Шинэ цагдан хорих ангитай танилцав

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Шинэ цагдан хорих ангитай танилцав

 Ази Номхон Далайн Чуулганы ахлах зөвлөх Крис Сидоти, Бангкок дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Ази Номхон Далайн Бүсийн эрх зүйн шинжээч Жоханна Канингхам, Палестины Хүний эрхийн Комиссын гүйцэтгэх захирал Ранда Синиора нар Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнуудын хамт энэ сарын 9-нд ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангитай танилцжээ. Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах тус цагдан хорих анги нь өнгөрсөн дөрөвдүгээр сард ашиглалтад орсон байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс эрүү шүүлт нь хүний эрхийн зөрчил болохыг нийгмийн ухамсарын төвшинд ойлгуулах зэрэг нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар явуулж ирсэн. Тухайлбал, “Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий, хүний нэр төрийг доромжлон харьцах шийтгэхийг хориглох нь” сэдэвт олон нийтийн нээлттэй хяналт шалгалтыг 2005-2006 онд улсын хэмжээнд явуулсан нь Монгол Улс НҮБ-ын Эрүүдэн Шүүхийн эсрэг Конвенцид нэгдсэнээс хойш энэ чиглэлээр хийсэн анхны томоохон ажлын нэг байсан аж.

Комиссын Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2006 оны илтгэлд эрүү шүүлтийн нээлттэй хяналт шалгалтын үр дүнг жишээ баримттайгаар ил гарган тавьж, уг асуудлыг  олон нийт, хууль хяналтын байгууллага, шийдвэр гаргагчдын анхаарлын төвд хүргэсэн байна. Үүний үр дүнд цагдан хорих шинэ байр бариулах хөрөнгийг улсын төсөвт  тусгуулж чаджээ.

Энэ бүхний нэг бодит үр дүн нь хүний эрүүл мэндийг хохироохуйц хуучирч муудан мөөгөнцөртсөн, чийг ихтэй, агааржуулалт муутай, зай талбай багатай хуучин цагдан хорих байрыг жагсаалаас хасч, шинэ байранд нүүлгэн орууллаа. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд нь тус хорих ангид албан өрөөтэй болж, хүний эрхийн зөрчил, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, байрлан ажиллах боломж бүрдсэн байна. Ашиглалтад ороод дөрвөн сар гаруй хугацааг үдэж байгаа тус цагдан хорих ангийн байрны орчин нөхцөл нь эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн эрхийг тодорхой хэмжээнд хангасан болохыг олон улсын хүний эрхийн байгууллагын шинжээч, төлөөлөгчид сайшаан тэмдэглэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж