Эверестэд ганцаар авирахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2017.12.31-нд нийтлэгдсэн

Эверестэд ганцаар авирахыг хориглов

Эверестэд ганцаар авирахыг хориглов

Балбад уулын осолдох явдлыг бууруулах үүднээс ганц нэгээр ууланд авирахыг, ялангуяа Эверестэд авирахыг хоригложээ.

Ууланд авиралттай холбоотой шинэ хуульд хөл гаргүй, хараагүй хүмүүсийг эрүүл мэндийн магадлагаагүйгээрээ дэлхийн хамгийн өндөр оргилд авирахыг хориглосон байна.

Балбын аялал жуулчлалын газрын албаны хүний тайлбарласнаар энэ хуулийг уулчдын аюулгүй байдлыг хангах, осол эндэгдлийг бууруулах зорилгоор гаргасан гэнэ. Энэ онд Эверестэд авирах гэж яваад амиа алдсан уулчдын тоо урьд жилүүдийнхээс нэмэгдсэн юм. Ууланд авирагчдын  тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдэхийн хэрээр осол эндэгдэл ч тэр хэрээр нэмэгдэх болсон байна. Энэ улиралд Эверестэд авирах гэж байгаад зургаан уулчин амиа алдсаны дунд 85 настай хүн байжээ. Тэрээр дэлхийн хамгийн өндөр оргилд гарсан хамгийн өндөр настай хүн болохоор зориг шулуудсан байсан гэнэ.

Шведийн нэрт уулчин, “Швед машин” хочтой Уили Стек мөн Гималайн бас нэгэн оргилд гарахаар ганцаараа авирч байгаад амиа алдсан юм.

Балбын шинэ хуульд мөн уулчдыг заавал газарчинтай явах ёстой гэж заасан байна.  Тус хуульд хөл гаргүй, хараагүй хүмүүсийг ууланд авирахыг хориглосон нь зарим уулчдын зүгээс шүүмжлэлтэй тулгарчээ.

Афганистанд үүрэг гүйцэтгэж байхдаа хоёр хөлөө алдсан нэрт уулчин Хари Буда Магар цахим хуудсандаа Балбын шинэ хуулийг ялгаварлан гадуурхсан, шударга бус хууль гэж шүүмжилжээ. Тэрбээр мөн “хууль тогтоогчид ямар ч шийдвэр гаргасан би Эверестэд авирна. Боломжгүй зүйл гэж үгүй” хэмээн бичсэн байна.

1920 оноос хойш Эверестэд 200 гаруй уулчин амиа алдсаны дийлэнх нь 1980-аад онд  тохиолдсон юм.

Амиа алдсан уулчдын 29 хувь нь цасан нурангид дарагдсан бол 23 хувь нь өндрөөс унасан байдаг ажээ. 

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж