгээр ороогоод ханз дээр бяцхан бөхийж, инж Ин Эртэй хамт зураг хуулан зурж байв. Түүнийг орж ирэхийг хараад бийрээ тавьж, царай дүүрэн инээмсэглээд “Жөү эгч нааш суу” гэв. Мөнөөх эхнэр ч инээн: “Авхай сайн уу” гэж мэндэлсээр дөхөн очиж ханзны ирмэгт суугаад: “Чи ойрд манай тэрүүгээр үзэгдсэнгүйеэ. Лав хоёр гурав хоносон байхаа. Бао дүү чинь чамд эвгүй аашилсан биш үү” гэсэнд Бао Чай инээж: “Юунд тийм байхав. Миний өвчин бас хөдлөөд хоёр өдөр зүгээр суусаан” гэв. Эхнэр: “Үнэн үү, авхай чи ямар өвчтэй юм бэ. Эртхэн сайн эмчид үзүүлж засуулах хэрэгтэй. Багаас урхаг тогтчихвол тоглоом биш шүү” гэв. Бао Чай инээж:
-Та дахиж энэ өвчнийг битгий дурсаарай. Хэчнээн эмчид үзүүлж, хэчнээн эм ууж, хэчнээн мөнгө зарсныг мэдэхгүй. Ердөө ч тус болсонгүй. Сүүлд харин ашгүй нэг хуушаан таарч, нэргүй өвчнийг тусгайлан засна гэх тул залж үзүүлсэнд, миний өвчнийг эхээс авч төрсөн нэгэн зүйлийн халууны гэм гэсэн. Тэгээд хамаагүй үрэл уугаад тусгүй гэсэн. Намайг угаасаа сайн биетэй юм гэж байна лээ. Тэр нэг далайн бурхан жор хэлээд, бас нэг боодол нунтаг эм өгч уу гэсэн. Өвчнөө хөдөлбөл нэг үрэл уувал сайн гэсээн. Хачин сонин үнэр танартай эм шүү. Тэр лам, үнэхээр их тус болно гэсэн гэж ярив. Жөү Рүй эхнэр “Чухам ямар жор юм бол. Авхай чи хэлж өгөөч. Тогтоож аваад, өөр хүнд хэлж өгье. Ийм өвчин таарвал түүнд буян болно шүү…” гэсэнд Бао Чай,
-Энэ жорыг асуухгүй бол харин зүгээр. Асуувал ярвиг яршиг нь аргагүй их. Орох зай нь дэмий ч гүй. Хамгийн ховор зүйл гэвэл, ганц “тохиол” юм. Хавар ургасан мандарваа цэцгийн гол арван хоёр лан, зун дэлгэрсэн цагаан лянхуа цэцгийн гол арван хоёр лан, намрын цагаан бүрэн цэцгийн гол арван хоёр лан, өвлийн цагаан тэргүүлэгч цэцгийн гол арван хоёр лан, энэ дөрвөн цэцгийн голыг дараа жилийн хаврын хугас дундын өдөр хатааж, нунтаг эмтэй нийлүүлэн найруулаад бас хурын усны… өдрийн буусан хурын ус арван хоёр цэн… гэтэл мөнөөх эхнэр хөхөрч “Хөөе, ийм юм бол гурван жилийн хугацаа орох болно. Хур усны өдөр бороо орохгүй бол одоо яах вэ” гэж асуув. Бао Чай инээмсэглэсээр “Тиймээ, яахин тэр мэт бороо тохиолдоно вэ. Бас дахин хүлээхээс өөр аргагүй. Цагаан шүүдрийн өдрийн ус арван хоёр цэн. Хяруу унах өдрийн хяруу арван хоёр цэн, бага цасны өдрийн цас арван хоёр цэн. Ийм дөрвөн зүйлийн усыг сайтар холиод, лууны нүдний чинээ үрэл хийж хуучин шаазан вааранд хадгалаад цэцгийн үндсэн доор булж тавин, өвчин хөдөлбөл гаргаж нэг үрэл иднэ. Нэг цэн, хоёр фүн шар майлсны чанасан шүүсээр даруулна гэв.
Жөү Рүй эхнэр мөн л инээгээд: “Бурхан минь ээ. Таарах ч юм биш бололтой. Арван жил хүлээсэн ч таарахгүй байх” гэсэнд Бао Чай “Харин их сайн таарна. Түүнийг явснаас хойш, нэг хоёр жилийн дотор цөм таараад, арай чамай нэг бүрдүүлэн найруулаад, одоо гэрээс авчирч, алимын модны ёроолд булж хадгалж байгаа” гэв. Эхнэр, бас л сониучирхаж “Энэ эм чинь нэртэй юү” гэсэнд цаадах нь: “Бий. Тэр хуушаан “Сэрүүн үнэрт үрэл” гэдэг юмаа гэсэн. Эхнэр “Чиний өвчин хөдлөхдөө яадаг юм бэ” гэсэнд “Төдий л мэдэгдэхгүй. Жаахан ханиах төдий болоход нь нэг үрэл зажилчихвал намддаг юм” гэж авхай хариулав. Жөү Рүй авгай дахиад нэг юм хэлэх гэтэл Ван Фүрэнь “Дотор хэн байна вэ” гэж асуув. Эхнэр санд мэнд “За” гэсээр очиж, Лю Лаолао авгайн ирээд явсныг хэлсэнд цаадах нь дуугарсангүй. Тэгэхээр нь гаран завдтал Шюэ Има: “Хөөе, чи байж байгаач. Энэ нэг юмыг чи аваад яв” гэснээ “Шян Лин чи хаана байна” гэсэнд сая Чуаньтай тоглож байсан охин орж ирээд: “ТайТай намайг дуудав уу” гэж асуув. Има: “Тэр хайрцаг дахь цэцгийг аваад ир” гэсэнд охин очоод нэг бяцхан хайрцаг аваад ирэв. Има:
-Энэ бол ордонд тарьсан шинэ янзын ширэгний цэцэг /хатгуурын чимэг/ бүгд арван хоёр бий. Өчигдөр л санаанд орлоо. Ингэж байгаад хатчихвал хайран болно. Тэдгээр эгч дүүст өгч зүүлгэсүгэй. Өчигдөр өгөх гэж байгаад мартчихжээ. Үүнийг чи аваад яв. Гурван авхайд тус бүр хоёр, үлдсэн зургаагаас Линь авхайд хоёрыг өгөөд, дөрвийг нь Фөн Жэд өгөөрэй гэв. Ван Фүрэнь: “Хадгалж Бао охиндоо зүүлгэхгүй, бас тэднийг санадаг нь юү вэ” гэсэнд Има: “Тайтай та мэдэхгүй. Бао охин сонин зантай. Тэр ерөөсөө цэцэг хуар, оо, энгэсэгт дургүй” гэв. Ийн ярилцаж байгаад Жөү Рүй эхнэр хайрцаг аваад гарч явтал Жинь Чуань наранд биеэ ээж суухыг хараад, хэрэгт дурлан очиж: “Эднийх энд ирэхдээ нэг охин худалдаж авсан юм гэсэн. Хүний амины хэрэг гарч зарга болоход нэр нь дуулдсан охин мөн үү” гэж асуув. Цаадах нь: “Биш байлгүй” гээд халгаасангүй. Тэднийг ийн ярилцаж байтал Шян Лин инээсээр хүрч ирэв. Жөү Рүй эхнэр, гараас нь барьж ажаад: “Үүний төрх байдал нь манай зүүн ордны Шяо Рун найнайтай их төстэй шүү” гэв. Цаадах нь: “Би бас тэгж боддог юм” гэв. Эхнэр охинд хандаж: “Чи хэдэн настай вэ” гэснээ хариу хэлэхийн нь хооронд “Аав ээж чинь хаана вэ. Уг нутаг чинь хаана вэ” гэж давхцуулан асуув. Шян Лин хяламхийснээ толгой сэгсэрч: “Мэдэхгүй” гэж огцом хэлэв. Тэд нэгэн зэрэг санаа алдав.
Жөү Рүй эхнэр цэцгээ барьсаар Ван Фүрэний гол байшингийн араар оров. Саяхан Жя Мү ач охид олон учир нэг дор цуглараад эвгүй юм гээд Бао Юй, Дай Юй хоёрыг дэргэдээ зугаа болгож үлдээгээд Ин Чүнь эгч, дүү гурвыг Ван Фүрэнийг арын хашааны захын гурван тасалгаатай өрөөнд шилжүүлж, харгалзагчаар нь Ли Ванийг томилжээ. Мөнөөх эхнэр зам дөтөлж явсаар энүүгээр ортол хэдэн жаахан охин өрөөнд дуудахыг хүлээн дув дуугүй сууна. Ин Чүний инж Сы Чи, Тань Чүний инж Шы Шу хоёр яг хөшиг сөхөж, пял дээр тавьсан цай, данх барьсаар гарч ирэхийг хараад Жөү Рүй эхнэр эгч дүүс нэг дор байгааг мэдээд орж очвол, Ин Чүнь, Тань Чүнь хоёр цонхны дэргэд шатар тоглож байв. Эхнэр аваачсан цэцгээ өгөөд, ирсэн учраа хэлсэнд, тэр хоёр сандарч, тоглохоо болиод талархал илэрхийлэн, инж нараар авахуулав. Дараагаар нь мөнөөх эхнэр: “Дөрөвдүгээр авхай гэртээ алга. Бодвол Лао Тайтайгийн тэнд байгаа юм болов уу” гэсэнд инж нар: “Тэнд байгаа байхаа” гэж нэг байшинг заав. Явсаар орж очвол, Ши Чүнь, Шүй Юэ Ань сүмийн бяцхан чавганц Жи Нөн хэдүүл тоглож байв. Тэд эхнэрийг хараад ирсэн учрыг асуусанд хайрцгийг харуулж учир тухайгаа хэлсэнд Ши Чүнь инээгээд:
-Би маргааш гэзгээ авахуулаад Жи Нөнтэй хамт явж чавганц болох тухайгаа ярьж байтал чи харин цэцэг авчирч өглөө. Хэрэв гэзэггүй болчихсон бол энэ цэцгийг чинь юундаа хатганаа… гэтэл цөм инээд алдацгаав. Тэгээд Ши Чүнь инж нараар цэцгээ авахуулав. Жөү Рүй эхнэр Жи Нөнд хандаж: “Чи хэзээ ирэв? Чиний тэр тоймог багш чинь хаашаа яваа вэ” гэж асуусанд цаадах нь: “Бид аль эрт ирсээн. Багш, Тайтайтай уулзаад Юй Лао егийн ордонд очихоор явсаан. Намайг энд хүлээж бай гэсэн” гэв. Эхнэр:
-Арван тавны сарын хүж, зулны мөнгөө олсон уу гэсэнд цаадах нь
-Мэдэхгүй гэж огцом хэлэв. Ши Чүнь эхнэрээс:
-Одоо энэ сүмийн сарын мөнгийг хэн хариуцаж байгаа юм бэ гэж асуусанд цаадах нь:
-Юй Шин хариуцаж байгаа гэв. Ши Чүнь инээж:
-Үгүй дээ. Үүний багшийг ирмэгц Юй Шиний эхнэр хүрч ирээд баахан юм ярьж нуршиж байсан. Бодвол тэнд л учир байгаа байх гэв.
Жөү Рүй эхнэр тэндээс гарч Фөн Жэгийнхийг чиглэн нарийн гудмаар яваад Ли Ваний арын цонхон доогуур өнгөрөн баруун талын хээтэй хэрмийн хажуугаар гарч цааш явсаар хоёрдугаар найнайгийн хашаанд оров. Гол байшингийн үүдэнд очиход, босгон дээр сууж байсан жаал охин Пин Эр, мөнөөх эхнэрийг хараад, гараа өргөн зүүн байр тийш заав. Учрыг мэдээд тийш явж зүүн байшинд орвол, хөхүүл эх, охиныг нь унтуулж байв. Сэмхнээр: “Хоёрдугаар найнай үдийн нойр авч байна уу. Дуудан сэрээж болно уу” гэхэд хөхүүл эх, ярвайн толгой сэгсрэв. Хажууханд нь хүн, зөөлхөн хөхрөх чимээ гарсныг ажвал Жя Ляний дуу ажээ. Энэ хэр үүд дуугарч Пин Эр гуулин гадар барин гарч ирээд ус хийлгэж авав. Тэрбээр Жөү Рүй эхнэрийг хараад: “Авгай та бас яагаад ирэв” гэсэнд, яаран хайрцгаа үзүүлэн: “Цэцэг хүргэж ирлээ” гэвэл өнгийж хараад дотроос нь дөрвөн цэцэг аваад цааш эргэв. Төдөлгүй, хоёр цэцэг барьж гарч ирээд Пин Эр, Цай Минийг дуудан: “Тэр ордны Шяо Рун найнайд аваачиж зүүлгэ” гэснээ, Жөү Рүй эхнэрийг хараад: “Хариу талархсаныг дамжуулъя” гэв.
Жөү Рүй эхнэр тэндээсээ Жя Мүгийнхыг чиглэн явж байтал өмсгөл зүүсгэлээ өмсөөд хадмынхаасаа гэртээ ирж байгаа охинтойгоо халз тулгарав. Ээж нь сандчиж: “Чи яагаад гэнэт гүйгээд ирэв ээ” гэж асуусанд охин: “Ээж таны бие сайн уу. Би гэрт таныг их хүлээлээ. Хаачаа вэ. Би хүлээж ядаад Лао Тайтайгийнд ганцаар очиж амрыг нь эрлээ. Та чинь ямар их барагдахгүй ажилтай болчихсон бэ. Та юу барьж яваа юм бэ” гэж давхцуулан асуусанд ээж нь тайвширангуй инээгээд: “Хай ажил байлгүй яахав. Хөдөөнөөс Лю Лаолао ирээд… би хэрэгт дуртайгаараа түүний төлөө баахан гүйлээ. Сая Има Тайтай, надаар баахан цэцэг авхай, охидод хүргүүллээ. Одоо ч хүргэж бараагүй явна. Чи өнөөдөр лавтай нэг учраар гэртээ ирсэн байхаа” гэсэнд охин нь инээн:
-Ээж та тааж мэднэ. Үнэхээр таачих шиг боллоо. Би үнэнийг хэлье. Хүргэн чинь, өчигдөр баахан архи уугаад, амьтан хүнийг өдөж зодоон хийсэн учир түүнийг үзэшгүй муухай амьтан гэж заргалдаж яаманд хүргэсэнд, одоо өртөө улаагаар дамжуулан нутагт нь хүргэх гэж байна. Тэгээд би, ээж тантай зөвлөж, арга зам эрэхээр ирлээ. Хэнийг гуйж, учраа олохыг мэдэхгүй байна.
-Би мэдэж байна. Энэ ямар их юм болно гэж бодож байна. Өдийд сандраад яахав, одоо чи харьж бай. Энэ хэр Тайтай болон хоёрдугаар найнаа цөм завгүй.
-За ээж минь, юу ч атугай хурдан хариарай.
-За яахав, нас залуу, нар эрт байна. Учир явдал нэгэнт дуусаагүй байна. Сандраад яахав.
Ингэж хэлээд ээж нь, Дай Юйнхээд явав. Хүрч очвол тэрбээр гэртээ алга. Харин Бао Юйгийнд орвол, олуулаа есөн гараа хэмээх тоглоом наадаж байв. Тэрбээр оруутаа л “Линь авхайд, Тайтай надаар цэцэг явууллаа” гэсэнд Бао Юй сонсоод: “Ямар цэцэг вэ, алив би үзье” гэсээр хайрцгийг авч үзвэл ордонд үйлдсэн шинэ маягийн ширэгний цэцэг байв. Дай Юй түүнийг хараад: “Ганц надад юм уу, бусад авхай нарт адилхан өгөв үү” гэж асуусанд авгай: “Цөмд өгсөөн. Энэ хоёр авхайнх” гэв. Дай Юй хүйтнээр инээж: “Би мэдэж байна. Хүмүүс голоод үлдээгүй л бол надад өгөхгүй л дээ” гэв.
Энэ үгийг сонсоод Жөү Рүй эхнэр айгаад юу ч дуугарсангүй. Бао Юй: “Жөү эгчээ, чи яах гэж тэнд очсон юм бэ” гэсэнд цаадах нь: “Тайтай тэнд байсан учир би учир мэдүүлэх гэж очсон юм. Тэгтэл И Тайтай эднийг надаар явуулсан юм” гэсэнд, ахиулаад “Бао эгч гэртээ юу хийж байна вэ. Яагаад хэдэн өдөр үзэгдэхгүй байгаа юм бол” гэж асуув.
-Бие нь баахан тавгүй байна лээ гэж Жөү Рүй эхнэрийг хэлсэнд, Бао Юй инж нарт хандаж: “Хэн явж асуух вэ. Линь авхай бид хоёр амрыг асуулгах гэж байна. Эгч ямар өвчтэй болсон юм бол. Ямар эм ууж байгааг нь асуулгах гэсэн юм. Би ч биеэр очмоор байна. Дөнгөж сая сургуулиас ирээд баахан жингэнэсэн учир дараа л биеэр очъё гэж байна гэж хэлээрэй” гэв.
Тэгтэл Чян Шюэ явах болов. Жөү Рүй авгай ч гарч одов. Түүний охины хүргэн бол Юй Цүний сайн нөхөр Лөн Зышин мөн бөгөөд ойрноос эртний эдлэл юмс худалдаж хүнтэй заргалдсан тул эхнэрээ явуулж гуйлгажээ. Жөү Рүй эхнэр, эзнийхээ сүрд эрдэж, эдгээр учрыг ойшоосонгүй. Тэр оройгоо Фөн Жэд хэдэн үг хэлж гуйгаад орхичихжээ.
Зул барих үеэр Фөн Же, засал чимэглэлээ аваад Ван Фүрэньтэй уулзаж, “Энэ өдөр Вэй овогтны гэрээс хүргэж ирсэн юмыг би гардан авлаа. Манайхаас тэдэнд явуулсаныг, тэдний гэрийн юмыг жилийн өмнө шинэ идээнийг1 хүргэж ирсэн онгоцоор илгээжээ” гэсэнд Ван Фүрэнь толгой дохив. Фөн Же ахиад “Линь Ан Бе түшмэлийн Тайтайгийн насны баярын бэлгийг нэгэнт бэлтгэв. Хэнээр хүргүүлэх вэ” гэж асуусанд “Хэн чөлөөтэй байна вэ. Чи харж байгаад дөрвөн бүсгүйгээр хүргүүлбэл болно. Надаас асуух хэрэггүй” гэв.
-Жэнь их бэргэн өнөөдөр ирээд, намайг маргааш очооч гэж урив. Маргаашийн ажил ямар байна гэж Фөн Жэг асуухад: Ажил явдал байсан, байгаагүй хамаагүй. Түүний урих болгонд бид л очдог. Тэр чамд эвгүй байдаг байх. Одоо тэр биднийг урилгүй, ганц чамайг урьж байгааг бодвол тэр чамайг үнэн санаанаас зугаацуулж уйтгарыг чинь сэргээх гэсэн хэрэг. Түүний санааг хөсөрдүүлэлгүйгээр очиж үзэх нь зүй юм шүү гэж Ван Фүрэнь хэлэв.
Маргааш нь Фөн Же угааж, самнаж дуусаад Ван Фүрэньтэй уулзсаны дараа Жя Мүд байдлаа ярив. Бао Юй тэдний яриаг сонсоод: “Би бас очъё” гэсэнд Фөн Же зөвшөөрч тэр даруй хувцсыг нь солиулаад эгч дүү хоёр тэргэнд суув. Тэд их төдөлгүй Нин Фүгийнд очив. Тэднийг Жя Жэний гэргий Ёу хатан, Жинь Рун ий эхнэр Чинь авхай зэрэг хатад, гэргий, бэр охид, инж дагуулууд ёслолын хаалганд угтаж авав.
Ёу хатан, Фөн Жэг хараад, инээд наргиан болоод Бао Юйг хөтлөн дээш гарав. Чинь авхай цай барьсанд Фөн Же,
-Та нар намайг урьж яахнав даа. Намайг юугаар ачлах вэ. Юм бий бол өргөж барихтун. Би бас учиртай… гэтэл Ёу хатан хариу дуугарахаас урьтаад бэрүүд хөхрөлдөж,
-Хоёрдугаар найнай ирээгүй бол яамай. Нэгэнт ирсэн учир эрхэм таны дур биш гэж хэлтэл Жинь Рун орж ирж мэндлэв. Бао Юй: “Их ах эзгүй юү” гэж асуусанд Ёу хатан: “Өнөөдөр хотоос гарч Лао егийн амрыг эрэхээр явсан” гээд, чи бодвол уйдаж байгаа биз. Гадуур явахгүй юү гэж хэлэв. Чинь авхай: “Түрүүнд Бао авга, миний дүүтэй уулзах гэж байсан. Тэр одоо бичгийн өрөөнд байгаа. Очиж уулзахгүй юу” гэв. Бао Юйг очиж уулзъя гээд босоход Ёу хатан: “Үүнийг сайхан асрамжилж бай” гэж захиад дагуулан явав. Фөн Же: “Тийм бол юунд залж ирэхгүй байгаа юм бэ. Би ч бас үзье” гэсэнд Ёу хатан инээж: “Яах юм, уулзах хэрэггүй. Манай хүүхэд шиг болгоомжгүй, дураар аашилж сурсан биш. Хүний хүүхэд бол цөм ёс номтой. Чиний мэтийн ийм хээгүй амьтныг ер үзээгүй. Чамайг харвал шүдээ унатал хөхөрнө”… гэтэл Фөн Же инээж: “Би түүнийг элэглэхгүй л байвал барав. Тэр намайг элэглэж яаж чадна” гэв. Жинь Рун: “Тэр төрөлхийн бишүүрхүү зантай юм. Ихсүүдийн газар явж үзээгүй. Авга ээж та уулзвал уур чинь хүрнэ” гэсэнд Фөн Же нулимж: “Түй, дэмий чалчиж байна. Бисман тэнгэрийн Наз хөвгүүн2 байсан ч би нэг уулзъя. Бүү унгас алдагтүн. Хурдан авчрахгүй бол түүшүүгий чинь алгадна” гэсэнд Жинь Рун нэг хяламхийгээд инээж: “Авга ижий та юунд хэцүүрхэнэ вэ! Бид аваад л ирвэл боллоо” гэсэнд Фөн Же ч инээд алдав. Жинь Рун гараад төдөлгүй нэг залууг дагуулан орж ирэв. Бао Юйгээс ялимгүй туранхай гонзгор, гоёмсог сайхан нүд хөмсөгтэй, цав цагаан царайтай, чавга шиг улаан уруултай, бие байдал их тохилог ганган, хөдөлж барих нь хөнгөн, аятай залуу. Харваас Бао Юйгээс дээгүүр мэт бөгөөд харин хүүхэн хүн мэт ичимтгий янзтай ажээ. Тэрбээр бишүүрхсэн байдалтайгаар дөхөн ирж Фөн Жэгийн амрыг эрэхэд цаадах нь баярлан инээж Бао Юйг хажуу тийш болгоод: “Хүний хойно оруузай” гээд бөхийж, түүнийг гараас татан дэргэдээ суулгаад, нас жил, бичиг үсэг мэтийн ойр зуурын юм сонирхоод, Чинь Жун нэртэйг нь мэдээд авав. Фөн Жэг дагасан инж, бэрүүд, залууд өгөх бэлэг авчраагүйг мэдүүт дээш гарч Пин Эрд хэлсэнд, Чинь авхай, найнай хоёр зузаан найз гэдгийг угаас мэдэх тул өөрөө дур мэдэж, толгой торго, “Эрхэм шилдэг шалгагдав”3 үсэгтэй алтан тойг хоёрыг хүргүүлж ирэв. Фөн Же жаахан чамлав. Чинь авхай нар талархав. Төдөлгүй хоол идэцгээж есөн пай хэмээх даалуу дэлгэн наадацгаасан зэргийг хэлэхгүй болохоос уг нь тоочвол зугаатай ажээ.
Бао Юй, Чинь Жун хоёр дураар босон суун ярилцацгаав. Анх Бао Юй түүнийг хараад дотор нь ямар нэг юмаа гээсэн мэт болж, удтал манараад дараа нь нэг тэнэг бодол оржээ. “Энэ дэлхий дээр ийм сайхан хүн байдаг юмаа. Түүний дэргэд би бол хамуутай нохой шиг юм. Би юунд Гүн Хоугийнд төрөв өө! Ядуу доод бичгийн хүний гэрт төрөөд, энэ хүнтэй эртхэн танилцсан бол хүн болж төрсөндөө бахданаа. Би хэдийгээр энүүнээс эрхэм дээгүүр гаралтай хүн гэвч, үжирч өмхөрсөн биеийг минь, торго магнаг, хив дурдангаар ороосон төдий бөгөөд хоолны тулам олгой гэдсийг минь алаг идээ, амтат сархдаар дүүргэсэн төдий юм. “Баян эрхэм” хэмээх хоёр үсэг үнэхээр хүнийг хорлохын туйл юм” гэж бодов. Энэ үед Чинь Жун бас цаадахыгаа шинжиж байв. Бао Юйн дүр байдал олноос онцгой, хөдөлж барих нь ер бусын дээр алт сувд, торго магнаг эдэлж гоо сайхан инж дагуул дагуулсан нь, манай эгч дандаа магтдагтай таарч байна. Би бол яахав, очиж очиж ядуу дорд гэрт төрсөн хүн. Яаж эдэнтэй танилцан нөхөрлөж чадах вэ. Энэ бол миний хувь тавилан муугийнх гэж бодож байв. Тэр хоёр бие биедээ ийм үнэлгээ өгч байлаа. Бао Юй: “Ямар ном бичиг үзэж байна вэ” гэж асуусанд цаадах нь үнэнээ л хэлэв. Тэд ийн арав таван үг солилцож байсаар ойр дотно бололцов.
Төдөлгүй цай, жимс оруулж ирсэнд Бао Юй: “Бид хоёр архи уух биш. Тэгэхээр наад жимсээ дотор өрөөний ханзан дээр тавь. Бид тэнд очно. Ингэвэл та нарт үймээн шуугиан нэмэхгүй” гэсэнд хэлсэн ёсоор нь болгов. Чинь авхай, архи, жимсээр Бао авга Фөн Жэг зочлохын завсарт яаран орж ирээд: “Бао авга минь, ач хөвгүүн чинь, нас бага учир элдвийн томоогүй үг хэлбэл, юу ч болсон миний нүүрийг бодож, бүү ойшоогоорой. Энэ хэдий төлөв боловч бас этгээд зантай, найз муутай шүү” гэж анхааруулав.
Бао Юй хариу инээж: “Ойлголоо, Чи тэндээ оч” гэсэнд Чинь авхай дахиж олон юм хэлэлгүй гарч одов. Төдөлгүй хатад, Бао Юйг идэх дуртай юмаа эндээс ав гэж хэлүүлэв. Цаадах нь идэж уух сонирхолгүй учир Чинь Жунтэй ярьсан хэвээр гэр орны тухай сониучирхаж байв. Чинь Жун,
-Тусгай багштай байсан. Ноднингоос багшлахаа больсон. Аавын нас өвгөрч, бие нь ч тэнхээрхэж байгаа. Ар Баний ажил их тул залгаж, багш залаагүй. Одоо бол гэртээ хуучин хичээлээ давтаж байна. Үүнээс гадна ном үзэхэд, сэтгэл санаа нийлсэн нэг хоёр хүн бий. Тэдэнтэйгээ үргэлж харилцаж зөвлөлдөн маргаж байдаг нь тус болдог… гэтэл Бао Юй үгийг нь тасалж,
-Манайд нэг гэрийн сургууль бий. Багш залж чадахгүй байгаа бол энэ сургуульд орж болно. Ойр садны хүүхэд бол дагалдан үзэж болно. Ноднин миний тусгай багш гэртээ харьснаас хойш би зүгээр л сууж байна. Аав бол бас намайг тэнд түр очуулах санаатай. Одоо бол хуучнаа л давтаж байна. Хойтонгоос багш ирвэл дахин гэр, гэртээ номоо үзнэ. Манай эмээ ээж бол нэгд, гэрийн сургуульд хүүхэд багачуул олон, тоглоом наадам нь хэтрээд байна гэдэг. Хоёрт, би хэдэн өдөр өвдөөд очоогүй юм. Ийм болохоор хүндэт настан одоо мөн энэ хэрэгт санаа алгасаж байх тул өнөөдөр хариад саналаа мэдүүлж болно. Ер нь манай тэр муу сургуульд очвол би ч ханьтай болж хэн хэндээ тустай сайн юм болох биш үү гэж хэлэв. Чинь Жун,
-Саяхан манай аав, гэртээ нэг багш залахаар ярьж, бас эндхийн журмын сургууль4 зүгээр сайн гэж тэндхийн ноёнтой зөвлөлдөх санаатай байсан боловч, эндэх ажил явдал арвин тул иймхэн бага юманд ирж яршиглах нь эв муутай гэсэн юм. Хоёрдугаар авга та үнэхээр ач хөвгүүнээ бийр угааж, бэх зуурч болно гэж үзэж байгаа бол эртхэн хэлэлцэж тогтвол, хэн алин нь саатан хаягдахгүй. Үргэлж хамтдаа, ярилцан зөвлөж байхаас гадна бас аав ээжийн сэтгэлийг амруулж, анд найзын баярыг эдэлж болох тул сайхан учир биш үү гэв.
-Энэ бол амархан бүтнэ. Зовох юмгүй. Бид хариад чиний эгч, хүргэн ах, Жя Лянь ахын бэргэнд хэлье. Чи ч гэсэн хариад настайчууддаа, би хариад эмээдээ айлтгавал түргэн бүтнэ гэж Бао Юй нэмж хэлэв.
Тэр хоёрыг ийн хэлэлцэн тохирч байх үес зул, дэн барих цаг болсон тул гарч ирвэл нөгөөдүүл тоглоцгоож байв. Хэн хожиж, хэн нь хожигдов гэдгийг шүүж үзсэнд Ёу хатан Чинь авхай хоёр хожигдож нөгөөдөр тэднийг хооллуулахаар болж, энэ удаа оройн хоолоо идэцгээв.
Харанхуй болсон тул Ёу хатан: “Чинь агийг хоёр эрэгтэй хүнээр хүргүүлсүгэй” гэж тушаав. Бэрүүд түүнийг гадагш уламжлаад нилээд удав. Чинь Жун “Явъя” гээд боссонд Ёу хатан: “Хэнийг цуг явуулах юм бэ” гэж асуусанд: “Жяо Даг явуулах гэсэн согтчихоод гадаа хараагаад явж байна” гэв. Ёу хатан, Чинь авхай хоёр “Тийм бол түүнийг уурлуулаад яахав” гэсэнд Фөн Же: “Улс чамайг даанч номхон гэдэг, үнэн юм. Гэрийн хүмүүс үргэлж ингээд байвал яаж болох вэ” гэж ширэв татав. Ёу хатан цөхөрсөн царайтай,
-Чи энэ Жяо Даг мэдэхгүй байна уу. Ноён хүртэл захирдаггүй шүү. Жэнь ах чинь бас түүнийг хайхардаггүй. Учир нь гэвэл, тэр чинь бүр багаасаа элэнц аавыг дагаад гурав дөрвөн удаа цэрэгт мордоод, овоолсон хүүр дотроос элэнц аавыг олоод үүрч ирээд аминд нь орсон юм гэнэлээ. Өөрөө өлсөж өлбөрч байгаа мөртөө идэх юм олдоход эзэндээ авчирч өгдөг. Хэдэн өдөр усгүй хатаж үхэх гэж байж, хагас аяга ус олохоороо эзэндээ уулгаад өөрөө морины шээс уудаг байсан юм гэнэлээ. Энэ гавьяандаа эрдээд, өдий настай болсон үедээ байтугай залуудаа хүнд захирагдаагүй юм. Одоо хэн түүнд үг хэлж зовоох вэ. Харин өдий хөгширсөн мөртөө нэр нүүрээ боддоггүй л юм. Архинд жигтэйхэн дуртай. Согтвол харааж, загнахгүй хүнгүй. Би мэдээчин нарт, түүнд хойшид алба ажил битгий өг, түүнийг үхсэнээр бодвол болно гэж үргэлж захисаар ирсэн атал өнөөдөр тэрүүнд тушаал өгчихжээ гэв. Фөн Же,
-Би яагаад энэ Жяо Даг мэдэхгүй байна. Хаашдаа та нар ухаан муутай байна. Холхон газарт тариа руу явуулахгүй яасан юм бэ гэснээ бидний тэрэг унаа бэлэн билүү гэж асуув. Бэрүүд “Бэлээн” гэв. Тэгтэл Фөн Же босож ёслоод Бао Юйгээ хөтлөөд явав. Ёу хатан болон бусад хүмүүс их танхимын өмнө гарч үдэн мордуулахад дэн зул туяаран гялалзаж, зарц хөвгүүд тавцан дээр номхон зогсож байв. Энэ үед өнөө Жяо Да, Жя Жэнийг гэртээ байхгүйг мэдээд, ерөнхий мэдээчин Лай Эрийг зүхэж:
-Шударга биш. Хатуугаас айж зөөлнийг нугална. Сайн ажилд өөр хүнийг томилж, ийм харанхуй шөнөөр хүн хүргэх болохоороо намайг томилно. Хүний үнэргүй хар монди. Энэ бүхэн ерөнхий мэдээч чиний хийж байгаа ажил гэж аашлаад, энэ Жяо Дагийн эцэг бол нэг хөлөө өргөхөд чиний толгойноос чинь баахан өндөр гэдгийг чи бодож үзээгүй юү. Хорин жилийн өмнөх Жяо Дагийн эцэг, чиний хэнийг чинь тоож харах байсан бэ. Та нар шиг муусайн бутач хүүхдүүд миний өмнө юу болох юм бэ гэж зүхэж байтал Фөн Жэгийн тэрэг дөхөн ирсэнд, хүмүүс “боль” гээд байхад тоохгүй байхаар нь Жинь Рун тэсгэл алдан: “Наадахаа хүлээд хая. Маргааш сэргэсэн хойно нь, амьтайгаа байх уу, үгүй юү гэдгийг нь асуу” гэж зандрав. Жяо Да, түүнийг юү гэж ойшоох вэ дээ. Улам чанга бархирч Жинь Рун ий өөдөөс: “Рун агиа, чи Жяо Дад эзэн зан битгий гарга. Чи байтугай эцэг чинь, өвөг чинь ч надад шил зааж чадахгүй. Энэ Жяо Да байгаагүй бол та нар ноён сууж, баян эрхэм явж чадах уу? Өвөг дээдэс чинь, үхэл мөхөл дундуур энэ гэр орон, хөрөнгө хогшлыг олж байгуулсан атлаа одоо миний ачийг хариулахгүй харин надад эзэн хүний хатуу шил заана гэнээ. Надтай өөр юм ярихгүй бол яамай. Дахиж үг дуугарвал чамд хутга мэсний амтыг үзүүлнэ” гэж заналхийлгэв.
Фөн Же тэргэн дээрээс “Энэ хууль ёсгүй, малыг эртхэн зүгийг нь олохгүй бол юу хийнэ. Ийм юмыг гэрт байлгавал хорын үндэс болно шүү. Ах дүү, садангууд мэдвэл, манайхныг ядаж ёс дүрэмгүй юм гэнэ шүү” гэсэнд Жинь Рун: “Тэгнээ” гэж шууд зөвшөөрөв.
Хүмүүс түүний дэндүү зэрлэг аашлахыг хараад жигшиж байтал хэдэн хүн ирж, түлхэж татан зайлуулж унагаад хүлж морины пин рүү чирч одов. Мөнөөх эр улам хэгжүүрхэж Жя Жэний нэрийг хүртэл хэлж, эрээн мяраанаар бархирсаар: “Сүмд очиж гомдол мэдүүлнэ. Өнөөдөр эдгээр адгуусыг сөрж гарна гэж байхгүй. Өдөржин хуял тачаал үйлдэж бэрдээ орох нь бэрдээ орж, бэргэндээ орох нь бэргэндээ орно. Би та нарын юуг мэдэхгүй вэ? Бид чухамдаа тохой шалбаравч ханцуй дотроо гэдгээр л явж ирсэн” гэж тэнгэр газаргүй хашгирахыг сонсоод зарц нарын сүнс зайлж барьж хүлээд, аманд нь шороо, адууны хомоол чихэв. Фөн Же, Жинь Рун хоёр холоос харсан боловч хараагүй болж, сонссон боловч сонсоогүй болж өнгөрөв. Тэр бүхнийг тэргэн дотор сонссон Бао Юй: “Эгчээ, тэр “Бэрдээ орно” гэдэг юу гэсэн үг вэ” гэсэнд цаадах нь сандран “За за дуугүй бай. Тэр бол согтуу мал. Түүний амнаас сэвс л үнэртэнэ. Чи ийм амьтан байгааг урьд нь мэдээгүй ч гэсэн, одоо үзсэнийх сайн ухаарч ав. Харин Тайтайд хэлэх юм бол чи занчуулна шүү” гэсэнд Бао Юй айгаад “За эгч минь, би дахиж тийм юм асуухгүй” гэж амлав. Эгч нь аргадангуйгаар “Миний сайн дүү хариад Лао Тайтайд хэлээд Чинь Жунийг гэрийн сургуульд оруулж ном үзүүлье. Энэ л чухал” гэв. Тэд ийн ойр зуурын юм ярилцсаар Рун фүд хүрч ирэв. Үүнээс хойш юу болохыг мэдье гэвэл дараах бөлгийг үзэгтүн!
Тайлбар:
Жилийн доор шинэ идээ-Жимс, загас, сам хорхой мэтийн улирлын чанартай шинэ сайхан идээний зүйл.
Бисман тэнгэрийн наз хөвгүүн-“Сахиулсан өргөмжилсөн шаштир” номд гардаг домгийн хүн. Эхээсээ төрмөгц лусыг түйвээсэн гэдэг домогтой.
Эрхэм шилдэг шалгагдав-Энэ бол нэгэн зүйл бэлгэт зураг. Зарим нь шууд эрхэм шилдэг шалгагдав гэсэн үсэг бичиж, зарим нь морь унаж, алтан хуар зүүсэн хүний зурагтай байдаг.
Журмын сургууль-Хуучин нийгмийн зарим өглөгч буянт хүний байгуулсан, сурлагын төлбөр авдаггүй сургууль. Хэрэг дээрээ цөм баян хэргэмтний үр хүүхдийг авч тэдний хойчийн залгамжлагчдыг сургаж хүмүүжүүлдэг сургууль юм.
Холбоотой мэдээ